НЭГҮҮН МЭДЭЭ
Г.АМАРТҮВШИН: ХУУЛИЙН БАЙГУУЛАГАД МЭДҮҮЛЭГ ӨГСӨН

Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2022.04.13/ мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дээрх асуудалд тайлбар өглөө. Тэрээр: "Хуулийн нарийн зүйлийг би бодсонгүй. Гэхдээ УИХ-ын зүгээс миний хүсэлтийг шийдүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол прокурор оруулаад ирэг, тэгээд асуудлыг шийдье л гэсэн санаа юм. Намайг хуулийн байгууллагаас дуудсан. Нэг удаа мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллага шударгаар шалгаж, шийднэ гэдэгт итгэж байна" гэв.

ОЮУТНАА АЛГАДСАН "ИХ ЗАСАГ" ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙГ АЖЛААС НЬ ХАЛЛАА

"Их засаг" Олон Улсын их сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч багш Б нь эмэгтэй оюутнаа алгадсан бичлэг цахим орчинд ил болсон. Тус бичлэг дээр багш оюутантай ёс бус харьцаж байгаа нь тод бичигдсэн байсан бөгөөд энэ нь олны бухимдлыг хүргээд байсан юм. Тэгвэл тус сургуулийн зүгээс багшийг ажлаас нь халсан талаар мэдэгдлээ. Тодруулбал:Монгол улсын боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.1, 44-р зүйлийн 3, Байгууллагын дотоод журмын 10.6.1, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.1.27 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзлээ. Улмаар багш ажилтны ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ МАНЛАЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг хөтөлбөрийн томоохон зорилтын нэг “Эрүүл Өмнөговь хөтөлбөр Манлай сумаас эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, албаны бусад хүмүүс Манлай сумын ард иргэдтэй уулзалт хийж, #Орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц, хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, малчид иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Манлай сум 2720 гаруй хүн амтай, 2021 оны эцсийн мал тооллогоор 225 мянга гаруй мал тоолуулсан бөгөөд мал төллөлт 70% тай байна. Манлай сумын нутагт энэ жил өвөлжилт хаваржилт сайхан, мал амьтны халдварт өвчин байхгүй, малчдын хувьд харьцангуй тайван цаг үеийг өнгөрүүлж байна.

НМХГ-ААС “2021-2022 ОНД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ”-ЫГ МЭДЭЭЛЖ БАЙНА

Тодруулбал: нмхг-аас “2021-2022 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ыг нийт 53 дээж авч шалгуулахад шахмал түлш стандартын шаардлага хангасан гэв. "Таван толгой түлш" компани БНХАУ-аас барьцалдуулагч авч ашигладаг. Үүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодис илрээгүй. Агаар бохирлуулагч эх үүсвэр ашигладаг 360 орчим байгууллага бий. Хог хаягдал шатаасан гэх мэт зөрчлүүдийг илрүүлэн торгууль тавьсан. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мөн хяналт шалгалт хийдэг. Нийслэл рүү түүхий нүүрс оруулах зөрчил өмнөх оны мөн үеэс 90 хувиар буурсан. Гэвч нийслэлээс шахмал түлш авч, орон нутаг руу авч гарах зөрчил гарсаар байна. Орон нутагт 90 мянган сайжруулсан зуух байна гэдгийг тогтоосон. Ийм зуухтай иргэд шахмал түлш түлэх хүсэлтэй байгаа тул нийслэлээс авч байна. Иргэд уламжлалт зуух хэрэглэх хүсэлгүй байна. "Таван толгой түлш" компани цаашид манай түлш бүх төрлийн зууханд тохирно гэж мэдээлэх нь буруу. Ийм сурталчилгаа бүү хийгээч гэж хүссэн. Бид ид ачааллын үеэр тус компанийн үйлдвэрт 24 цагаар жижүүрлэн ажилласан. Энэ үйлдвэрийн түлшинд ямар ч эргэлзээ байхгүй. Манай лабораторид хийсэн шинжилгээний хариу гадаад улс руу явуулан хийлгэсэн шинжилгээтэй таарсан.Тэгэхээр агаарын бохирдол утаатай шууд хамаагүй. Харин иргэд уламжлалт биш сайжруулсан зуухтай болох хэрэгтэй байна. Эс бөгөөс ирэх өвөл мөн л утаа яриад сууна. Сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдах боломжийг олгох ёстой. Энэ зуух ухаалаг утасны үнэтэй. Ухаалаг утсыг зээлээр авч, төлбөрийг нь хуваан төлдөг шиг нөхцөл бүрдүүлчихвэл иргэдэд хэрэгтэй байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний зөвлөлд бид энэ саналыг тавьсан. Гадаад дотоод агаарын температурын зөрүү багассан энэ өдрүүдэд угаарын хийд хордох тохиолдол нэмэгддэг. Энэ хий үхлийн аюултай. Угаар мэдрэгч хий л мэдэрдэг тул угаар мэдрэгчээ байнга асаалттай байлгахыг анхаарууллаа.

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ӨНӨӨДӨР ГАРНА

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд амжилттай зохион байгуулсан бөгөөд. Шалгалтад нийт 37375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байсан ба. Шалгалтын дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулах юм байна.

21-Р ЗУУНД 200 КМ ЗАМЫГ ТАВАН ЖИЛ БАРЬДАГ МОНГОЛ ШИГ УЛС ХАА Ч БАЙХГҮЙ !!!

Олон улсын гэх тодотголтой Улаанбаатар-Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гээд хот хөдөөг холбосон ганц зам нь өнөөдрийн байдлаар ТАМЫН ЗАМ нэртэй болоод байна. Сүүлийн хоёр ч сонгууль дамнан энэ замыг шинэчлэх асуудлыг ярьж байгаа ч өнөөдөр ч бид замгүй шороогоор туучсаар л байна. Замтай болох гэсэн олон хэдэн жилд тухайн замд осолдож амь насаа хүний тоо хэрээс хэтэрлээ. Дарханы замыг шинэчлэх санхүүжилт, хөрөнгө мөнгө нь аль гурван жилийн өмнө шийдэгдсэн ч 2024 оноос нааш энэ замаас сайн зүйл хүлээгээд ч хэрэггүй гэхэд хэлсдэхгүй болжээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож, 2019 онд бүрэн ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан байдаг. Тус авто зам Азийн хөгжлийн банк олон ЕСБХБ-ны зээлийн хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд Азийн хөгжлийн банкны замын гүйцэтгэл 60 хувь, ЕСБХБ ойролцоогоор 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг Зам тээврийн тээврийн яамнаас тухайн үед мэдэгдэж байсан. Дархан, Сэлэнгэ зэрэг хойд бүсийг зорих иргэдийн цор ганц хүсэл аюулгүй, стандартад нийцсэн замаар зорчих, бараа материалаа тээвэрлэхэд оршино. Гэвч Харамсалтай нь зохион байгуулалт, төлөвлөлт цаашлаад балагтай дарга нарын балгаар энэ хүсэл хойшлогдсоор гурван жилийн нүүр үзлээ. Сонгууль болхоор л өөрсдийн ярих сэдвээр тус замыг нэрлэн гарч ирдэг Улсын их хурлын гишүүд хаачив. Адаг сүүлдээ ЗТХ-ийн сайд Л.Халтар Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна ХЭМЭЭН яриж суугаа нь даан ч харамсалтай.

ИРГЭН Ч.МӨНХБАЯРЫН БАТЛАН ДААЛТАД ГАРГАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ сарын нэгний өдөр /2022.04.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж, хэргийг прокурорт буцаасан билээ. Тэгвэл Ч.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг хэлэлцэх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа юм. Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас баривчилсан. Дараа нь мэдээлэл хийж, түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан талаар мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар шүүхээс түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан юм. Тиймээс түүний өмгөөлөгчид хуулийн дагуу батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч ийнхүү шүүх хүсэлтийг хүлээж авсангүй. Тиймээс иргэн Ч.МӨНХБАЯРЫН өмгөөлөгчид гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид хүсэлт гаргаж давж заалдана гэдгээ илэрхийллээ. Харин өмгөөлөгч Г.Баасан : Шүүх үндсэн хуулиар олгогдсон хараат бус бие даасан байдлаа алджээ. Өнөөдрийг хүртэл ямар ч нотлох баримгүй хэрэг дээр Монголын шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж чадахгүй болтлоо ялзарсан байна гэв.

Д.СУМЪЯАБАЗАР: ЗУРГАДУГААР САРЫН НЭГНЭЭС БАРИЛГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Жил бүрийн хаварт бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Тэр дундаа хамгийн их авлига яригддаг салбар бол барилгын салбар. Газрын асуудал, барилгын зөвшөөрлөөс эхлээд барилга хүлээлгэн өгөх, улсын комисс хүлээн авах хүртэл үйл ажиллагааг хүртэл цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ салбарт хийж буй шинэтгэлийн тухайд Хотын дарга ийн өгүүлэв. -Egazar.gov.mn сайт болон аппликэйшн ашиглалтад ороод газрын албаны бүхий л үйл ажиллагаа цахимд шилжсэн. Барилгын үндэс газар шүү дээ. Тиймээс газрын менежментээ зөв болгох хэрэгтэй байна. УИХ дээр Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэл дэх газрын асуудлыг цэгцлэх юм. Үүний дараа биржтэй болж, иргэд, аж ахуйн нэгж хэн нэгний дэмжлэгээр бус, дуудлага худалдаагаар ил тод, нээлттэй явдаг болно. Ингэснээр газрыг худалдан авч буй хүмүүсийн хөрөнгө эрүүл, хуулийн дагуу бүртгэлтэй хөрөнгө байх юм. Том зургаараа Улаанбаатар хот авлигаас ангид болох төдийгүй улсын хэмжээний авлигын индексийг бууруулах юм. Газрын асуудал шийдэгдчихээр барилгын хүнд суртал, 44 гарын үсэг зуруулдаг буруу зуршил алга болно. Тэр олон гарын үсгийг зуруулах гэж хагас жил шахам болдог байсан бол цахимд шилжсэнээр долоо хоногийн дотор барилгын зөвшөөрөл шийдэгддэг болно. Хэрэвзээ бичиг баримт нь дутуу бол бүрдүүлэх материалыг нь шилэн байдлаар мэдээлж, дахин долоо хоногийн хугацаа өгөх буюу 14 хоног дотор л асуудал шийдэгддэг болох жишээтэй. Барилгынхан зөвшөөрлөө хөөцөлдсөөр явтал урин дулааны улирлыг алдаж, тэр нь улирлын чанартай салбарт бүтэн жилийн ажил алдсантай адил тусдаг. Үүнээс болж компаниуд банкны зээл, хүү, торгууль, алданги хүлээж байдаг. Ийм цаг үед тэгж хүнд суртал үзүүлэх юм бол эдийн засаг, ажлын байрны алдагдлыг төр нь өөрөө бий болгож байна гэсэн үг. Төр нь асуудлыг аль болох хурдан шийдэх тусмаа нэг компанийн цаана 100-400 ажлын байр, нийгмийн асуудлыг шуурхай зохицуулж байна гэсэн үг хэмээсэн юм.

ЭРХҮҮГИЙН ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ УЛААНБААТАРААС 2022 ОНЫ 04-Р САРЫН 30-НИЙ ӨДРӨӨС АЯЛЖ ЭХЭЛНЭ

Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны 04-р сарын 30-ний өдрөөс, Эрхүүгээс 2022 оны 04-р сарын 29-ний өдрөөс эхлэн аялах гэж байна Цагийн хуваарь: - Улаанбаатар - Эрхүү чиглэл: БЯМБА, НЯМ гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод НЯМ, ДАВАА гарагт москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ. - Эрхүү - Улаанбаатар чиглэл: БААСАН, МЯГМАР гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар БЯМБА, ЛХАГВА 06:38 цагт ирнэ. Тавигдах шаардлага: Хилээ гарахад 48 цагийн дотор хүчинтэй ПСР шинжилгээ өгсөн бичиг англи хэл дээр байна. /цаг нь тодорхой байх/

ХУУЛИА МЭДЭХГҮЙГЭЭС БОЛОВ УУ,ХУУРАН МЭХЛЭХИЙГ САНААРХАВ УУ!

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн тухайгаа энэ сарын 09-ний өдөр зарлалаа. Харамсалтай нь, ямар ч хуулийн боломжгүй зүйлээр попорчихлоо. Тэрээр Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудалд орооцолдсон. Засгийн газраас Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгосноор хуулийн байгууллагад шалгуулахыг ард түмэн шаардаж эхэлсэн. Даанч Хөгжлийн банкы удирдлагад ажиллаж байсан зарим хүнийг хорьж, шалгаж байгаа хэрнээ зарим нь халдашгүй дархан эрхийн ард нуугдаад байгааг олон нийтэд эсэргүүцээд байгаа юм. Харин залуучуудын хийсэн жагсаалтай яг зэрэгцэн тэрээр яаралтай мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлт гаргав. Даанч УИХ-ын гишүүний зүгээс өөрөө түдгэлзэх хүсэлт гаргаж, түүнийг нь чуулганы хуралдаанаар шийдэх ямар ч боломжгүйг хамгийн сайн мэдмээр юм. Улсын ерөнхий прокуророос хоёрхон нөхцөлд л гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжтой. Тухайн гишүүн гэмт хэрэг үйлдэхдээ газар дээрээ баригдсан, хуулийн байгууллагаар шалгагдаж байх явцдаа буруутай нь тогтоогдсон бол боломжтой. Харин гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж болно. Ингэсэн тохиолдолд чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжтой болдог. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ гэсэн хуулийн тодорхой заалт ч бий. Нэг ёсондоо олонхоороо гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзвэл тэгээд л болно гэсэн үг. Ийм шийдвэр гаргасан тохиолдолд баривчлагдсан байсан ч нэг цагийн дотор суллах хуулийн заалттай. Ер нь УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хамгийн ойрын жишээ бол гишүүн асан Н.Номтойбаяр. Тэрээр 2020 онд гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт гаргаж байсан ч түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гарснаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байлаа. Түүнээс өмнө 2018 онд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга мөн чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, хуулийн байгууллагаар шалгуулж байсан. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтэд “Миний бие УИХ-ын тухай хуулийн 6.6.3-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгааг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү" хэмээн бичсэн байдаг. Харин Г.Амартүвшин гишүүн болохоор мэдэгдэлдээ “Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна” хэмээн бичсэн байна. Нэг ёсондоо өөрийнх нь хүсэлтээр түдгэлзүүлэх боломжгүй учраас хэлээд байгаа шигээ иргэн хүний адилаар шалгуулах хүсэлгүй байна гэж хардахаар байгаа юм. Чөлөөлөгдөх, түдгэлзэх гэдэг ганцхан үгний өөр утга байх боловч хуулийн зохицуулалт нь тийм учраас ямар ч арга байхгүй. Ард түмэнд таалагдах шийдвэр мэт боловч Ёс зүйн байнгын хороогоор асуудлыг авч хэлэлцээд хуулийн мухардалд ордог гэдгийг насаараа шахуу Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлж байсан. Тэгэхээр Г.Амартүвшин гишүүнийг хуулийн мэдлэггүйгээсээ болоод ийм үгийн алдаа гаргалаа гэж үзэх үү, хууран мэхлэх санаа анхнаасаа агуулж ийм мэдэгдэл гаргасан гэж бодох уу гэдэг нь өөрөө асуудал. Уг нь бол үнэхээр л шалгуулъя гэж бодож, нэр төрөө цэвэрлэж авъя гэж бодож байгаа бол гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх байв. Хэрэв тэгж чадвал жинхэнэ улстөрчийн ёс зүйн хувьд сайн жишиг болох байлаа. Т.ХӨВСГӨЛ Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

1 ... 276 277 278 279 280 281 282 283 284 ... 370