“НЭГ ЭРҮҮЛ МЭНД”-ИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САЛБАР ХООРОНДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БОЛЛОО

Монгол Улс 1989 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-д, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орны хувьд дээрх байгууллагуудын батлан гаргасан стандарт, удирдамж, заавар, зөвлөмжид нийцүүлэн үндэсний бодлого, хууль тогтоомжийг өөрчлөх, шинээр боловсруулах үүрэг хүлээсэн байдаг.

“Нэг эрүүл мэндийн” зарчмыг хэрэгжүүлэгч “Дөрвөн талт” байгууллагууд хамтран Монгол Улсад “Нэг Эрүүл Мэнд” зарчмыг хэрэгжүүлэх арга хэмжээний хамтарсан төлөвлөгөө боловсруулах техникийн түвшний уулзалт, хэлэлцүүлэг Монгол улсад зохион байгуулагдаж байна.


Тус Дөрвөн талт хамтарсан уулзалт, хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ:


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бичил биетний хувьсал, олон улсын худалдаанд тавигдаж буй хориг, шинээр болон дахин сэргэж буй хил дамнан тархах эрсдэлтэй өвчнүүдийн дэгдэлт зэрэг дэлхийн хэмжээний томоохон асуудлуудтай холбоотойгоор мал эмнэлгийн байгууллага урд өмнөхөөс илүү хүнд сорилтуудтай тулгарсаар байна.

Дээрх асуудлыг даван туулахад Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас дунд, урт хугацааны хөгжлийн бодлогод хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааг тусган, шат дараалласан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлогын хүрээнд бид уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуйг зонхилон, дэвшилтэт технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурин орчимд хөгжүүлэх замаар ашиг шимийн гарц, чанарыг сайжруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улс орнуудын Мал эмнэлгийн байгууллагууд бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа билээ.

“Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй тайван байдлыг баталгаажуулах, ялангуяа чимээгүй тахал гэж нэрлэгдэх болсон бичил биетний тэсвэржилтийн аюул занал учруулах эрсдлийг хамтын хүчээр шийдвэрлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байна.

Цаашид “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын дагуу нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах замаар хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдлыг хангахад салбар хоорондын хамтын ажиллагааны нягт уялдаа холбоо чухал байгааг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгээс харагдаж байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс өндөр ач холбогдол өгч, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалт хэлэлцүүлэгт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Нэг Эрүүл Мэнд (ОН) хэлэлцүүлэг нь хүн, амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн нэгдсэн зарчим бөгөөд нийгмийн эрүүл мэнд, мал, амьтны эрүүл мэнд, хүнс болон хоол тэжээлийн аюулгуй байдал, экосистемийн тогтвортой менежментийг сайжруулах, аюулгуй, шударга худалдааг дэмжих зорилготой юм.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.