С.АМАРСАЙХАНЫ ХҮҮ ДАХИН ТӨРИЙН САНГААС ЗЭЭЛ АВСАН УУ...

УИХ-ын гишүүн, тэрбумтан, “Оюуны Ундраа” группийн эзэмшигч С.Амарсайхан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Шадар сайдаар томилогдож, тамгаа гардан авч байлаа. Тэрбээр Шадар сайд болмогцоо төрсөн хүү А.Эрдэнэхүслэнгээ  БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байж болзошгүй баримтыг бид ил болгож байсан нь 2021 оны 04-р сарын явдал.

Эргэн санацгаая,  С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээлийг авсан байна.

Уг зээлийг авсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөхөд “Болохгүй нь юу байгаа юм, төлчихнө. Миний хүү өөрөө энэ тэтгэлгийг олсон юм. Би ер нь их олон хүүхдийн төлбөрийг даадаг” гэх агуулга бүхий үгийг С.Амарсайхан шадар сайд хэлж байв.

Олон нийтийн анхааралд өртсөн болохоор Шадар сайд хүүхдийнхээ энэ мөнгийг буцааж төлсөн. Гэтэл энэ талаар Сангийн яам, Боловсролын яам тэр бүү хэл БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан ч мэдэхгүй, мэдээлэл өгөх гэхээр ажил үүрэгт нь хамааралгүй мэт хэдэн бие рүүгээ асуудлыг түлхдэг. Тэгвэл Шадар сайдын хүүгийнх нь авсан 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээл нь түүний нийт сургалтын төлбөрийн 50 хувь гэх мэдээлэл байна. Үлдэгдэл 50 хувийг нь дуулиан гарсантай холбоотойгоор сэмээрхэн олгоод явуулчихсан гэх мэдээлэл байна.

Ингэхээр татвар төлөгч та бидний мөнгөнөөс Шадар сайдын хүүд нийт 54,332 ам.доллар буюу 154,846,200  /нэг зуун тавин дөрвөн сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуун/ төгрөг олгосон болж таарах нь.

Үүнийг нь бид БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас тодруулахад хувь хүний асуудлаар мэдээлэл өгөхгүй хэмээн мэдэгдэв.

Уг нь БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн мэдээлэл та бидний татварт төлсөн мөнгөөр санхүүжигддэг болохоор нээлттэй мэдээлэл гэдгийг хуульчид хэлдэ ч бодит байдал дээр хаалттай хэвээр байж , албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдэд олгогддог болж таарч байна уу ...


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.