“ЭТТ” ХК-ИЙН ТАВАН АЛБАН ТУШААЛТАН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН БАТАЛГААГҮЙГЭЭР САНХҮҮЖИЛТ ГАРГАХЫГ ОРОЛДСОН

Ерөнхий хяналтын сонгсолоор нууцаас ил болсон гэрээнүүдийн талаарх холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл хийв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцаас ил болсон 7 гэрээний талаарх мэдээллийг тус компанийн Бүрэн Эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа.

Тэрбээр танилцуулгын эхэнд, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 онд үүсгэн байгуулагдаж, 2011 оноос эхэлж нүүрсээ борлуулж эхэлсэн. 12 жилийн хугацаанд нийт 86 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Мөн нийт 3.1 их наяд төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсний 54 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төвлөрүүлснийг онцолсон.

Мөн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 тоот тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д холбогдох нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгосныг дурдахын зэрэгцээ  7 гэрээ тус бүрээр товч мэдээлэл хийв.  

Дээрх гэрээнд хэд хэдэн заалтууд оруулсан. Гүйцэтгэгч нь төслийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжүүлэх бөгөөд хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг “Эрдэнэс тавантолгой” ХК нь нүүрс нийлүүлэх гэрээний дагуу, нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө. Хэрэв гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед ханшийн зөрүү үүсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК нь нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар хохиролгүй болгоно.

Тус заалтын дагуу урьдчилгаа төлбөрийн дүнгээс үүссэн ханшийн зөрүүний алдагдал 1,248.9 мянган ам.долларыг “Эрдэнэс тавантолгой” ХК төлөхөөр болсон. Урьдчилгаа 110 сая ам.долларыг “Тавантолгой төмөр зам” ХХК-д шилжүүлсэн. “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноос 60 хоногийн дотор “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д нийлүүлэх нүүрсийг тэргүүн ээлжид тээвэрлэх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулна гэдгийг Ж.Ганбат дарга мэдээлэлдээ онцлов.

Мөн тэрбээр “Загийн усны хоолой, усан хангамжийн төсөл” нь төмөр замтай холбоогүй гэдгийг тодотгоод уг усны төслийн гүйцэтгэгч нь Монголын компаниуд бөгөөд ажил нь 69.7 хувьтай байгаа гэв. Компани уг төслийг нууцдаа оруулсан учраас сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэгчид нь шууд гэрээ байгуулж, энэ төслийг явуулсан асуудал байгааг тодотголоо.

Түүнчлэн далд уурхайн төслийн санхүүжилтийн төсөвт өртөг нь 69.9 тэрбум төгрөгтэй, геологи хайгуулын судалгааны ажил юм. Үүнийг нууцад хамааруулан тендер зарлахгүйгээр гүйцэтгэгчийг сонгосныг Бүрэн Эрхт төлөөлөгч мэдээлэлдээ дурдаад энэ хүрээнд 2022 он 10 сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 20.9 тэрбум төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 10 хоногт багтаан төлөхөөр тусгагдсан. Урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр 10 дугаар сарын 27-нд санхүүжилт гаргах гэж оролдсон “Эрдэнэс тавантойлгой” ХК-ийн холбогдох таван албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт хүргүүлснийг онцлов.

Дараа нь “Тавантолгой-Гашуунсухайт”, “Богдхан төмөр зам” чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой нууцаас ил болсон 2 гэрээ, тэдгээр гэрээнд тусгагдсан төмөр замын өртөг, бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Бүрэн Эрхт төлөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг Австралийн “АЕСОМ” компаниар хийлгэж, 1 тэрбум 68 сая ам.доллартай тэнцэх өртөгтэй байхаар төлөвлөсөн. Тавантолгойгоос хилийн 208 дахь километр хүртэлх урттайгаар анхны ТЭЗҮ-ийг төлөвлөсөн байсныг 2020 онд тодотгоод, хил рүү 233 болтол дөхүүлсэн. Энэ тодотголын хүрээнд гаргасан ТЭЗҮ-ийг 213 сая ам.доллар болно гэж төлөвлөсөн. Ингээд дээрх хоёр ТЭЗҮ-ийн дүнг нэгтгэвэл 1 тэрбум 282 сая ам.долларын төсөвт өртөг болохыг дурдав.

Мөн “Богдхан төмөр зам”-ын төсөл одоогоор зогссон бөгөөд батлагдсан ТЭЗҮ нь 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй. ТЭЗҮ-ийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлын шийдвэрээр баталсан гэв. Үүнийг батлахдаа тунел, эстакадан гүүрийн хэсэгт 734.6 ам.сая доллар, дээд бүтцийн гүйцэтгэлд 328.2 сая ам.доллар, доод бүтэц буюу барилгын ажлын хүрээнд 342 сая ам.долларын өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлууд бий болно гэж байлаа.

Түүнчлэн, энэ ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 100 тэрбум төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Энэ 100 тэрбум төгрөгийг “Тавантолгой төмөр зам” компанид шилжүүлж, ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн зарцуулалт гарсан байв.

“Эрдэнэс тавантолгой” ХК-д 100 тэрбум төгрөгийнхөө 57 тэрбум төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн. 30 тэрбумын ажил гүйцэтгэсэн бөгөөд энэ хүрээндээ 12.6 тэрбум төгрөг нь  хийж байгаа ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа гэдгийг тодотголоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.