"Мэдрэг мазаахай" төслийнхөн 5000 хүүхдэд туслана

Жил ирэх тусам хүнсний мэдрэгшилттэй байх магадлалтай хүүхдийн тоо өсч байгааг лабораторийн судалгаа харуулж байна. Харамсалтай нь хүнсний мэдрэгшил, үл зохицол нь хүүхдүүдийн дунд суурь өвчинд өртөмхий болох нэг чухал нөхцөл болдогийг эцэг эхчүүд тэр бүр мэдэхгүй явсаар хүндрүүлэх нь элбэг.

Тэгвэл “Мэдрэг Мазаахай” төсөл нь нийгмийн өмнө тулгамдаад байгаа энэхүү асуудлыг таниулах, зөв цэгцтэй мэдлэг, дадлаар хангах, цаашлаад цаг алдахгүй оношлох, эмчлэхэд зөв чиглүүлэг өгөх, эцэг эхчүүдийг зохистой дадлаар хангахаар зорьж буй юм. Хүний их эмч, шим тэжээл судлаач, “Та өөртөө хайртай юу?” номын зохиолч Б.Золзаяа өөрийн мэргэжлийн туршлага, тэр дундаа сүүлийн таван жилийн судалгаа, шинжилгээ дата дээрээ үндэслэн тус төслийг санаачлан боловсруулжээ.

Төслийн баг болох 20 гаруй эрдэмтэн, багш, эмч, хоол зүйч, нийгэмд нөлөөлөгчид нэгдэж өнөөдөр “Мэдрэг Мазаахай” төслийн нээлтийг Хан-Уул дүүргийн ИТХ-тай хамтран хийлээ. Төсөл эхний ээлжинд тус дүүргийн 5000 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа аж.


Зөвхөн нэг удаа зөвлөгөө өгөөд өнгөрөх бус 14 хоногийн турш 20 багш мэргэжилтний үнэ цэнэтэй хичээл, зөвлөгөөгөөр цогц мэдлэг авах боломжийг бүрдүүлэн зохион байгуулж байна. Мэдрэг Мазаахай төслийн зорилго нь:

-Хүнсний үл зохицол, глютений мэдрэгшлийн талаар нийгэмд таниулах

-Эрт оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжийг бүрдүүлэх

-Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх

-Хүнсний мэдрэгшилтэй хүүхдүүдийг таних тэмдэгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

-Төрөөс баримталж буй эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын бодлого, чиглэлийг дэмжин ажиллах

-Эмчилгээний хүртээмжтэй байдлыг хангах зэрэг юм. Танай гэрт Мэдрэг Мазаахай байгаа юм биш биз. Тийм бол дараах холбоосоор орж бүртгүүлээрэй. https://forms.gle/VQLcfCRnvoZJrvmt9 Хан-Уул дүүргээс эхэлж байгаа төсөл цаашлаад нийслэлийн бүх дүүргийг хамран аав, ээж асран хамгаалагчдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж төлөвлөж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.