Тэтгэврийн зөрүүг нүдээ ширгэтэл хүлээсээр хорвоог орхиж байна

Манай улсад 320 гаруй мянган ахмад настан байдгаас ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон.Ийнхүү тухайн үеийн ханшаар тооцогдож одоогоор 350 мянган төгрөгийг гар дээрээ авдаг аж.

Ахмадын тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнийн инфляцийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхийг тэд төрөөс удаа дараа шаардаж байгаа.Буурлууд маань чихэр горьдсон хүүхэд шиг  дорвитой арга хэмжээ авахыг нүдээ ширгэтэл харуулдсаар эхнээсээ хорвоог орхицгоож байгаа эмгэнэлтэй төрх хэдийнээ бий болоод удаж байна.

Ахмадуудын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар мэдээлэл хийхдээ “Ахмадын байгууллагын гол үүрэг нь ахмад настны эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх, ахмад настнуудтай холбоотой гарсан төр засгийн хууль тогтоомжийг ахмад настнууддаа хүргэж үйлчлэх зэргээр ахмадуудад чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Монгол улсын нийт 320 мянган ахмад настны ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байгаа. Тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт бол 1990 оноос хойш яригдаж байна. Ялангуяа 2001 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хуучны, бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгосон. Ихэнх нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улмаар амьжиргаанд нь хүрэлцэхгүй, маш хүнд байдалтай байна.
1995 оны нэгдүгээр сарын 1-нээс даатгалын шинэ тогтолцоог гаргасан. Тухайн үед дээрх хуулийг хэрэгжүүлэхдээ 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст тогтоосонтой нь ойртуулж, индексийг тогтоох гол зарчмыг нийгмийн даатгалын хуулиудыг батлахдаа шийдвэрлэсэн. Энэ дагуу засгийн газраас зургаан удаа тэтгэврийг индексжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийг төсвийн хүрэлцээ байхгүй гэх шалтгаанаар индексийг бага тогтоосон. Үүнээс үүдэн тэтгэврийн зөрүү арилахгүй байна. Сүүлийн таван жил тэтгэврийн зөрүү гэж сард 20,30 мянган төгрөг нэмж ирлээ. Гэтэл хуулийн дагуу тооцвол нэг хүнд 100-600 мянган төгрөгийн тэтгэврийн зөрүүтэй байгаа.
Хамгийн сүүлд 2014 онд тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор индексийг шинэчлэн тогтоосон. Тухайн үед тэтгэврийн хэмжээ 50-120 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь бодитой арга хэмжээ болсон юм. Гэтэл түүнээс хойш долоон жил ямар ч индекс шинэчлэн батлаагүй, зөрүү нь хуримтлагдаад байна. Улмаар ахмадуудын бухимдал дээд цэгтэй хүрлээ. Ахмадуудын ихэнх нь тэтгэврийн зөрүү арилгахыг хүлээсээр насан өөд болж байна.” хэмээжээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.