Д.СУМЪЯАБАЗАР: 9-Р САРЫН 1-НЭЭС НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДҮҮД СУГАЛААГҮЙГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ ЭЛСЭНЭ

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирдлагуудтай уулзсан.


Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс өнөөдрийн байдлаар 69.729 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр хэвээр. 
Төв талбайд болсон залуусын жагсаалын үеэр ээжүүд хүүхдийг азын сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг энэ байдлыг шүүмжилсэн. Дээрх уулзалтаар Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгон, нийт 200 тэрбум төгрөг босгож, ирэх есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, оршин суугаа хаягийнхаа дагуу цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өгчээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үүрэг чиглэлийг биелүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдсэн бөгөөд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, Засгийн газарт талархаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.