“Н.ЦЭРЭНБАТЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛ: ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ МӨЛХҮҮЛНЭ”

“Эрдэнэс таван толгой” компанийн бүтэц хэтэрхий данхайсан учраас Ерөнхий сайд Г.Занданшатар цэгцлэх даалгавар өгөөд удаагүй байна. Гэтэл энэ мөчийг ашиглаж, орон тоо цомхотгож байхад нь өөрийгөө дахин захирлаар тавиулах гэсэн Н.Цэрэнбатын улайрал ил цагаандаа гарчээ.

 Өнгөрсөн тавдугаар сард ч нэгэнт энэ албан тушаал руу шунан мөлхөж байсан ч нам гүм болсон. Харин одоо илүү эрээ цээргүйгээр Төрийн ордон, МАН-ын байраар гүйх болж. Нэгэнт хүний халаасны улс төрч гэдгээ нуухаа больж, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй дүр зураг харагдана.

 Үнэндээ Н.Цэрэнбат гэдэг хүнийг төрийн байгууллагад суулгаж үр дүн хүлээх нь тэнэглэл гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай баталсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа Богд уулын газрыг будлиантуулж, нутагтаа нэр нүүрээ алдан, сонгогчдодоо гологдсон. “Дархан арьс ширний цогцолбор”-ыг ч, “Эрдэнэс Оюутолгой”-г ч өөд нь татсан түүх огтхон ч үгүй. Харин эрх мэдэл, тамга булаах гэсэн шуналаа л дахин дахин харуулсаар ирсэн.

 Тэгэхээр МАН дотроо Н.Цэрэнбаттай тооцоо хийх нь нэг хэрэг, харин Монголын татвар төлөгчид түүнийг тэжээх өргүй. Ашиг, бүтээмж авчрах нь бүү хэл төрийн өмчит компаниудын нэр хүндийг доройтуулсан ийм хүнийг “Эрдэнэс таван толгой”-н жолоонд гаргана гэдэг бол ард түмнээ доромжилсон хэрэг.

 Ерөнхий сайд Г.Занданшатар үнэхээр Төрийн хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол шуналдаа сохорсон, намын өрөнд найдан албан тушаал горьдогчдоос төрийн өмчит компаниудыг цэвэрлэж байж л бодит алхам болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.