ГЭРИЙНХНЭЭ БРЕНДЭЭР ХУВЦАСЛАХЫН ТУЛД АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН УДИРДЛАГУУДЫГ ДАРАМТЛАЖ , "ДЭЭРЭМДДЭГ" ДАРГА АСАН ТОРГУУЛИЙН ЯЛ АВАВ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр хоног хэлэлцэж торгуулийн ял шийтгэжээ. Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг дарамтлан гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг авсан хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. Брэндийн пүүз, өмд, цамц, футболка, костюм, пиджак, цув зэрэг дөрвөн сая гаруй төгрөгийн эд зүйлсийг тэрбээр хахууль болгон авчээ. Үүнээс гадна Ж.Ганзориг нь : Эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбайг эмнэлгийн зориулалтаарх оффис болгон авахдаа эрх мэдлээ ашигласан, Төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 онд таван жилийн хугацаатайгаар Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд олгосон 0.9 га талбайг иргэн Д.Энхтуулд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахыг шаардсан. "Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг худалдан авахын тулд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болсон , Эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон гэх мэт хэргүүдэд яллагдагчаар татагдсан.  Тэгвэл шүүхээс Ж.Ганзоригийг нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасч , найман сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба цагдан хоригдсон хоногийг тооцож, 7.6 сая төгрөгөөр торгохоор болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.