НЭГҮҮН МЭДЭЭ
SCHOOL POLICE-ИЙН БИЕД ХАЛДСАН ИРГЭНИЙГ 100 НЭГЖЭЭР ТОРГОЖЭЭ

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягнаас “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талд School police хийж байхад улсын дугаартай машины жолооч зам дээр машинаа байрлуулаад хүүхдүүдийг замаар гарах нөхцөлийг хүндрүүлж, шаардлага тавихад хэл амаар доромжилж, биед халдсан, хаана хандаж шийдүүлэх юм бол” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж иргэн “Э”-ийн бусдын биед халдсан үйлдэлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

МАЛЧДАД ТЭЖЭЭЛИЙН БУДАА ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ

Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 7 бүлэг ажиллахаар замдаа гараад байна. Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдын малчдад шаардлагатай өвс, тэжээл, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, түлш шатахуун, отор нүүдлээр явж буй малчдад хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, орон нутгийн цасанд боогдсон зам давааг чөлөөлөх зэрэг ажлуудыг хийх юм. Тус шийдвэрийн хүрээнд Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК -д хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгох саналыг сайд Х.Болорчулуун Улсын онцгой комисст тавьж, шийдвэрлүүлснээр улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг Улсын онцгой комисстой хамтран өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг тараах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлт хийгдэж эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам отрын штабууд байгуулах, малчдад өвс тэжээл олгох, боогдсон зам, давааг нээх ажлыг хийгээд байсан юм. Мөн малчдын хотноос амьд хонь худалдан авах ажлыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан авч экспортолж байна. Мал, мах худалдан авах ажил цаашид ч үргэлжлэх юм. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч булангийн орнууд руу гаргаад байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн. Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм. Оны эхний нийт малын тоотой харьцуулахадулсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна. Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

1072 ХУВЬЦААНААС ХЭДЭН ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ВЭ?

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилахдаа нэгж хувьцааг 108.7 төгрөгөөр тооцож, тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ийн буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шууд шилжүүлж эхэлсэн. Энэ бол 2022 оны ногдол ашгийн хуваарилалт. Тэгвэл 2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарч, жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны дөрөвдүгээр сард 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дандсанд шилжүүлэх юм. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг тараахаар болжээ. Та хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ? Та эзэмшиж буй хувьцааныхаа тоог 266 төгрөгөөр үржихэд таны авах мөнгөн дүн гарна. Үүнээс ХХОАТ-ын 10 хувийн татвар суутгахыг анхаараарай. Жишээ нь: Иргэн Б 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа тул 285 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Гэхдээ ХХОАТ-ын 10 хувийг суутгаад иргэний дансанд очих мөнгөн дүн нь 256 мянга болох юм. Иргэн Г 750 ширхэг хувьцаатай. Нэгж хувьцааг 266 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 199,500 төгрөг болж байна. Үүнээс татварын 10 хувийг суутгаснаар иргэн Г-ийн дансанд 179 мянган төгрөг шилжих нь. Иргэн А Эрдэнэс таван толгой ХК-ийн 222 ширхэг хувьцаа (сургалтын төлбөрт суутгуулсан, Засгийн газарт худалдсан тул) эзэмшиж байна. Түүний эзэмшиж буй 222 ширхэг хувьцааг нэгж хувьцааны үнэ болох 266 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 59,052 төгрөг болж байна. Үүнээс 10 хувийн татвар суутгаад иргэн А-ийн дансанд 53 мянган төгрөг шилжих юм. Иргэн Ж хувьцаа эзэмшдэггүй. Тиймээс тэр хувьцааны ногдол ашиг авахгүй.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДООС АВЛИГА АВСАН ГЭХ МӨРДӨГЧИЙН ХЭРЭГ ХААГДЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн Сануулахад, түүнийг Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас шалгахдаа өнгөрсөн хугацаанд тайлбар мэдүүлэг аваагүй гэх бөгөөд гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон. Алга болсон гэрчийн мэдүүлэг нь “Мөрдөгч Г.Т нь хэргийн холбогдогчоос сар бүр бэлнээр мөнгө авдаг байсан гэх ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авахыг шаардсан, авлига өгөгч этгээдийг дарамталсан” гэдэг агуулгатай байсан ч ийнхүү нотлох баримт устсан байдаг. ЭХ СУРВАЛЖ:TAC.MN

ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж эхэллээ. Мөн Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна. Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.

УЛААНБААТАР ХОТЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН АНХНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзлаа. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргээс эхлүүлсэн юм. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Гэвч газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч, тэр дундаа хотын төвдөө бүхий л төрийн байгууллага, их, дээд сургуулиуд нь төвлөрсөн нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан болж буй. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар: -Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь буюу 1.7 сая иргэн амьдарч байна. Үүнийг дагаад түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, төлөвлөлтийн алдаа гээд олон асуудал урган гарсан. Эдгээр асуудлыг бодлогын баримт бичгүүдэд тусган, шийдэхийн тулд Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсанаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Улаанбаатар хотод 437 мянган өрх байгаагаас 51 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Иймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо гарсан. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн дээрх хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Түүнчлэн Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 17.7 км метроны ажил эхэлнэ. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Дүүжин тээврийн төслийн ажил гуравдугаар сард эхэлж, ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд эхний шугам ашиглалтад орно. Мөн тойрог хурдны замыг хоёр хувилбараар төлөвлөж байгаа. Эдгээр ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зургаан нүхэн байгууламж байгуулахаар төлөвлөснөөс гурав нь энэ онд ашиглалтад орно. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн нь үр дүнтэй байна. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гуравдугаар сарын 1-нээс дүүрэг рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашид дүүргийн зарим чиг үүргийг хороод руу шилжүүлэхээр төлөвлөсөн хэмээлээ.

24969 ТОНН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

Тавантолгой түлш компани сар шинийн 1,2,3-ны баярын өдрүүдэд шахмал түлшийг тусгай хуваарьт цэгүүдээр дамжуулан борлуулсан билээ. Тэгвэл шинийн 4-өөс эхлэн бүх цэгүүд хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 599 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд тавантолгой түлш ххк нийт 24969 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

МУ-Д 878.5 САЯ ТӨГРӨГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨРТЭЙ “ГУО ХУЙ ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР”, “ГАЛБА-УС”, “ИХБОРЗОН ГОВЬ” ХХК-ИЙН ЯН ФЭНТАОГ ШҮҮХЭЭС 6-Н САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО

Хятад улсын иргэн, манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр”, түүний охин компани болох “Галба-Ус”, мөн “Ихборзон говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ян Фэнтао манай улсын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 878.5 сая гаруй төгрөг төлөх ёстой байсан ч түүнийг нь худал мэдүүлж зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм. Тэрээр “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 онд 1326 болон 2022 онд 2510, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 1874 даатгуулагчийн 2.4 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 619.4 саяыг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой байсан бол “Ихборзон говь”ХХК нь 2022 онд 300, 2023 оны эхний хагас жилд 672 даатгуулагчийн 143.7 сая, “Галба-Ус” ХХК 115.2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байсан гэнэ. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 878.5 сая гаруй төгрөгөө нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулж шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 6000 нэгж буюу зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

ХОЛ ЗАМД ГАРАХДАА МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ!

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхнийг болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, замын хөдөлгөөнд оролцохдоо Монголын улсын замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: Хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүстэй суулгаж хөдөлгөөнд оролцуулах /сэрэмжлүүлэх бичлэг, стикерийг QR SCAN/ Шөнийн цагт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлж хэвших /холын гэрэл жолоочийг 10 секунд зам орчныг бүрэн хянах чадваргүй болгодог QR SCAN/ Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөнд дүрэмд заасан хурдыг баримтлах /хэмжээт хурдыг хэтрүүлж болохгүй QR SCAN/ Нэг удаагийн буруу хандлага насан туршийн гэмшил /QR SCAN/ Дээрх 4 төрлийн анхааруулах зөвлөмжийг Улаанбаатар хотоос гарч буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нэг бүр ухаалаг гар утсандаа QR кодыг уншуулж зөвлөмжийг хэрэгжүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

1 ... 76 77 78 79 80 81 82 83 84 ... 323