25 April 2020
10 mins read
159k Views
АН-ынхан өнөөдөр “Одоо боллоо” уриатай жагсаал зохион байгууллаа. Гэхдээ энэ жагсаал нь АН-ынхан УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулахын тулд нэр дэвшигчдээ ядаж намынхаа нэр хүндээр гаргаж ирэхийн тулд иргэдийн нэрийг барьж ийнхүү цар тахлын хүнд цаг үед төв талбайд иргэдийг турхиран цуглуулсан байж болзошгүй нөгөөтэйгүүр тус жагсаал цаанаасаа санхүүжилттэйгээр жагссан ч байж болзошгүй болчихлоо. Учир нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намын гишүүдээ хандив өгч, мөнгө босгохыг уриалсан нь олон нийтийн цахим сүлжээнд ил болсон. Тэрээр намынхаа дотоод хэрэгцээний сүлжээнд “Сайн байцгаана уу, нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өргөхийг гишүүдээс хүсч байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхний анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэж бичжээ. Энэ нь өнөөдрийн жагсаалын гол зорилго нь цар тахлын эсрэг хангалттай сайн ажиллаагүй учраас иргэд эрүүл мэндээрээ хохирч, эдийн засгийн хүнд байдалд орсныг шүүмжилж, эсэргүүцэл, дуу хоолойгоо нэгтгэх гэж байна аа хэмээн өмнөтгөлүүд дээрээ сүржин мэдэгдсэн худал болохыг нотлочихлоо. Б.Пүрэвдорж гишүүний “Илчилснээр” АН-ынхан ард иргэдийг улстөрийн зорилгодоо ийнхүү ашиглачихлаа. АН-ын дарга нарын нэг М.Тулгат "Жагсаалд ард иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн, үйлчилгээний салбарынхан дуу хоолойгоо хүргэхээр ирээд байна" хэмээсэн нь ч худал ташаа болж гишүүний алдагдсан үгсээс ажиглахад дүүргийн үүрүүд мөнгө, санхүү босгон гишүүдээ авчран жагссан болж таарч байна. Харин тус жагсаалын санхүүг Б.Пүрэвдорж гишүүн гардан гүйцэтгэж байгаа бол түүнд санхүү мөнгөний асуудлын зэрэгцээ саяхан алдагдсан мэдээллийнхээ задруусан эзнийг олж илрүүлэх ажил шинээр нэмэгдэж байх шиг байна. Ардчилсан намаас үе үе жагсаал цуглаан зохион байгуулдаг. Гэвч эдгээр жагсаал цуглаан нь төлбөртэй, цай хоол тарааж өгдөг тусгай багтай, гишүүдээ цуглуулах холбогчидтой, олон нийтийн сүлжээнд уриалга явуулдаг тусгай багтай болох нь яаж ийж байгаад ямар нэг баримтаар ил болж ирсэн байдаг. Монголын улс төрд өнөөдөр сөрөг хүчний орон зай дутаж байгаа ч энэ орон зайг парламентад бүлэгтэй АН нөхөж чадахгүй байна. Тус намынхан уламжлалт мөнгөний хүчээр жагсаал хийх аргаасаа ч татгалзаж чадахгүй шившигтэйгээ энэ мэтээр хутгалдсаар байхад сөрж зогсох сөрөг хүчин гэж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүйг энэ мэт ичгэвтэр байдлууд нь нотолсоор байгаа юм.