25 April 2020
10 mins read
159k Views
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн хүдэр авахаар гэрээ хийсэн Хятад иргэнийг залилж, хуурамч бичиг баримтаар 1.2 сая доллар завшсан хэрэгт холбогдсон Г.Буяндорж хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд эхнэр МУГЖ Т.Ариунаагийн хамт суулт зарлаж олныг шуугиулаад байсан бол одоо тэрээр ахин гудамжинд гарсанаа сүр дуулиантайгаар зарлалаа.Гэвч тэрээр хохирогч мөн үү эсвэл өөрөө бусдыг хохироогч уу ? Сонгуулийн өмнөхөн хууль бусаар ажилласан прокуроруудыг шалгуулна хэмээн тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод баримт гэх дугтуй гардуулж, сүржин мэдэгдэл хийж байсан Г.Буяндоржийг шүүхээс цагаатгасан гэх мэдээлэл цацагдаж, олон нийт цагдаа, прокурор, шүүх хууль бусаар ажиллажээ гэцгээгээд намжсан. Харин Г.Буяндорж өөрийгөө цагаадсан, хууль бусаар цагдан хоригдсон гэж мэдэгдсэн ч шүүхийн процесст тус хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй. Тэгвэл түүнийг чухам ямар хэрэгт холбогдуулсан бэ “Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” компанийн захирал, Г.Буяндорж, нутгийн ах Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Хурцаа нар нь төмрийн хүдэр авахаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн хятад иргэн Шиан Дун Шэний хоёр сая доллароос 1,2 саяыг нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан гэх хэрэг 2011 оноос шалгагдаж эхэлсэн. Хохирогч хятад иргэнийг Монголд анх ирэхэд нь Хурцаа нь Буяндоржтой уулзуулж Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй төмрийн гэрээ хийхэд зуучлан ажиллах, зуучлалын хөлс өгөхөөр харилцан тохирч. Гэрээний нөхцлийн дагуу төмрийн хүдрийн үнээс хоёр сая долларыг нийлүүлэгчийн дансанд шилжүүлсэн. Энэ үед хятад иргэн болон зуучлагч нарын хооронд маргаан гарч хятад иргэн хөлсөнд 500 мянган доллар өгнө гэхэд зуучлагч нэг саяийг нэхсэн. Монгол зуучлагч нь нийлүүлэгчтэй төмрийн хүдрийн гэрээ байгуулсны дараа хөлсөө авна гэхэд хятад иргэн хүдэр ачуулсаны дараа л өгнө гэх мэтээр маргалджээ. Зуучлагч хөлсөө урьдчилж өгөхгүй бол нэг ч тонн хүдэр ачигдахгүй гэсэн тул 60 мянган долларын урьдчилгаа өгсөн гэж Хятад иргэн мэдүүлсэн байдаг. Энэ зуур нийлүүлэгчийн байдлаас шалтгаалаад гэрээт төмрийн хүдэр ачигдахгүй байсан бөгөөд Хятад иргэн хүлээсээр залхаж нутаг буцахдаа орчуулагч Хурцаад компанийхаа тамгатай хоосон бланк гурвыг үлдээжээ. Зуучлагч нар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс хүдрээ хэдэнтээ нэхээд эцэст нь мөнгөө буцааж авахаар шийджээ. Хүдрийн эзэн хятад иргэн Шиан Дун Шэн нь хоёр сая доллароос 1,2 саяыг нь авахыг Монгол зуучлагчдаа зөвшөөрсөн болж таарч нийлүүлэгч ч гэрээгээ цуцлажээ. Ингээд өнөөх бланк дээр хүсэлт бичээд төмрийн хүдрийн үнэнд шилжүүлсэн мөнгөнөөсөө 1,2 сая долларыг “Скай тауэр Энхбуян” компаний дансаар буцааж авсан бөгөөд энэ компанийн захирал нь Ч.Ууганбаяр хэдий ч Г.Буяндоржийн мэдлийх .Хэрэг явдлыг мэдсэн хятад иргэн Монголд ирэнгүүтээ цагдаад хандсанаар олон жилийн маргаан эхэлсэн байдаг. Мөнгө ч үгүй, төмрийн хүдэр ч үгүй үлдсэн Хятад иргэн нутагтаа очоод хуулийн хариуцлага хүлээж хоригдсон гэх мэдээлэл ч бий. Ингээд өнгөрсөн жил буюу 2020 онд Монгол Улсад дахин ирж, мөнгөө олж авахаар хөөцөлдсөнийг нь Г.Буяндорж “Хятад иргэнийг монголын прокурорууд өөрсдөө авчирсан”хэмээн Монгол төрөө хуулийн байгууллагатай нь хамт гүтгэж эхэлсэн бөгөөд тэр гүтгэлэг нь өнөөдөр ч үргэлжилсээр байна. Мөн Г.Буяндорж хэргийг 10 гаруй жил шалгаж, залхаан цээрлүүлсэн гэх асуудал ярьдаг ч хэрэг явдал 2017 онд прокурорт шилжин ирсэнээс хойш хэргийн мөрдөн шалгалтын ажил удааширсан нь иргэн Г.Буяндоржийн өөрийнх нь гаргасан гомдлуудаас ихэвчлэн шалтгаалсан байдаг. Г.Буяндорж нарын тухайд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч хуулийнхан гэмт хэргийн аргаар ашиг олсон гэж үзсээр байгаа. Учир нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэрхэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоогийн байдлаар Г.Буяндорж нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоолыг цуцлагдсан хэвээр байгаа.Энэ хэргийг хэлэлцсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны хоёрдугаар сарын 27-ны 97 дугаартай тогтоолд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний нэг талын төлөөлөгч Шиан Дуншэнийг төлбөрөө буцаан нэхэмжилсэн мэтээр хууртагдаж, төөрөгдсөн нөхцөл байдал үүссэн байхад Шиан Дуншэн, эсхүл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хэн нь энэ үйлдэлд хохирогчоор тогтоогдох талаар ямар нэг үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэж анхан шатны шүүхийг буруутган, энэ асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн.Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ дээд шатны шүүхүүдээс гарсан дээрх шийдвэрийг үл хайхарч, тухайн асуудлаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэмээн дүгнэж дахин хэлэлцүүлэхээр болсон . Уг хэргийн шүүх хурал цаг хугацааны хувьд нэгэнт тулж ирсэн тул нэгэн эрхэм ийнхүү суулт, өлсгөлөн, тэмцэл рүү шилжсэн бололтой.Гэсэн хэдий ч тэдний тэмцлийг төр анзаарч МУ-ын ерөнхий прокурортой уулзаж асуудлаа танилцуулахад нээлттэй хэмээгээд байна. Харин хохирогчийн дүр эсгэж төр засаг хуулийн байгууллагаа гүтгэж суугаа Г.Буяндорж нь хувийн батлан даалтад байх хугацаандаа ийнхүү хэд хэдэн удаа гудамжинд гарч өрөвдүүлэх тактик ашиглах болжээ. Иймд түүнээс өөрөөс нь болж жинхэнэ хохирсон иргэд өөртэй нь ижил тэгш аргаар тэмцэнэ гэдгээ илэрхийлж энэ удаад түүнийг батлан даалтанд гаргаж гүтгэлэг явуулах боломж нөхцөлөөр хангаж байгааг нь таслан зогсоохын тулд таслан сэргийлэх арга хэмжээг авч өгөхийг шаардаж эхлэн прокурорын байгууллагад шаардлагыг хүргүүлээд байна.Энэ асуудлаар бид тухай бүрт нь мэдээлсээр байх болно.