НЭГҮҮН МЭДЭЭ
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ТОМИЛОГДЛОО

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А95 дугаар тушаалаар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Б.Чагнаадорж нь “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал болон “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харъяа үйлдвэрийн газарт захирлаар ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд шилжин томилогдсон байна. Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь “Монгол улсын Уул уурхайн төрийн өмчит компаниудыг нэгтгэж Үндэсний баялгийн сан байгуулж, хуримтлалыг ард иргэддээ тэгш хүртээх зорилт тавьж буй Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг нэн чухал”… гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн компанийн ашигт ажиллагаа, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд инноваци, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, Төмөртэйн төмрийн хүдрийн ордын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн улмаар хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортод гарах бүтээгдэхүүний ил тод нээлттэй биржийн арилжааг идэвхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, дэд бүтэц, ложистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв. Гүйцэтгэх захирал үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

БАЯР НААДМЫН ҮЕЭР ХҮЙ ДОЛООН ХУДАГ, ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ОРЧИМД 3,184 ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ АЖИЛЛАНА

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас өнөөдөр мэдээллээ. Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг дараах мэдээллийг өгөв. 2022 онд шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-нд Улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-нд зохион байгуулахаар хуульчилж өгсөн байдаг. Баяр наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэв. Үргэлжлүүлэн "Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг орчимд 12,000-18,000 орчим иргэн цугладаг гэх мэдээллийн дагуу наадмын нээлт, хаалтын 10,755 тасалбар болон жуулчны 2,200 тасалбар зарагдсан.

БУТАН, МОНГОЛ УЛС ОЮУТАН ЗАЛУУСАА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАРИЛЦАН ХАМРУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар 2024 оны долоодугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хааны гэр бүл болон Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрбээр 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж буйг өндрөөр үнэллээ. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч түүх, шашин, соёлын биет бус өвийн гүнзгий хэлхээ холбоотойг онцолж, энэ удаагийн төрийн айлчлал өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ахиулан, харилцааны түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон, нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм, эдийн засгийн нийтлэг сорилт, бэрхшээлийг даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахын төлөө гэдгээ нотоллоо. Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын Судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсийн төлөө хамтран ажиллахаар тогтлоо. Энэ удаагийн айлчлалын дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг салбарыг хөгжүүлэх замын зураглал нь болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоогоо ажил хэрэг болгож, оюутан залуусаа тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулахаар шийдвэрлэлээ. Иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх зорилгоор “Go Mongolia” үндэсний брэндийг “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулахаар болов. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо. Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо. Уулзалтын дүнгээр Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд байгууллаа.

Г.ОТГОНТАМИР: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ОРЧИМД ЗӨВХӨН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧИНО

Үндэсний их баяр наадмын үеэр авто замын хөдөлгөөний зохицуулалт, төв цэнгэлдэх болон Хүй 7 худаг орчмын зарим хөдөлгөөний хязгаарлалтын талаар танилцуулав. Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: -"Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7,850 зогсоол бий. Харин Хүй 7 худаг орчимд нийт долоон төрлийн 11,400 зогсоол байршуулсан. Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хязгаарлалтын талаар мэдээлэл өгөхөд Махатма Гандийн гудамж болон Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хязгаарлалт тавьсан. Улаан бүсэд баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Бусад замаар ямар нэг хязгаарлалт хийгээгүй. Хүй 7 орчмын зогсоолын төлөвлөлтийн хувьд нийт долоон төрлийн 11,400 тээврийн хэрэгсэл багтах зогсоолыг шийдэж өгсөн. Мөн баяр наадмын комиссоос шороон талбайд байрлах 5,000 зогсоол нэмж олгосон. Нийт долоон төрлийн зогсоолын зөвшөөрлийг A, Д, К, Ж, Ү, Г, М зэргээр ялгасан. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "А" зөвшөөрлийн байршилд "Naadam center"-ийн зогсоол хамрагдаж буй бол "Д" зогсоол нь цэнгэлдэхийн хойд талын "Од" группийн зогсоол хамрагдаж байна. Хүй 7 худагт "A" болон "Ж" зогсоолын хэсэг нь уралдаан болох цэгийн баруун урд хэсэгт байрласан. "Ү" зөвшөөрөлтэй бол E-Mart худалдааны төвийн зогсоолд зогсох боломжтой бөгөөд Хүй 7 худагт замынхаа зүүн талд байршина. Иргэдэд анхааруулахад тусгай зөвшөөрлийг цагдаагийн алба хаагч болон хяналтын камерт харагдахуйц газар байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе. Мөн зөвшөөрөл шаардахгүй үйлчлэх бусад зогсоолын төлөвлөлтийг гаргасан. Төмөр замын зогсоол (600 тээврийн хэрэгсэл) Улаанбаатар төмөр замын зогсоол (400 тээврийн хэрэгсэл) Мишээл экспо зогсоол (400 тээврийн хэрэгсэл) Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (500 тээврийн хэрэгсэл) Нарантуул захын зогсоол (2000 тээврийн хэрэгсэл) Дүнжингарав зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)-д машинаа байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой. Мөн долдугаар сарын 12-нд соёолон морьдын уралдааны үед Хүй 7 худаг орчмын замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан соёолон морьдын уралдаан эхлэхээс нэг цагийн өмнө Баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй 7 худаг салдаг уулзвар хүртэлх авто замыг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад орно. Уралдаан дууссаны дараа Хүй 7 худгаас Эмээлтийн товчоо хүртэл баруунаасаа зүүн тийшээ нэг цагийн хугацаанд нэг чигийн урсгалтай болно. Баяр наадмын комиссоос Давааны зөрлөг дээр тээврийн хэрэгсэл байршуулах зогсоол гаргасан. Тэндээс Хүй 7 худаг хүртэл богино эргэлтээр гурван автобус иргэдэд шуурхай үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төв дээр богино эргэлтийн дөрвөн чиглэлд 14 автобус үйлчилгээнд явна" гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОГТООЛ УСНЫ ЭРЭГТ ТОГЛОЖ БАЙСАН 12 НАСТАЙ ОХИН ЖИВЖ, АМИА АЛДЖЭЭ

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 2 дугаар баг “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд нь живсэн гэх дуудлага онцгой байдлын газарт долоодугаар сарын 8-ны өдрийн 14:44 цагт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ХУРДАН МОРЬ, УРАЛДААНЫ АДУУНД ЯАРАЛТАЙ ДУУДЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

Монгол улсын 21 аймаг, 330 суманд Улсын баяр наадмыг хийж ижил цаг хугацаанд тэмдэглэн зохион байгуулдаг бөгөөд хурдан морины уралдаанд хүн эмнэлэг, мал эмнэлэг үйлчилгээ үзүүлж хамтран ажилладаг. Улсын баяр наадмын хурдан морины салбар комисст мэргэжлийн мал зүйч нар мундааны өндөрт хэмжилт хийж, адууны насыг шүдэлж тодорхойлох ажлыг мэргэшсэн мал аж ахуйн мэргэжилтэн хийж гүйцэтгэдэг.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙД ХАТГУУЛСАН ГЭХ ДУУДЛАГА ӨДӨРТ 8-10 УДАА БҮРТГЭГДЭЖ БАЙНА

Нийслэлд бамбай хоншоорт могой их орж ирж байгаа тул иргэд болгоомжтой байна уу. Уул хад, голын эрэг, байшин барилга, хүүхдийн тоглоомын талбайд их тааралдаж байна. ГССҮТ-д өдөрт 5-10 ийм төрлийн дуудлага ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7 НАСТАЙ ХҮҮ “УВС” НУУРАНД ЖИВЖ, НАС БАРЖЭЭ

Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс” нуур /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живжээ. Дуудлагыг долоодугаар сарын 08-ны өдрийн 15:23 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авч эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Ш /7 настай, эрэгтэй/-г нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

С.ГАНБААТАРЫГ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОЛОО

Б айнгын хороодын бүрэлдэхүүнийг өнгөрсөн баасан гаригт баталсан. Харин одоо УИХ байнгын хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж даргаа сонгох асуудлыг хэлэлцэв. Хурлаар тус Байнгын хорооны даргаар С.Ганбаатарыг сонгохыг гишүүдийн олонх нь дэмжлээ. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд доорх гишүүд багтаж байна. М.Бадамсүрэн, Э.Батлут, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, П.Ганзориг, Ж.Золжаргал, Б.Пүрэвдаваа, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн, Д.Батбаяр, Х.Жангабыл, М.Энхцэцэг, Б.Тулга Л.Мөнхбаясгалан П.Мөнхтулга, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа Д.Энхтуяа.

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР “PLAYTIME” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЗОРИУЛЖ 50 ГА ГАЗРЫН ЭРХ ОЛГОВ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн ням гарагт Хонхорт болж буй “Playtime 2024” хөгжмийн наадамд зочилж, уг наадам зохион байгуулахад зориулж 50 газрын эзэмших эрх олгожээ. Жил бүр зохион байгуулагддаг “Playtime” наадам энэ жил долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөсөн юм. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Хүсэл тэмүүлэл дүүрэн залуусын хүсэн хүлээдэг хөгжмийн том наадам хүрээгээ улам бүр тэлж, сайхан соёл болж тогтоосой хэмээн хүсэж буйгаа илэрхийлээд, ирэх жилийн наадмаас урьтаж нийслэлээс тухайн байршил руу засмал зам тавьж, авто зогсоол байгуулах, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох ажлыг зохион байгуулахаас амлав.

1 ... 33 34 35 36 37 38 39 40 41 ... 317