НЭГҮҮН МЭДЭЭ
"E-MONGOLIA"-ГААР ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ

"E-Mongolia" аппликэйшн дэх "Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох" үйлчилгээ шинэчлэгдэж, "Жолоодох эрхийн үнэмлэх захиалах" үйлчилгээ болж өөрчлөгджээ. Үүнд: Шинээр авах Нөхөн авах Ангилал ахиулах Хугацаа сунгах Зөрүүтэй мэдээлэл шинэчлэх зэрэг сонголтууд нэмэгджээ. Үнэлгээний болон эрүүл мэндийн үзлэгийн хуудас, фото зургийг тухайн төвийн шалгуулагчид урьдчилан хүлээлгэн өгснөөр тус платформоор дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхийг захиалах боломжтой юм. Харин жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн авах, жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах, хуучирсан үнэмлэхээ солих бол шууд захиална. Энэ удаагийн шинэчлэлтээр мэдээллээ чагтлаад үргэлжлүүлэх үед иргэний бүртгэлийн мэдээлэлтэйгээ харьцуулан харж болох давуу талтайгаас гадна иргэн жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч регистрийн дугаар болон овог нэр, цусны бүлгийн зөрүүтэй зэрэг мэдээллийг засуулахад үйлчилгээний цэсийн талбар бүрд холбогдох мэдээлэл тэмдэглэлийг оруулснаар зөрүүтэй мэдээллээ засаж, хэвлүүлэн авах боломжтой. Харин цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарлагдсан, бэлэн бус торгуулийн шийтгэлийг төлөөгүй, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хасагдсан, хязгаарлагдсан болон зөрчлийн оноо дууссан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй аж.

НАС БАРСАН ХҮҮХДИЙНХЭЭ МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ХУУЛЬ БУСААР АВЧЭЭ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн А нь нас барсан хүүхдийнхээ сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хуралдаан 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр боллоо.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан Үндэсний хороо нь яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үндэсний хороог Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахалж, орлогч даргаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар, бүрэлдэхүүнд нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Монгол Улсын Шадар сайдын болон Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга нар багтдаг. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд: 1. Олон улсад нэр хүнд бүхий авлигын эсрэг ISO37001:2016 стандартын төрийн өмчит компаниудад үе шаттай нэвтрүүлж, хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх; 2. Төсвийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах, нээлттэй болгох; 3. Төрийн өмчит компаниудын захирал, дарга нарт олгосон цалин, урамшуулал, тэтгэмж, дэмжлэгийг цахим хуудсандаа нээлттэй байршуулах; 4. Төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд авлигын эрсдэлээ үнэлж, авлигын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэн, үнэлүүлж хэвших.

АВТОМАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАНГ УЛСЫН ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОХ БАРААНЫ ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт“ зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль топгоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах болсон. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болжээ. Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болсон талаар тогтоолын төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр үргэлжлүүлэн Улсын Их Хурлын уг тогтоолд нэмэлт оруулах бодит нөхцөл, судалгааг танилцуулсан юм. Үүнд, олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт метал гарган авч худалдаалах хандлага ихээхэн гарч байна. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь эдэлгээ удаантай, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хабрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн бөгөөд иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсзн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл ихэссэнтэй холбоотой гэв. Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсруу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдпаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж. Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ГЕРМАН УЛС МАЛ АМЬТНЫ МАХ ХУДАЛДАХ ШИНЭ ЖУРАМ БАТАЛЖЭЭ

Энэ оноос эхлэн гахай, хонь үхэр, ямаа, шувууны махыг шинэ, хөргөсөн эсвэл хөлдөөсөн байдлаар худалдаанд гаргахдаа тухайн амьтныг өсгөж үржүүлсэн газар болон нядалсан улсыг шошгод байрлуулан зааж өгөх журмыг мөрдөнө. Мөн тухайн амьтны төрөл зүйлээс шалтгаалан өсгөн үржүүлэх хугацаа буюу насыг тус журамд зааж өгөх юм. Дээрх журамд нийцээгүй эсвэл Европын холбооны улсаас гадна гуравдагч орны махны талаар мэдээлэл авах боломжгүй тохиолдолд худалдаанд гаргахгүй. Түүнчлэн германд хоёр өөр амьтны махыг холин татаж нэг пакет болгон зардаг жишээ нь үхэр гахай, тахиа гахай гэх мэт энэ тохиолдолд баглаа боодол дээр өөр өөр мэдээллийг жагсаасан байх ёстой.

УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ УЛС ТӨРИЙН 27 НАМ, 2 ЭВСЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХААР ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ ИРҮҮЛЖЭЭ

Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд хүлээн авсан юм. Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрсийг ирсэн дарааллаар нь авч үзвэл: -Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/ -Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/ -Зүй ёс нам -Монгол Шинэчлэлт нам -Эх орон нам -Ард түмний хүч нам -ХҮН нам -Монголын либериал ардчилсан нам -Иргэний хөдөлгөөний нам -Эх орончдын нэгдсэн нам -Үнэн ба зөв нам -Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам -Социал демократ нам -Ардчилсан нам -Үндэсний эвсэл -Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам -Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/ -Монгол Консерватив нам -Дэлхийн монголчууд нам -Ардчилал шинэчлэлийн нам -Гэр хороолол хөгжлийн нам -Бүгд найрамдах нам -Их Эв нам -Монголын хүний төлөө нам -Монголын либериал нам -Иргэний зориг ногоон нам -Хөгжлийн хөтөлбөр нам -Монгол Ардын нам -Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/ юм. Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд ирэх сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, тухайн сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, зөрчлийг засуулах юм. Үндэсний аудитын газар ирэх сарын 26-нд нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

МАРГААШНААС ШОРООН ШУУРГА ШУУРНА

Маргааш буюу гуравдугаар сарын 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Харин 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах аж. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27, өдөртөө -5-10, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18, өдөртөө 0-5 градус байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.

МОСКВА ХОТЫН “КРОКУС”-Т БОЛСОН ХАЛДЛАГАД АМИА АЛДСАНЫ ХҮНИЙ ТОО 137-Д ХҮРСЭН БАЙНА

Мөрдөн байцаах хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, Москва мужийн Красногорск хотын "Крокус сити холл" цогцолборын концертын танхимд болсон халдлагын улмаас амиа алдсаны хүний тоо 137-д хүрсэн байна. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 62 цогцос хэнийх болохыг тогтоожээ. Москва хотын Басманный дүүргийн шүүх террорист халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй дөрөв дэх хүн болох Мухаммадсобир Файзовыг тавдугаар сарын 22 хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ. Шүүх хурлыг хаалттай явуулжээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, Файзов концертын танхимд үйлдсэн халдлагыг дүрс бичлэгт буулгасан байна. Террорист халдлагад буруутгагдаж буй Далержон Мирзоев, Саидакрами Рачабализода, Шамсидин Фаридуни, Файзов гэсэн бүх дөрвөн хүнийг шүүхээс урьдчилан хорих ангид шилжүүллээ. Файзов нь Тажикистан улсын иргэн, 2004 онд төрсөн, дунд боловсролтой, ажилгүй, өмнө нь Иваново хотод үсчнээр ажиллаж байсан, тэнд бүртгэлтэй нэгэн аж. Шүүгчтэй харилцахын тулд түүнд орчуулагч хэрэгтэй болсон байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН ТӨВӨӨС БАРУУН ЗҮГТ 65 КМ ЗАЙД ХӨНӨГ ХЭМЭЭХ ГАЗАРТ 4.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс өдрийн 17:50 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн бөгөөд Жинст сумын удирдлага болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй хэмээн мэдээлэв. Тухайн бүс нутаг нь газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.22 99.78 бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс зүүн урд зүгт 46км, Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун зүгт 65км, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн зүгт 71км-т юм байна. Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж. Тус аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Жинст сум нь 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна. 2023 онд аймгийн хэмжээнд гурван удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Он гарсаар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 2024.01.05-ны 02.51.19 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт 2024.03.05-ны 20.48 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдсэн бол ийнхүү гурав дахь тохиолдол Жинст суманд бүртгэгдэв. Баянхонгор аймаг газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна. Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 км хагарал үүсч байжээ. Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогдох тус газар хөдлөлтийн чичиргээ орон даяар мэдэгдсэн гэдэг. Хүн ам цөөн, тал нутаг байсан учир хохирол харьцангуй бага гэх ч нарийн тоон мэдээлэл байдаггүй аж. Энэ газар хөдлөлтийн уршгаар мал хуй олноор хорогдож, найман хүний амь эрсэдсэн гэдгийг зарим эх сурвалжид дурджээ. Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэхүү өдрөөр газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг хүргэхээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус үйл ажиллагааг сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 34.785 ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.16-аас 03 дугаар сарын 23-ны өдрүүдэд) 34.785 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 435 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 174, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 159, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 62, бусад 12 хэрэг байна. Зөрчлийн шинжтэй 57.049 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 56.817 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 56.105 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 712 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2335, Танхайрах 154, Хүний биед халдах 457, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 247, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 49.874, бусад 3750 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 93 иргэнд 27.900.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 225 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 30, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 73, сураггүй алга болсон хүн 60, шүүхээс даалгасан хүн 21, зөрчил үйлдсэн 19 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Шийдвэрлэсэн хэргээс дурдвал: Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, тухайн алба хаагч гэмтсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий иргэд бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэрдийн галав”-ын үе буюу 66 сая жилийн өмнөх устаж үгүй болсон “Тарбозавр /Tarbosaur bataar/” нэртэй Үлэг гүрвэлийн толгойн ясны хэсгийг буюу соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, бусдад зуучилсан үйлдэлд Б нарын 5 иргэнийг шалгаж, Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь ажлын байрандаа “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 3 төрлийн бодисыг 2023 оны 10 дугаар сараас тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглан үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Иргэн Ө нарын нэр бүхий 3 этгээд бүлэглэн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хууль бусаар ашигт малтмал олборлож, 755.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон бодисыг 2023 оны 05 дугаар сараас мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Иргэн Л нь Увс аймгийн нутаг дэвсгэрт байх Улсын тусгай хамгаалалттай газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийт 18 ширхэг нойтон “Шинэс” модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 5.500.718 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан. Иргэн О нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар 13 ширхэг “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 1.100.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Иргэн А нь Булган аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зөвшөөрөлгүй мод бэлтгэж, 1.011.209 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх: Цахим орчинд энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн. Цахим орчинд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэр бүхий хаягаас “Баахан хужаа хүмүүсийг бие засуулаад явлаа” гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн Б-ийн олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан үйлдэлд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Цахим орчинд 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Хаан банк”-ны урд талын явган хүний зам дээр “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг байршуулсан” талаарх зурагт мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д-ийн “явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Орон сууцны хорооллын гадна талын гудамж талбайд бие засаж, тамхины иш хаяж байгаа иргэд”-ийн талаарх видео мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О, С нарын олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч тус бүрд 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн. Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтаас энэ оны 03 дугаар сарын 14-ний өдөр “................ үйлдвэр ажилчдынхаа усанд ордог өрөөнд камер байршуулсан” гэх мэдээллийг байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хяналтын камер нь ажилладаггүй, ажилчдыг тухайн өрөөнд хог болон бусад эд зүйл хаяулахгүй байх зорилгоор байршуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан (зөрчлийн шинжгүй) үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Заваарсан балиар юм. Цахимаар лайв хийхээрээ зүгээр бурхан тэнгэрийн амьтан шиг л байдаг юм билээ. Яг үнэндээ цонхоороо нус шүлс цэрээ хаяж, татсан тамхины ишээ ч хогийн саванд хийх ухамсаргүй байна. Ямар муухай хоёр нүүртэй юм.” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно. ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

1 ... 69 70 71 72 73 74 75 76 77 ... 323