АХМАДУУДАА АДЛАЖ , ТЭТГЭВЭРИЙН АСУУДЛЫГ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЛГҮЙ ӨНГӨРӨХ ҮҮ

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, энэ сард УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан. Нийт 40 гаруй хууль, тогтоолын төслийг оруулсан хэлэлцэх асуудлын дараалалд ахмад настнуудын тэтгэвэртэй холбоотой хоёр чухал хуулийн төсөл багтсангүй.

Эхнийх нь өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард өргөн баригдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, хоёр дахь нь өнгөрөгч сард УИХ-д өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн төслүүд багтсангүй.

Эхнийх нь өндөр настны тэтгэврийг НДШ төлсөн дараалсан долоон жилийн дунджаар тогтоохоор хуульд оруулсан 2018 оны өөрчлөлтийг буцааж, дараалсан таван жилийн дунджаар тэтгэврийг тогтоодог болох, хоёр дахь нь 2018 оноос хойш шинэ хуулиар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг буцаан олгоход чиглэгдсэн байв.

Тэтгэвэр тогтоохдоо НДШ тасралтгүй төлсөн таван жил буюу 60 сарын дундаж цалингаас хувь тогтоодог байсныг өөрчилж дараалсан долоон жил буюу 84 сарын дунджаар тэтгэврийг тогтоодог болсон. Үр дүнд нь тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 100 мянга орчим төгрөгөөр буурсан дүн гарсан.Энэ нь тэтгэвэр тооцох хугацаа уртсах тусам тэтгэврийн хэмжээ буурдаг гэдгийг нотолгоо юм.  

Тиймээс долоон жилийг таван жил болгож бууруулсан тохиолдолд (үнэндээ бол хуучин байсан хэмжээнд нь авчирна)  2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх хуулиар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг буцаан олгох, тэтгэврийн хэмжээг дахин тогтоох асуудал үүсэх байв. Тиймээс сүүлд өргөн барьсан Дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2018 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон 84.861 иргэний тэтгэврийн зөрүүг олгох, өндөр насны тэтгэврийн шинэчлэн тогтоох асуудлыг зохицууна.Харамсалтай нь яг одоо 2022 оны төсвийн тухай хуультай хамт, зэрэгцүүлээд хэлэлцээд явах ёстой, цаг үеийн яаралтай асуудал байсан ч УИХ, Засгийн газар энэ хуулийн төслүүдийн хажуугаар нүдээ аниад өнгөрөх гэж байгаа бололтой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.