ТЭМЦЭГЧДЭД "ШОНХОР ШУВУУД АРАБТ ОЧООД ТА НАРААС Ч ИЛҮҮ АМЬДАРДАГ" ГЭЖЭЭ

Монгол улсын нутаг дэвсгэрээс идлэг шонхор барих, тээвэрлэх, арчлах, гадаад улсад гаргах үйл ажиллагаанд мөрдөх журамд өөрчлөлт оруулах зорилго бүхий санал солилцох уулзалт Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-нд өчигдөр /2024.08.21/ болсон.  

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Манай улсад шонхор шувуу барихтай холбоотой зохицуулалт байхгүй биш байна. Хамгийн гол асуудал нь гадаадын иргэд буюу Арабууд, тэдэнтэй хамт явж буй хэлмэрч, орчуулагчид хууль, дүрэм журамтайгаа танилцдаг уу. Тэр наалт тэмдэг нь хаана байна, хэлмэрч орчуулагч, отгийн байршлыг хэн мэдэж байна. Шонхор шувууг барих үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тавьсан шаардлага үндэслэлтэй байжээ.

Үүнийг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулсан боловч энэ харилцаанд тавьж байгаа хяналт сул. Энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байж. Гадаадын иргэдийн хууль зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа байна гэдгийг танилцуулгаас харсан байх.

Асуудал гарахаар тойрч шуураад дараа нь мартдаг байдлыг эцэслэе. Дараа дараагийн жилүүдэд үндэсний бахархал болсон шонхор шувууныхаа талаар талцаж хуваагдсан байдлыг давтахгүйн тулд анхаарах хэрэгтэй" гэж хэллээ.

Харин анхлан шүгэл үлээж, асуудал бийг илчилсэн иргэдийн төлөөлөл "Эдгээр шувуу чинь Араб улсад очоод бараг та нараас илүү амьдарч байна гэх яриа ч бий. Хамгийн гол нь шонхор шувуу барих зөвшөөрлийг нь олгосон бол улс оронд мөнгө орж ирэх ёстой. Тэгвэл энэ мөнгө хаана байгаа юм бэ. Энэ мэдээллийг ил тод шилэн байлгах, юунд зарцуулагдаж байгааг харуулдаг байх ёстой" гэж байр сууриа илэрхийллээ.

Шонхор шувуу барьж буй этгээдүүдийн эрх, үүрэг:

Зөвшөөрөгдсөн тоо хэмжээгээр зөвшөөрсөн газар нутгаас барих 

Байгаль орчныг бохирдуулахгүй байх 

Гэмтээх, ичээ ухах зэрэг хориглосон аргаар барихгүй

Шонхор барихаас өмнө хууль дүрэм журам, гэрээтэй танилцсан байх

Холбогдох зөвшөөрлийг биедээ заавал авч явах ёстой. 

Отог болон шонхор барих зөвшөөрөл бүхий этгээдийн машин дээр БОУАӨЯ болон Засаг даргаас олгосон тусгай наалттай байх. Энэ наалтыг машин дээрээ заавал наах

Барьж буй шонхорт давхар зүүлт зүүлгэнэ. Энэхүү зүүлтийг БОУАӨЯ-наас олгох бөгөөд агнах зөвшөөрлийн тоо хэмжээ зүүлтийн тоо хэмжээтэйгээ таарах

Отог байгуулах зөвшөөрөл гэрээгээ байгуулна. 

Иргэдийн гар дээрээс шонхор шувууг худалдаж авахгүй байх үүрэгтэй


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.