НЭГҮҮН МЭДЭЭ
АЗИЙН ХАМГИЙН ТОМ ХҮНСНИЙ ҮЗЭСГЭЛЭН “FOODEX JAPAN 2024”-НД МОНГОЛ ОРНЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх бөгөөд уул уурхайн салбар нь эдийн засгийн ихээхэн хувийг бүрдүүлдэг. Иймд уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас гарахын тулд аж үйлдвэрийг төрөлжүүлэх шаардлагтай. Үүний тулд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн менежмент, технологийг нэвтрүүлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн ЖАЙКА нь Монгол Улсын Засгийн газар, МХҮАТ болон Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран 2024.3.5-3.8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “FOODEX JAPAN 2024” үзэсгэлэнд Монгол павильон гаргаж оролцоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. “FOODEX JAPAN” нь Азидаа хамгийн томд орох хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн гэдэг утгаараа хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид цуглан, мэдээлэл солилцож, бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлдэг. Энэ удаагийн Монгол павильонд хүнс үйлдвэрлэлийн салбарын Монголын 5 аж ахуй нэгж үзэсгэлэнгээ гарган оролцож, тус бүр 100-400 аж ахуй нэгжтэй нэрийн хуудсаа солилцож, бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлсэн юм. ЖАЙКА нь Монголоос оролцож буй аж ахуй нэгжүүдэд үзэсгэлэнд оролцох чиглэлээр болон маркетинг, экспортын чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлсэн. Үзэсгэлэнгийн эхний өдөр (2024.3.5 14:00-14:40) зохион байгуулагдсан “Монголын байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн” сэдэвт семинарт Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖАЙКА-ийн бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамура Ко нар оролцож, илтгэл тавьсан юм. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон 5 аж ахуй нэгжийн зүгээс “Худалдааны компани төдийгүй супермаркет, ресторануудад бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулснаар шууд экспорт хийх боломж нэмэгдсэн.”, “Японоос гадна Хятад, Солонгосын компаниудтай бизнесийн яриа хэлэлцээ хийж чадсан.”, “Өөрсдөө ирснээр Японы зах зээлийн талаар илүү ойлголттой болсон” зэрэг эерэг сэтгэгдэл олон байлаа. Мөн энэ удаагийн үзэсгэлэнд Монгол павильон гаргахад зохион байгуулагчаар ажилласан ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн Като Хидео, Дохи Мизүки нарын зүгээс Монголоос бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудлыг дараахь байдлаар харж, зөвлөсөн байна. Японд хэрхэн бизнес хийх талаарх ойлголтоо сайжруулах Японы зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл татам бүтээгдэхүүн хөгжүүлэх Далайд гарцгүй орны тээвэрлэлтийн асуудал Үүнээс эхний хоёр асуудал нь маш чухал асуудал бөгөөд Японтой тогтвортой бизнес хийхийн тулд юуны өмнө Японы талаарх ойлголтоо тэлж, зорилтот зах зээлдээ нийцүүлэх нь чухал гэсэн юм. Мөн “FOODEX JAPAN”-д оролцсоноор Японы зах зээлд нэвтрэх үүд хаалга нээгдсэн гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд хэрэв үнэхээр Японы зах зээлд нэвтрэхээр зорьж байгаа бол Япон хэл, бизнесийн ёс зүйн талаарх ойлголттой байх шаардлагатай. Мөн урт хугацааны хэтийн төлөвийг харж, “Японы зах зээлд заавал гарна.”гэсэн тууштай зорилготой байх хэрэгтэй. “FOODEX JAPAN” нь дөнгөж эхний алхам гэж ойлгож болно. гэж онцоллоо. ЖАЙКА нь цаашид ч “FOODEX JAPAN” болон бусад үзэсгэлэнгүүдэд оролцоход хамтран ажиллах зэргээр Монгол, Японы аж ахуйн нэгжийн бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

ХУЛГАЙЛАГДСАН ӨСВӨР НАСНЫ ОХИДЫГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Увс аймгийн цагдаагийн газарт 2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр "өсвөр насны хоёр охин алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, гурван тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, сэжигтэн 31 настай Б гэгч “Тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна. Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг ЦЕГ-аас анхааруулж байна.

УЛС ТӨРИЙН 27 НАМ, 2 ЭВСЭЛ ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авлаа. Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар 2024 оны 3 дугаар сарын 22-оос 24-ний өдрүүдэд хүлээн авсан юм. Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс /ирсэн дарааллаар/ Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/ Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/ Зүй ёс нам Монгол Шинэчлэлт нам Эх орон нам Ард түмний хүч нам ХҮН нам Монголын либериал ардчилсан нам Иргэний хөдөлгөөний нам Эх орончдын нэгдсэн нам Үнэн ба зөв нам Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам Социал демократ нам Ардчилсан нам Үндэсний эвсэл Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/ Монгол Консерватив нам Дэлхийн монголчууд нам Ардчилал шинэчлэлийн нам Гэр хороолол хөгжлийн нам Бүгд найрамдах нам Их Эв нам Монголын хүний төлөө нам Монголын либериал нам Иргэний зориг ногоон нам Хөгжлийн хөтөлбөр нам Монгол Ардын нам Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/ Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж 4 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулан авна. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

PUBG MOBILE I ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ТАМИРЧИД МОНГОЛД ЦУГЛАРЧ БАЙНА

PUBG MOBILE анхны олон улсын чанартай PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээн аваргуудаа гуравдугаар сарын 24-нд тодруулах гэж байгаа талаар "Цахим И-спорт баг тамирчдын холбоо"-ноос өнөөдөр /2024.03.22/ мэдээлэл хийлээ. PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөнө. Цахим И-спортын тамирчид бэлтгэх холбоогоорооо дамжуулаад Монголд өмнө болж байгаагүй өргөн цар хүрээтэй, олон улсын шинж чанартай тэмцээнийг гуравдугаар сарын 24-нд AIC STEPPE ARENA-д зохион байгуулах бөгөөд и-спорт анх удаагаа сүлд дуутай болсон. Түүнчлэн урилгаар DJ Una, Nene, Ahuna, 290 зэрэг уран бүтээлчид ирэх бөгөөд challenger AKA, Iole Gaming, RÍONA, Coffiin, Xacmoon нар тоглолтуудыг тайлбарлана гэж ЦИСБТХ-ны гадаад харилцаа хариуцсан захирал Д.Билэгт онцолж байлаа. Цахим И-Спорт баг тамирчдын холбооны тэргүүн О.Өнөболд "Манай тэмцээн Монголдоо хамгийн анхны дэлхийн түвшний тамирчид өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлог. Дэлхийн аваргын гуравдугаар байрт шалгарсан баг, Пакистаны аварга 149 баг яг одоо "Чингис хаан" олон улсын нисэх дээр бууж байна. Тэд манай тэмцээнд өөрийн биеэр ирж оролцох хүсэлтэй байгаа илэрхийлсэн учраас олон улсын чанартай тэмцээнээ зохион байгуулж байгаа юм. Жил бүр Улаанбаатар хотноо улсынхаа нэрийг гаргасан тэмцээнийг зохион байгуулж, алсдаа дэлхийд таниулах зорилго өвөртөлж байна. Монголын бүх PUBG MOBILE төрлийн тамирчид оролцоно. 360 багаас шалгараад, гуравдугаар сарын 24-нд топ 16-н баг нь AIC STEPPE ARENA-д финалын тоглолтоо хийнэ. Бид 2018 оноос хойш PUBG MOBILE төрлөөр дагнан тэмцээн уралдааныг Монголдоо зохион байгуулаад өнөөдрийг хүртэл явж байна. Манай холбоо 2022 онд албан ёсоор цахим и-спорт баг тамирчдын холбоо гэдэг нэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Өмнө нь бол жижигхэн өрөө гэж гололгүй тэмцээн уралдаанаа зохион байгуулсны үр дүнд бид Дэлхийн аваргыг Монголдоо авчирч чадсан. Цаашлаад Монгол улсаа төлөөлсөн брэнд тэмцээнтэй болъё гэсэн зорилт тавихын хажуугаар том эрсдэлийг үүрч байгаа юм. И-спорт дөнгөж хөгжиж эхэлж байгаа болохоор Монголчуудын туслалцаа, дэмжлэг маш их хэрэгтэй байна. Спортоор дамжуулаад эх орныхоо нэрийг дэлхийд гаргах боломжтой. Үүнийг нээж өгөхийн төлөө бид тэмцээнийг зохион байгуулж байна. Эвент менежер Б.Анхбилэг " PUBG MOBILE төрөл дэлхий дахинд түгэн дэлгэрч, ихэнх залуучууд түүнд оролцож, тус тоглоомын үнэнч фен нь болсон байна. PUBG MOBILE дэлхийн улс орнууд франчайзын төрлөөр улс эх орондоо өөрийн гэсэн хэв шинжийг агуулсан тэмцээн зохион байгуулдаг юм билээ. Манай улсын хувьд 2023 онд дэлхийн аварга баг төрсөн байдаг. Энэ уламжлалаа дагаад Монгол улсынхаа нэрийг гаргах буюу олон улсын тавцанд гарч, цахим спортыг шинэ шатанд гаргах зорилгоор өөрсдөө PMIC ULAANBAATAR 2K24 тодотголтой тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын жишигт нийцсэн тайз, дэлгэц, дуугаралт зэрэг технологийн дэвшлүүдийг харуулсан байдлаар хийхээр зорилт тавьсан байна. " гэлээ. PMIC Ulaanbaatar 2024 тэмцээний билетийг ЭНД дарж захиална уу! Дашрамд сонирхуулахад, PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээнд зориулан анх удаа сүлд дуу гаргасан бөгөөд Энхбаатар /Чоно/, Батхүү / Fire/, Bo /RecOn/, Don Dior, Agula нар хамтран дуулжээ.

5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МАШИН АВАХААР ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас энэ сарын 30-ны өдөр 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээ арчилгаанд шаардлагатай автомашин худалдан авахаар ТЕНДЕР зарлажээ Тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 5 тэрбум төгрөгөөр 5 багц худалдан авалт хийх аж. Тухайлбал, " БАГЦ 1 Хот нийтийн аж ахуй, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник " - 500,000,000 төгрөг " БАГЦ 2 Хот нийтийн аж ахуйн, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник "- 974,000,000 төгрөг " БАГЦ 3 Хот нийтийн аж ахуй, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник " - 368,000,000 төгрөг " БАГЦ 4 Хот нийтийн аж ахуйн, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник " - 1,064,000,000 төгрөг " БАГЦ 5 Хот нийтийн аж ахуйн, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд шаардлагатай машин техник "- 2,094,000,000 төгрөг

Х.БАТТУЛГЫН "МИЛЛ ХАУС" ГУРИЛЫН КОМПАНИ ХАМГИЙН ИХ БУЮУ 48 ТЭРБУМЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВЧЭЭ

УИХ-аар гурилыг "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ. Энэ үеэр ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүүгийн компани гурилын үнийг тогтвортой барина хэмээн төрөөс хамгийн их буюу 48 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан байна. Х.Баттулга "Милл Хаус"-ын ТУЗ-ийн даргаар ажилладаг. -“Милл хаус” 48 тэрбум, -“Улаанбаатар гурил” ХХК 43 тэрбум, -“Өгөөж гурил” ХХК 37 тэрбум, -“Өег гурил” ХХК 59 тэрбум, -“Дорнод гурил” ХХК 10.5 тэрбум, -“Од групп” ХХК 2,5 тэрбум, -“Хангай миллс” 6 тэрбум, -“Хөвсгөл алтан дуулга”, -“Эрин цагаан”, -“Увс хүнс” компани тус бүр 1 тэрбум төгрөг хүртэлх зээл авчээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 380 ӨРХ БҮХ МАЛАА АЛДАН ХОТ НЬ ХАРЛАЖЭЭ

Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудад малын хорогдол хамгийн их байна. Одоогоор 380 өрх 100 хувь малаа алджээ. Аймгийн онцгой комисс болон мэргэжлийн албаныхан гуравдугаар сарын 21-ны байдлаар 194 малчин иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн 250 өрхөд хоол хүнсний тусламж үйлчилгээ үзүүлж, 1544 өрхөд өвс тэжээлийн хүргэлт хийсэн. Давхардсан тоогоор 256 алба хаагч 85 техник хэрэгсэлтэйгээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ. Хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн байдал зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор 5286 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 5332 өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн 14 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлжээ. Гуравдугаар сарын 15 хүртэл төрийн цэргийн байгууллагийн 703 алба хаагч, 256 тээврийн хэрэгсэлтэйгээр ажилласан. Дотоод хүмүүнлэгийн тусламжийн хувьд 49 иргэн, 120 ААН байгууллагаас гурван тэрбум 372 сая 504 мянга төгрөг, таван иргэн 29 ААН-ээс 908 сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Мөн ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагаас тусламж дэмжлэгийг ихээр үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 3.660.000 ам. долларын хандив ирсэн. Хандив тусламжийг хаваржилт хүндэрсэн аймаг сумдын малчдад тусламж хүргэн ажиллаж байна.

Б.ДУГАРХҮҮ ЭМЧИЙГ ХӨРӨНГӨ ЗАВШСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Зурагт, нийгмийн сүлжээ ашиглан олонд танигдсан эмч Б.Дугархүүг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх гэгдэх түүнд эд хөрөнгө завшсан байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Тэрбээр “Ай ёо брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Ай ёо доктор” хэмээх нэвтрүүлгийг зурагт, олон нийтийн сүлжээгээр цацдаг. Энэ компаниараа дамжуулж Эрүүл мэндийг дэмжих сантай 2022 оны гуравдугаар сард эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулсан байдаг. Улмаар тус сангийн эрх бүхий албан тушаалтнууд уг гэрээг дүгнэсэн акт үйлдэлгүйгээр “Ай ёо брэнд” ХХК-ийг ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байхад нь 278 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь аудитын байгууллагын дүгнэлтээр тодорхой болсон билээ. Тиймдээ ч аудитын байгууллагаас Эрүүл мэндийн яаманд албан шаардлага хүргүүлж байсан юм. Үүний хүрээнд хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байсан, өдгөө дэд сайдын албан тушаал хашиж буй С.Энхболдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Б.Дугархүүгийн компанид давуу байдал олгож, 278 сая төгрөг шилжүүлсэн нь тодорхой болж буй сурагтай. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст С.Энхболдыг шалгаж байгаа бөгөөд яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн ч хараахан шийдвэрлээгүй аж. Хууль сахиулах байгууллагынхан Б.Дугархүүг шалгах явцад Эрүүл мэндийг дэмжих сангаас авсан их хэмжээний мөнгөөрөө автомашин, 9911-тэй дугаар худалдан авсан байж болзошгүй гэнэ. Түүний хувьд Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчдөг нэгэн гэхэд болно. Тодруулбал, эл дүрмийн 4.10-т “Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй, аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохгүй байх”, 4.11-т “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжиж сурталчлах, зарж борлуулахгүй байх” хэмээн заасныг зөрчиж сурталчилгаа явуулсан тохиолдол нэг бус билээ.

ХҮҮХЭД, АХМАД, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ЭМДС-ГААС ОЛГОДОГ ЗАРДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

"Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн дийлэнх хувийг хүүхэд болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулах зорилготой ч өрхийн эмнэлгээс хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ төдийлөн хангалттай бус. Тиймээс хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчин, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багц, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд зайлшгүй үзүүлэх болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээний Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас олгодог тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн" гэж ЭМ-ийн сайд С.Чинзориг мэдэгджээ. Энэ онд өрхийн эрүүл мэндийн төвийн тоног, төхөөрөмжийг сайжруулах зорилгоор нийт 9.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, 5.1 тэрбум төгрөгийг шинээр барих барилгад зарцуулах юм байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжих чиглэлээр ярьдаг ч санхүүжилтийн хувьд дорвитой нэмэгдүүлээгүй байсныг өөрчилснөөр 2019 онд 129 тэрбум төгрөгийг анхан шатны тусламжид зарцуулдаг байсан бол 2023 оны байдлаар 345 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь буюу 2.2 саяд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн 76, нийслэлийн 149 өрхийн эрүүл мэндийн төв байна. Эх сурвалж: ЭМЯ

ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11, өмнөх сарынхаас 1.8 хувиар нэмэгдсэн байна. Хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг болжээ. Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.65 сая төгрөгийн үнэтэй байв.Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

1 ... 70 71 72 73 74 75 76 77 78 ... 323