НЭГҮҮН МЭДЭЭ
“ШУДАРГА ТЭМЦЭГЧИЙН ДҮРД ТОГЛОЖ БУЙ УЛС ТӨРИЙН НАЙМААЧИН”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сүүлийн өдрүүдэд хэвлэлээр хийсэн мэдэгдлээрээ олны анхаарлыг татлаа. Гэвч түүний энэ “ам нээлт” нь энгийн ярилцлага бус, харин МАН-ын дотоод тэмцэлд зориулагдсан ил захидал гэдэг нь илт харагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан хүний хувьд төрийн нэн чухал баримт, мэдээллийг хав дараад сууж байгаад улс төрийн тохироо хийхэд ашиглаж байгаа нь ноцтой асуудал биш гэж үү? Албан тушаал хашиж байхдаа авсан нандин мэдээллээ өнөөдөр өөрийн тоглоомын хэрэгсэл болгож байгаа нь хууль бус төдийгүй ёс зүйн хувьд ч ичгүүртэй хэрэг. Энэ удаад нүүрсний сонсголын талаар дуугарсан ч, үнэндээ тэр ганц энэ асуудалд хязгаарлагдахгүй. “Хөгжлийн банк”-ны дуулиан, нүүрсний хэрэг гээд хамгийн ноцтой баримтуудыг тэр өөрийн гараар атгаж, хаана ч дэлбэрэх тэсрэх бөмбөг шиг хадгалж байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр бол төрийн нэрийн өмнөөс биш, харин хувийн улс төрийн наймаачны байр сууринаас тоглож буй этгээд юм. 2023 онд Л.Оюун-Эрдэнийн “итгэл хүлээлгэн” томилсон сайд нь өнөөдөр ийнхүү өөрийнх нь эсрэг баримтаар заналхийлэх хэмжээнд хүрчээ. Хэрэв тэр үнэхээр шударга байсан бол сонсголын эхнээс л ил тод ярьж, хуулийн байгууллагад шилжүүлэх байлаа. Харин өнөөдөр гаргаж ирж байгаа нь цэвэр улс төрийн шахалт, дээрээс нь өөрийн карьераа аврах тооцоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нийгмийн дунд ч нэг асуулт хурцаар тавигдаж байна: Б.Энхбаяр үнэхээр шударга тэмцэгч үү, эсвэл төрийн мэдээллийг хувийн шантаажны хэрэгсэл болгосон улс төрийн наймаачин уу? Хэрэв үнэнээр шалгавал, тэр өөрөө ч хууль зөрчсөн хэрэгт холбогдох ёстой хүн биш гэж үү?

ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС ЗАЙСАНГИЙН ГҮҮР ХҮРТЭЛ ШИНЭЭР 3.6 КМ АВТО ЗАМ БАРИНА

Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина. Тодруулбал, Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барих юм. Уг авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Авто зам ашиглалтад орсноор Яармагаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх зам болон Яармагаас Зайсан хүртэлх уулын замын ачааллыг эрс бууруулах ач холбогдолтой.

ГАДААДЫН КОМПАНИЙН ХАНДИВТАЙ ГИШҮҮН АТГ-ЫН ШАЛГАЛТАД ОРОВ

УИХ-ын гишүүн Э.Болормаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгах болзлоо хангасан хэдий ч улс төрд ороод л дуулиан тарьсан нэгэн. Тэрбээр УИХ-ын сонгуулийн III тойрог (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)–т МАН-аас нэр дэвшиж, гишүүн болсон ч сонгуулийн хууль зөрчсөн байж болзошгүй асуудал үүсчээ. Тодруулбал, Э.Болормаа “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан. Сонгуулийн хуульд нэр дэвшигч гаднын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглодог бөгөөд энэхүү хандивыг аудитын байгууллага шалгасан боловч зөрчлийг арилгуулаагүй. Хандивыг буцааж шилжүүлээгүй нь гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсэнээр хууль зөрчсөн үйлдэл болж байна. Э.Болормаагийн хэргийг АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор хэрхэн харьяалал тогтоож, шалгах эсэхийг шийдвэрлэх юм. Э.Болормаа өөрийгөө “Ямар хэргээр шалгаж байгаа нь ойлгомжгүй байна” гэж мэдэгдсэн ч хууль хяналтын байгууллага нарийвчлан шалгаж байгаа аж. Энэ хэрэг нь сонгуулийн хууль зөрчсөн гишүүний асуудлыг олон нийтэд дахин сануулж, улс төрийн сахилга бат, хариуцлагын эргэлзээтэй байдлыг харуулж байна.

АТГ-ЫН ХАВТАСТ ХЭРЭГТ НЭР НЬ БИЧИГДСЭН Х.ТЭМҮҮЖИН

АТГ-аас шалгаж, Ерөнхий прокурорт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлэхээр бэлтгэж буй нэрсийн жагсаалтад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин багтжээ. Түүнийг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Х.Тэмүүжингийн хэрэг зөвхөн өнөөгийн гишүүнийх нь хувьд бус, 2012–2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байх үеийн үйлдлүүдтэй нь холбоотой. Тухайн үед хамтран ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбат, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Б.Цолмон нарыг мөн холбогдуулжээ. Тэднийг тэр үеийн “бэлэн бус торгуулийн систем”-ийг замын цагдаа болон хууль сахиулах байгууллагуудад нэвтрүүлэхдээ албан тушаалаа урвуулж, тодорхой хүмүүст давуу байдал олгон, санхүүгийн ашиг хүртсэн байж болзошгүй гэх баримтаар шалгаж байгаа аж.

АТГ-ЫН ХАВЧААНД ОРСОН ГИШҮҮН: С.ГАНБААТАРЫН НУУЦ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хөрөнгө орлогоо нуусан зэрэг хэргээр АТГ зургаан сарын турш шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Хуулийн байгууллагаас удаа дараа дуудсан ч С.Ганбаатар шантаажчинд дөхсөн маягаар зайлсхийж, бүр Төрийн ордонд очсон мөрдөн шалгагчдыг “Гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн сүржигнэн чуулганы хуралдааныг гацааж байв. Түүнийг зөвхөн албан тушаалын эрх мэдлээ урвуулсан бус, МҮЭХ-ны газрын асуудлаар хууль бус наймаа хийж, хариуд нь хахууль авч, мөнгө угаасан гэх ноцтой хэрэгт шалгаж эхэлсэн байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн С.Ганбаатар үнэндээ эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр 29 компани, ТББ байгуулсан нь ил болжээ. Аялал жуулчлал, гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө гэхчлэн салбар бүрт “Андискауред Монголиа”, “Дархан ургах наран зүг”, “Боорчи баатар”, “Адвант трейд” гэх мэт арван арваараа компани бүртгүүлсэн атлаа бүгдийг нь мэдүүлэгтээ нууцалсан байна. Эхнэрийнх нь нэр дээрх 20 гаруй компани, аж ахуйн нэгжийн ард С.Ганбаатар өөрөө гол зохион байгуулагч, удирдагч байдлаар оролцож байсан гэх баримтууд илэрч, хууль хяналтын байгууллагууд одоо нарийвчлан шалгаж байгаа аж.

“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр / 2025.09.24 / “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвээр Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 26, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 75, экспортын орлогын 95, гадаадын хөрөнгө оруулалтын 74, улсын төсвийн орлогын 27 хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байгааг онцлов. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тус салбараас улсын төсөвт нийт 9.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 4.1 их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 3.2 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрдүүлэхээр тусгасан байна гэв. Төмөр замын бүтээн байгуулалт, хилийн боомтуудын хүчин чадал, ашиглалт сайжирснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ ирэх онд нэмэгдэхээр байгааг Байнгын хорооны дарга дурдав. Мөн төсвийн төсөлд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал, 20.0 тонн алт, 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор тусгасан байна гэлээ. Хэлэлцүүлэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн “Уул уурхайн салбарын нөөц, олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаарх илтгэлээр үргэлжлэв. Тус илтгэлд уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр цаашид анхаарах асуудлыг хөндсөн байлаа. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх чиглэлээр цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой тогтоох, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид биржээр дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлэх, эрдэс баялгийн салбарын орон нутагт ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, уул уурхайн экспортын өсөлттэй холбоотойгоор шатахууны хангамжийн тогтвортой байдал, газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ. Дараа нь Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх боломж, тулгарч байгаа сорилтууд” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр нүүрсний үнэ унаснаас уул уурхайн салбарын орлого өнгөрсөн онтой харьцуулахад 13 хувиар буурсныг онцлоод э кспортын тээвэр, зохицуулалт, хил гаалийн нэвтрэлттэй холбоотой арга хэмжээ авснаар валютын нөөц тогтворжиж байгааг дурдав. Ялангуяа экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор гаалийн хяналт, үйл ажиллагаа, шат дамжлагыг хөнгөвчлөх, хүнд суртлыг арилгах чиглэлээр холбогдох журмыг шинэчилж, цахимжуулсан байна. Үргэлжлүүлэн Монголын уул уурхайн ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав. Тэрбээр Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаагаас нүүрс, зэсийн баяжмал, алт гэсэн гуравхан бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэв. Мөн тус салбарын хөгжил саарсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унасан энэ цаг үед Сангийн сайдын 2019 оны 302 дугаар Аргачлал, журам батлах тухай тушаалыг шинэчилж, аргачлалыг хувийн хэвшлийн саналд үндэслэн сайжруулж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг саадгүй шилжүүлэхийг бодлогоор дэмжих шаардлагатай. Мөн Баялгийн сангийн бүрдүүлэлтийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг нэмэгдүүлж бүрдүүлэх боломжтой гэв. Хэлэлцүүлэгт оролцогчид уул уурхайн салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх талаар санал, бодлоо солилцон, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа газрын тосны нөөц бүрдүүлэх сан байгуулахаар болсныг дурдаад үүнд хэчнээн төгрөг төлөвлөсөн талаар лавлав. Мөн “Засгийн газрын 2024 -2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр ” -т туссан 14 мега төслийн хэрэгжилтийн явцын талаар тодруулж, эдгээр нь төслүүд нь 2026 оны макро эдийн засаг, валютын нөөц, инфляц, эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаар тооцоо судалгаа хийсэн эсэхийг холбогдох яамдаас тодруулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ны өнөөдрийн /2025.09.24/ хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хэлэлцээрийн төсл ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газрыг байгуулах тухай хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, улмаар Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд зөвшилцөхөөр хүргүүлэх, дараагийн шатанд хэлэлцүүлэх болон Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар энэхүү асуудлыг дэвшүүлж байгааг мэдээллийн эхэнд тодотгов. Монгол Улс анх 1973 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-д гишүүнээр элсэж, өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг устгах, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах дэлхийн нийтийн зорилгод нэгдсэн байна. Сайд Ж.Энхбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаын тууштай хамтын ажиллагаа нь манай улсын зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн салбараар зогсохгүй бусад олон салбарын тогтвортой хөгжилд байнгын дэмжлэг үзүүлж ирсэн стратегийн чухал ач холбогдолтой байгууллага юм. Түүхэн товчооныг сөхөж үзвэл 1973 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын Гадаад явдлын яамны сайд Лодонгийн Ринчин БНМАУ-ыг НҮБ-ын ХХААБ-ын гишүүн болох үед тус байгууллагын хүчин төгөлдөр байгаа Дүрэмд заасан үүргийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, түүнийг дагаж биелүүлэх тухай “Хүлээн зөвшөөрөх бичиг” анх хүргүүлж байсан түүхтэй хэмээн танилцуулсан. Монгол Улсын холбогдох салбаруудад үзүүлэх дэмжлэг, тусламж, ажлын ачааллаас хамааран НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Жак Диюф-ийн 2008 оны 08 дугаар сарын 11-ий өдрийн OCD-DG/08/1004 тоот ноот бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/2432 тоот хариу албан бичгээр НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух “Хөтөлбөрийн туслах”-ын албан тушаалыг бий болгох, үүнтэй холбогдон гарах зардал, нөхцөлийг хангахаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцсон байна. Үүний дагуу 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Виктория Секитолеко нар дээрх нөхцөлийн дагуу Хүлээн авагч орны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулжээ. Тус Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь НҮБ-ын ХХААБ-ын бүрэн тоноглож, тохижуулсан түрээсийн байр, харилцаа холбоо, цахилгаан, халаалт, цэвэр ус, унаа, нарийн бичгийн дарга, жолооч цалинжуулах болон бусад зардлыг бүрэн хариуцахаар тохирсон аж. Мөн Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын ХХААБ, түүний төлөөлөгч болон ажилтнуудад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын бусад байгууллага, түүний ажилтнуудын адил дархан эрх олгохыг зөвшөөрсөн байна. НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух Байнгын төлөөлөгчийн газрын хэмжээнд хүрсэн боловч олон улсын гэрээ, хууль эрх зүйн орчинд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ хооронд Суурин төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээргүй явсаар иржээ. Цаг үе, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин зэрэг олон салбарын олон улс болон дотоодын нөхцөл байдал, шаардлага хэрэгцээтэй уялдуулан өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын ХХААБ хооронд НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух Суурин төлөөлөгчийн газрыг байгуулах тухай хэлэлцээрийг ийнхүү Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлах шаардлага үүссэн хэмээн сайд Ж.Энхбаяр тодруулсан. Тус хэлэлцээрийг байгуулснаар олон улсын гэрээ, хууль эрх зүйн хүрээнд НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух Суурин төлөөлөгчийн газар нь НҮБ-ын ХХААБ-аас БНХАУ-д суугаа Төлөөлөгчийн газраас хамаарах бус, бие даасан статустай болох, НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээх үүрэг, хариуцлага нэмэгдэх юм байна. Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулснаар Монгол Улсад хэрэгжүүлэх олон улсын төсөл хөтөлбөрийн тоо нэмэгдэх сайн талтайг тэмдэглээд, Суурин төлөөлөгчийн газарт Засгийн газраас үнэ төлбөргүй олгох байр, тоног төхөөрөмж, үйлчилгээний зардлын тооцооллыг хийсэн эсэх, энэхүү төлбөр төсөвт ачаалалтай өгөх эсэхийг тодруулсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад 1973 онд гишүүн болсон ч манай асуудлыг Бээжингээс хамаардаг байсан. Тусгаар улсын хувьд олон улсын байгууллагуудаа өргөтгөх нь Монгол Улсад их ач холбогдолтой. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дипломат эрх нь бусад олон улсын байгууллагуудтай адил байна. Эхний ээлжинд оффисын ширээ, сандал, харилцаа холбооны зориулалттай зардал гарна. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсөвт суулгаад шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Нэг удаагийн зардал гарна. Нэг удаагийн захиргааны бага зэргийн зардлыг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн ач холбогдолтой харьцуулах аргагүй. Тус байгууллагаас нийт 176.4 сая ам.долларын төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлээд байна. Суурин төлөөлөгчийн газартай болсноор төсөл, хөтөлбөрийн тоо, хамрах хүрээ тэлэх боломжтой гэсэн хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн Г.Очирбат, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, олон улсын байгууллагад гишүүнээр элссэний төлбөрийн талаар лавлаж байлаа. Сайд Ж.Энхбаяр, Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад 1973 онд гишүүнээр элссэнээс хойш гишүүнчлэлийн төлбөр буюу татвараа төлж ирсэн хэмээгээд, хүлээсэн үүргийн дагуу татвараа үргэлжлүүлэн төлнө хэмээсэн. Тус байгууллагаас сүүлийн 16 жилийн хугацаанд манай улсад 176.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 163 төсөл, хөтөлбөрийг маш үр дүнтэй хэрэгжүүлсэн гэдгийг онцолсон. Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА “UB CAВ” ХХК-ТАЙ ХАМТРАН “UB POLICE” АППЛИКЕЙШНЫГ НЭВТРҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн, иргэдийн амар тайван аюулгүй нийгмийг бүрдүүлнэ гэж заасан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “ UB Caв ” ХХК-тай хамтран “ UB Police ” аппликейшн бүтээж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэдээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлагын дагуу хамгийн ойр ажиллаж байгаа авто эргүүлийн алба хаагчид 5-10 минутад түргэн шуурхай очиж иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд ахиц гарах ач холбогдолтой юм. Түүнчлэн “ UB Caв ” аппликейшн дээрээс жолооч, үйлчлүүлэгч гэнэтийн аюулд өртөж хохирох эрсдэл үүссэн тохиолдолд нэг товчлуур дээр дарсанаар цагдаагийн байгууллагын авто эргүүлийн ажилтанд дуудлага, мэдээлэл хуваарилагдаж, тэдэнд яаралтай тусламж дэмжлэг үзүүлнэ. НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Итали Улсын Миланы их сургууль, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, “Чимид сан”-тай хамтран “Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 22 , 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хоёр өдрийн турш онолын үзэл баримтлал, олон улсын туршлага, шинэ хандлагыг судалж, харьцуулсан тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал болон 10 гаруй улсын эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Өнөөдөр /2026.09.23/ Хамбургийн их сургуулийн профессор Штефан Фойгт, Мэйжигийн их сургуулийн профессор Акико Эжима нар илтгэл танилцуулж, салбар хэлэлцүүлэг “Засаглал, технологи ба ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд илтгэгчдийн судалгааны үр дүнгээс ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хараат бус хяналтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагаа, бодлогын санал, зөвлөмжийг дэвшүүлэв. Энэхүү о лон улсын эрдэм шинжилгээний хуралд үндсэн эрхийн хамгаалалт, хууль тогтоох байгууллагын хяналт, гүйцэтгэх засаглал ба төрийн захиргааны механизм, хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо тулгарч буй сорилт ба ирээдүйн чиг хандлага сэдвээр арван хоёр улсын 42 судлаач бүтээлээ ирүүлснээс АНУ, Итали, Вьетнам болон Серби, Монгол Улсын эрдэмтэн, судлаачдын бүтээл шалгарч, эдгээр өдрүүдэд илтгэлээ танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд”-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг өнөөдөр /2025.09.23/ “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд” сэдвээр үргэлжиллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд даргалсан бөгөөд хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, С.Эрдэнэбат болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 50 орчим хүн оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр тус Байнгын хорооноос өмнө нь “Төсвийн орлого бүрдүүлэлт”, “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдвээр хэлэлцүүлэг явуулсныг дурдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 26 төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад 2026 онд шинээр хэрэгжих 149, өмнөх оноос үргэлжлүүлэх 430, нийтдээ 9.6 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 579 төсөл хэрэгжих юм байна. Арга хэмжээний тухайд 3.3 их наяд төгрөгийн санхүүжүүлтийг тусгаснаас төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 84.5 хувь нь барилга байгууламж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, 15.5 хувь нь их засвар, тоног төхөөрөмж, төсөл боловсруулах, цахим систем бий болгоход тусгагдсаныг Байнгын хорооны дарга онцолсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27.6 хувь буюу 902 тэрбум төгрөгийг зам тээвэр, 13.7 хувь буюу 448 тэрбум төгрөгийг боловсрол, 9.8 хувь буюу 322 тэрбум төгрөгийг эрчим хүч, 6.5 хувь буюу 211 тэрбум төгрөгийг эрүүл мэнд, 5.2 хувь буюу 669 тэрбум төгрөгийг соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэв. Мөн гадаад зээл тусламжийн ашиглалтад 1.9 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөснөөс 1.5 их наяд төгрөг буюу 79 хувийг хөрөнгө оруулалтын зардалд, 272 тэрбум төгрөг буюу 14 хувийг дамжуулан зээлдүүлэх зардалд ашиглахаар төлөвлөгдсөн гэдгийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлсэн үгэндээ тодотгосон. Хэлэлцүүлэгт Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал “Монгол Улсын 2026 оны хөрөнгө оруулалт”, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын менежер Б.Сандуйжав “Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар аудитаас өгсөн зөвлөмж” сэдвээр тус тус илтгэл тавьсан. Сангийн яамны илтгэлд төсвийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд 2026 онд 29.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 1712 төсөл, нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй саналыг төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлснийг дурдав. Гэвч хөрөнгө оруулалтын хүрээ хязгаар нь 3.2 их наяд төгрөг тул Сангийн яамнаас төслийн үр ашиг, ач холбогдол, эрэлт хэрэгцээнд суурилан эрэмбэлж, төлөвлөхийн зэрэгцээ эхлүүлсэн төслүүдийг үргэлжлүүлж, ашиглалтад оруулах бодлогыг баримталсан гэж байлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд туссан хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу. Тус илтгэлд хөрөнгө оруулалттай холбоотой анхаарах асуудлыг тодорхойлсон байв. Тухайлбал, зураг төсөв нь шаардлага хангахгүй, иж бүрэн бус, улмаар зураг төсвийг санхүүжилтийн эх үүсвэргүй байхад хийлгэдэг, төлөвлөлт нь холбогдох хууль журмын шаардлагыг бүрэн хангадаггүй, чанар муу, гүйцэтгэл дутуу, хийгээгүй ажилд санхүүжилт олгодгийг дурдаад төсөл, арга хэмжээний хяналт сул, ашиглалт хангалтгүй байгааг анхааруулсан байв. Мөн Олон улсын валютын сангаас хөгжиж буй орнуудын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг шингээх чадвараас хамаарч дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулснаар 6-7 хувиас хэтрэхгүй байхыг зөвлөсөн тул салбаруудад ихээхэн төсөв хуваарилж, бүтээн байгуулалтуудыг олноор хэрэгжүүлэхээс илүүтэй зөв бодлого, удирдлагаар чанартай төсөл хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэлээ. Цаашид тус яамнаас Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, цахим шинэчлэл, эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, жендерийн мэдрэмжтэй ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих талаар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчид төслийн саналаа ирүүлэхдээ эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол гэсэн хэрэгцээ, шаардлага бүрэн тодорхойлох, зураг төсөв, бэлэн байдлыг хангах, төсвийн боломж хязгаарлагдмал тул удаан судалж хурдан хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна гэж илтгэлд дүгнэсэн байлаа. Хэлэлцүүлэг "Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын үр дүн"-гийн талаарх илтгэлээр үргэлжлэв. Илтгэлд аудитаар илэрч буй нийтлэг алдаа, зөрчлийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөх тогтолцоо алдагдсан, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төлөвлөсөөр байгааг анхааруулсан байв. Мөн төсөл, арга хэмжээг хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор нь эрэмбэлэх аргачлал, шалгуур үзүүлэлт хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй, тодорхойгүйгээс нэн шаардлагатай төсөл, арга хэмжээ төлөвлөгдөхгүй орхигдож байгааг дурджээ. Төлөвлөлтийн алдаа, зөрчлийн тухайд бодлогын баримт бичигтэй уялдаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй, төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд хэрэгжихгүй удааширснаас төсөвт өртөг нэмэгдэж, улсын төсөвт ачаалал үүсгэн үргүй зардал гарах, төсөл, арга хэмжээний эрэмбэлэлт оновчгүйгээс сөрөг үр дагаврыг үүсгэж буйг анхааруулж байв. Цаашид аудитын мөрөөр УИХ-аар аудитын тайланг хэлэлцэхдээ илэрсэн алдаа, зөрчилд холбогдох этгээдэд хариуцлага тооцдог байх, төлөвлөлт, төсөвлөлтийн шаардлага хангаагүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг батлахгүй байх, төсөл, арга хэмжээ батлагдах үйл явцыг нээлттэй, ил тод болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өглөө. Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн хүрээнд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг маргааш "Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 19 20 21 22 23 24 25 26 27 ... 370