НЭГҮҮН МЭДЭЭ
Н.ТҮВШИНБАЯР 12-20 ЖИЛ ЭСВЭЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООНО

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Гэрч оролцуулах, шүүх хуралдааныг хаалттай явуулах зэрэг хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасныг шүүх хангажээ. Нэр бүхий гэрч нарыг оролцуулан, тавдугаар сарын 12-ны өдөр шүүх хурлыг дахин товлолоо. Түүнийг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бөгөөд өнөөдрийн шүүх хурал хоёр тал санал гаргасны үндсэн дээр хаалттай хуралдах юм. Тус зүйл заалт нь 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих заалттай юм.

Ө.СУМЪЯАБААТАР: ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗЦХ-ЭЭС ОРУУЛЖ ИРСЭН САНАЛУУДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг танилцууллаа. Хуралд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон орлогч нар, дүүргийн ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нар мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцлоо. БГД-ийн 5, 6 дугаар хороо: БГД-ийн 5, 6 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө дагуу авто замын ачаалал үүсгэдэг хэд хэдэн уулзвар байдаг. Тухайлбал, Саппорогийн уулзвар, 3 дугаар эмнэлгийн урд талын явган хүний гарц, 10 дугаар хорооллын явган хүний гарц нь хамгийн их хөдөлгөөнтэй бөгөөд хөдөлгөөн эрчимжсэн үед замын түгжрэл үүсэж, улмаар Замын цагдаа нар нэмэлт зохицуулалт хийх шаардлага гардаг байна. Иймд эхний ээлжинд 10 дугаар хороололд явган хүний гүүрэн гарц барих саналтай байгаагаа албаныхан танилцууллаа. Замын цагдаагийн хэлтсийнхний өгсөн мэдээллээр дээрх гүүрэн гарцыг барьсан тохиолдолд замын ачаалал буурч, иргэд замын түгжрэлд орох нь багасна гэсэн. Үүнээс гадна 10 дугаар хороолол орчимд авто зогсоолын хүрэлцээ муу, зохион байгуулалт хангалтгүй байдгаас иргэд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглах мөн ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслээ байрлуулах зэрэг зөрчил илэрдэг байна. Иймээс авто зогсоолыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам дагуу байрласан ШТС болон зарим аж ахуй нэгжийн нийтийн эзэмшлийн талбайг хааж барьсан хашаа хайсыг буулгах, бетон хаалтаар авто зам хаасан зэрэг зөрчлийг арилгах саналтай байгаагаа онцолж, ерөнхий төлөвлөгөөгөө танилцууллаа. БГД-ийн 24 дүгээр хороо: БГД-ийн 24 дүгээр хороо, “Алтай хотхон”-ы хөдөлгөөн зохион байгуулалтын талаарх төлөвлөгөөг мөн танилцууллаа. Учир нь зөвхөн тус хотхонд 3000 орчим иргэн оршин суудаг бөгөөд эсрэг талд нь мөн л хүн ам ихээр төвлөрсөн “Нарны хороолол” байрладаг. Үүнээс болж замын түгжрэл ихээр үүсдэг байна. Иймээс дээрх асуудлыг шийдвэрлэх эхний ажил нь “Алтай хотхон”-ыг Дунд голын замтай холбох тээврийн хэрэгслийн нүхэн гарц хийх, Нарны гүүрний доод талын "U-turn” эргэлтийг өргөж сөрөг хөдөлгөөнтэй болгон дээрх хотхонуудаа холбох, “Уран ган” ХХК-ийн урд дунд гол дээгүүр шинээр гүүрэн байгууламж барих шаардлагатай байна гэсэн. Мөн зураг төслийг боловсруулан Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн бөгөөд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол энэ бүс тун удахгүй хоёр дахь Яармаг болох нь. Учир нь “Алтай хотхон”-ны яг ард шинээр хоёр ч орон сууцны хороолол баригдаж байгаа бөгөөд ойр орчимд нь ЕБС, цэцэрлэг байхгүй гэв. БГД-ийн 25 дугаар хороо: БГД-ийн 25 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Гурвалжин”-гийн гүүрний доогуур “U-Turn” эргэлтийг шинээр хийх шаардлагатай байгааг онцолсон. Учир нь энэ бүсэд том оврын тээврийн хэрэгсэл ихээр зорчдог бөгөөд зарим нь зам дагуу машинаа байрлуулснаас болж түгжрэл үүсдэг байна. Иймээс Замын цагдаагийн хэлтсээс тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулснаар Гурвалжингийн гүүр орчимд олноор байрлуулсан том оврын автомашины хөдөлгөөнийг бүрэн зохицуулах боломжтой. Тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэжгүүд ч үүнийг зөвшөөрч, дэмжиж байна гэв. БГД-ийн 19 дүгээр хороо: Түүнчлэн БГД-ийн 19 дүгээр хорооны хэд хэдэн байршилд замын түгжрэлийг бууруулах хамгийн энгийн зохион байгуулалт хийх шаардлагатай байгааг онцолсон. Үүнд: “Өргөө” кино театрын уулзварын урд хэсгийн замын зохион байгуулалтын сайжруулах, Чингүнжавын хөшөөнөөс дээш явах замыг өргөтгөн нэвтрүүлэх чадварын нэмэх Уулзварын урд хэсэгт эргэж буцаж эргэн суваг гаргах шаардлагатай. Дээрх зохион байгуулалтыг хийснээр замын ачаалал буурна гэсэн тооцоол гарсан гэв. Мөн авто замын түгжрэл саатлыг багасгахын тулд зарим байршилд түр хайс байрлуулах тухай асуудлыг хөндсөн. Тодруулбал, Хасбаатарын гудамж, Өргөө гудамж замд 60 метр түр хайсыг байрлуулан хөдөлгөөний ачааллыг бууруулах. Нэг чигийн хөдөлгөөний эрчмийг тойрог хэлбэрийн зохион байгуулалтаар дэмжсэнээр шулуун хөдөлгөөний эрчмийг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн юм. Үүнээс гадна дүүргийн нутаг дэвсгэрт нийт 6 байршилд 600 метр түр хайс, тэмдэг, хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг байрлуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах уулзвар замуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой. Хэрэв ийм арга хэжмээ авахгүй бол зарим үед замын цагдаа нар талбайн үйлчлэгч шиг ажиллаж байна гэсэн. БГД-т 15 сургуулийн гадна орчинд шинээр авто зогсоол байгуулах шаардлагатай Зөвлөлийн хурлын үеэр бас нэг чухал асуудал хөндсөн нь “Хүүхдэд ээлтэй Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд 113 болон 19 дүгээр сургуулийн орчмыг хүүхдэд аюулгүй байлгахад анхаарч, зарим арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцолсон. Тухайлбал, 113 дугаар сургуульд эцэг эхчүүд хүүхдүүдээ хүргэж өгөхөд хэд хэдэн асуудал тулгардаг. Нэгдүгээрт сургуулийн орчимд авто зогсоол байхгүй, зам нь уруу байрлалтай учраас эцэг эхчүүд зам дагуу хүүхдээ буулгаад явдаг. Энэ нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэлийг бүрдүүлдэг. Иймээс сургуулийн хажууд байгаа гараашийг буулгаж газар чөлөөлөх, түүн дээрээ авто зогсоол байгуулах шаардлагатай байна гэсэн юм. Хоёрдугаарт, тус сургуулийн орчимд явган хүний замыг өргөтгөх шаардлагатай. Зарим хүүхэд холоос алхаж ирдэг учраас замыг өргөтгөх, гэрэлтүүлэг нэмэх шаардлагтай гэдгийг онцоллоо. Үүнээс гадна БГД-ийн 20 дугаар хороо 19 дүгээр сургуулийн баруун талын гараашуудыг мөн л буулгах шаардлагатай байна. Учир нь хүүхдүүд сургуульдаа ирж очихын тулд 6 эгнээ, 18 метр өргөн хөдөлгөөний ачаалал ихтэй авто замаар зорчдог бөгөөд зам тээврийн осол өртөх магадлал өндөр. Иймээс сургуулийн хажууд байрласан гараашуудыг буулгаснаар 16 метр өргөн, 50 метр өргөнтэй 40-50 авто машины ил зогсоолыг байгуулах боломжтой. Хэрэв энэ зогсоолыг байгуулчихвал эцэг эхчүүд хүүхдүүд зам дагуу буулгах шаардлагагүй болно гэлээ. Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээ болон саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд зарим байршлууд тэр дундаа “Алтай хотхон”, Гурвалжингийн гүүр болон Өргөө кино театр мөн сургууль орчмын бүсийг хүүхдэд аюулгүй болгох саналуудыг газар дээр нь очиж үзэн цаг алдалгүй шийдвэрлэх болно. Үүнээс гадна Гурвалжингийн гүүрний засвар шинэчлэлд зайлшгүй анхаарах шаардлагатай. Учир нь хот баруун тийшээ тэлж байна. Хан-Уул, Яармаг чиглэл рүү хөдөлгөөн нэмэгдэнэ. Иймээс Гурвалжингийн гүүрний явган хүний замыг өргөтгөн шинэчлэх, дугуйн замтай болгох, одоо явган хүний зам дээр суурилуулсан гэрэлтүүлгийг замын гол шилжүүлэх шаардлагатай бөгөөд холбогдох судалгааг хийе. Мөн Барс зах орчимд түгжрэл их үүсдэг. Иймээс гүүрэн гарц байгуулах асуудлаар захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулая. Үүнээс гадна түр хайс, тэмдэг авах төсвөө нягталж мэдээллээ ирүүлээрэй. Цаашид бид энэ ажлуудаа том зураглалаар ажлуудаа харж хийх шаардлагатай гэсэн юм.

УЛИАСТАЙД УЛИАС МОДНУУДЫГ ХИАРУУЛЖ БАЙГАА АСУУДЛЫН АРД ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БАЙГАА ЮУ?

МУ Ерөнхийлөгчийн санаачилгаар ТЭРБУМ мод үндэсний хөдөлгөөн эх орон даяар зарлаж эхнээсээ хэрэгжиж нийслэл Улаанбаатар хот болон, хөдөө орон нутаг сум дүүргүүд, айл өрх бүр дор бүрнээ мод тарих аянд нэгдэж байгаа билээ. Г этэл сайны хажуугаар саар гэгчээр хуучин мод үржүүлгийн газар байсан газрын моднуудыг нь тайрч устгаж байх юм.

ЦАГДААГИЙН БИЕД ХАЛДСАН ИРГЭНИЙГ ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАСЖЭЭ

Нэгэн иргэн тээврийн цагдаагийн алба хаагчийн биед халдаж буй зураг олон нийтийн сүлжээнд түгээд байгаа. Тэгвэл тус гэмт хэргийн шинжтэй, цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдаж буй үйл явдал Даваа гараг /2022.04.25/-т нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарчээ. Иймд тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Тухайн иргэн тус үйлдлийг гаргахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул түүний жолоодох эрхийг нь хассан байна. Улмаар цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан тус үйлдлийг Эрүүгийн тухай хуулийн 23.1-д хамаатуулан шалгаж байж болзошгүй байна. Эрүүгийн тухай хуулийн 23.1.1-д, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ: БНСУ-ЫН ИРГЭД МАНАЙ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭГДЭЭД ЯВЖ БАЙГАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар өнөөдөр /2022.04.28/ 100 хоногийн ажлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “БНСУ дунджаар 27 сая жуулчинтай. Үүний 16 сая нь Хятад болон ойролцоо улсуудад жуулчилдаг ийм тоо бий. Харин 2019 онд манай улсад хамгийн дээд цэгтээ 100 мянган жуулчин ирсэн байгаа юм. Энэ нь хоёр хүчин зүйлээс нөлөөлж байна. Нэг нь агаарын тээвэр, хоёрдугаарт визтэй холбоотой. Гэхдээ БНСУ-ын элчин сайдаас болон аялал жуулчлалын компаниудаас ирсэн хүсэлтийг үндэслээд Монгол Улсын ЗГ-аас хуралдаанаар оруулж, Засгийн газраас тэмдэглэл гарсан. БНСУ-ын жуулчид визгүй зорчих асуудал шийдвэрлэгдээд явж байгаа” хэмээв.

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХҮҮХЭД НАС БАРЛАА

Хурдан морины уралдааны үеэр 14 настай унаач хүү мориноосоо унаж нас баржээ. Сунгааны үеэр унаач хүүхэд мориноосоо унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алджээ. Унаач хүү 14 настай байжээ. Хүүг гэмтсэн даруйд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ.

ХОРТ ХАВДРААР ШАНАЛЖ БУЙ Б.ТЭМҮҮЛЭНГИЙН ААВ: ДҮҮГИЙНХЭЭ, АХЫНХАА ТӨЛӨӨ ХОЁР ОХИН МААНЬ ДОНОР БОЛОХ ГЭЭД БЭЛТГЭЛ АЖЛУУДАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА

“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүслээ. тэд өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд хандив цуглуулах үйл ажиллагаагаа эхлүүлж буй бөгөөд хандиваа цуглуулж дуустал талбайгаас явахгүй хэмээн хэлж байна. Тэд бал зарахын зэрэгцээ Хараагүйчүүдийн үндэсний төвийнхнөөс илгээсэн давсаар хийсэн сувинерыг зарж байгаа бөгөөд. Тус төвөөс хүүгийн эмчилгээнд зориулж тэдгээр бүтээгдэхүүнээ хандивлажээ. НЭГ СЭТГЭЛ - НЭГ АМЬ " ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ , ЭНЭХҮҮ ГЭР БҮЛД ТУСЛАХЫГ ХҮСВЭЛ ХААН БАНК 5845426180 Н . БАТЗУЛ ГЭСЭН ДАНСААР ХАНДИВ ӨРГӨХИЙГ НИЙТ МОНГОЛЧУУД БОЛОН ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД ТА БҮХНЭЭСЭЭ ХҮСЭЖ БАЙНА . Тодруулбал: Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 сая төгрөгийн үнэтэй юм байна. Түүнчлэн хүүгийн донор болохоор эгч, дүү нь хоёр нь шинжилгээгээ өгөөд, бэлтгэлээ хангаж эхлээд байгаа юм. Б . Тэмүүлэн хүүгийн аав Н . Батзул хэлэхдээ "Бидний та бүхэнд хандаж байгаа шалтгаан нь бидний хайртай хүү Б.Тэмүүлэн 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдартай гэдэг нь оношлогдож өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Монголчууд бидний хэлж заншсанаар хүүхдийн таван нас хүртэл шүт гэдэг үг байдаг. Гэтэл миний хүү тэр насаа эмнэлгийн орон дээр дуртай амттанаа идэж ч чадахгүйгээр эм ууж өнгөрөөсөн байна. Бид бүхэн 2019 оноос хойш энэхүү өвчинтэйгөө тэмцэж байна. Гэсэн хэдий ч 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хяналтын шинжилгээгээр Монголд эмчлэгдэх боломжгүй болсон учраас бид яаралтай Турк улсыг зорих болсон. Эмчилгээний төлбөр 500 гаран сая төгрөгөөр үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо. Тиймээс Монгол ахан дүүсээсээ туслаач хэмээн хүсэж байна. Өөрсдийн боломж бололцоо, ахан дүүсийн дэмжлэг байгаа хэдий ч их мөнгөний захад хүрч чадахгүй байна. Хүүхдийнхээ ийм байдлыг харахад миний сэтгэл өдөрт хэд нурж байна. Мөн дүүгийнхээ, ахынхаа төлөө хоёр охин маань донор болох гээд бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Аав ээж нь ч гар хүрч үзээгүй хоёр охиндоо мэс хүргэх гэж байгаадаа хэцүү байна. Гэхдээ хүүгээ гаргуунд гаргаж болохгүй. Энэ бүхнийг эцсийг хүртэл тэмцэнэ. Бид байгаа эд хөрөнгөө зараад , ажлын газрын хамт олон , ах дүү хамаатан саднууд дэмжиж байгаа ч тэр их мөнгийг цуглуулахад хугацаа их шаардаж байна . Цаг хугацаа удаж тусам хүүгийн маань биеийн байдал муудаад байна . Та бүхэн минь чадлаараа туслаарай . Бидний хүч үнэхээр хүрэхгүй байна . Чөмөг шилжүүлэх хагалгааны донор заавал төрсөн ах, эгч дүү байдаг юм байна. Эцэг эх, ялангуяа эцгийн таарах магадлал тун бага байдаг юм байна. Хүү маань сульдсан. Алхаж гишгэж чадахаа байсан. Хэвлий хэсэг нь томорсон. Мөн биеэр нь цусан тууралт үүссэн. Мэдээж хоёрхон настай охиндоо мэс хүргэж ахынх нь донор болгох гэж байгаад эцэг хүний хувьд маш хүнд шийдвэр байлаа. Бидэнд одоо 100 сая төгрөг л байна. 500 сая болгочихвол хүүхдээ аварч чадах нь.Эмнэлгийн зүгээс донор болсон хүнд ямар ч гаж нөлөө байхгүй гэж байгаа. Гэхдээ хүнээс элэг бөөрийг нь авахаар яадаг билээ. Хос чөмгийг нь авахаар яадаг юм байгаа юм мэдэхгүй" гэв. Харин ээж Б . Энхтуяа "Бид хоёр 2013 онд их дээд сургуулиа төгсөөд түүнээс хойш орон нутагтаа ажиллаж, амьдарч нэг ч сар амралгүй улсад ажиллаж, татвар шимтгэлээ төлсөөр ирсэн. Гэтэл өнөөдөр үнэхээр санхүүгийн боломж хүрэхгүй байна. Хамаг юмаа зарсан ч хүрэхгүй байна. Монгол орноос гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гээд бичиг хийгээд өгчихсөн. Ээмэг зүүлт, гэр орноо бүгдийг нь зарсан ч өчүүхэн хэсэг нь л бүрдэж байна. Тиймээс Монголынхоо ард түмнээс сэтгэлийн дэм хүсэж байна. Хүү маань одоо "Би намар сургуульд орно тийм ээ" гээд өдөр бүр ярьдаг. Үнэхээр хүүгээ сургуульд ороод бусдын адил амьдраасай гэж эх хүний хувьд чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний охин ч гэсэн "Би дүүдээ донор болоод эрүүл болгоно" гэж ярьдаг. Бид хоёр зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Цаг хугацаа байдаг бол өдөр шөнөгүй ажиллаад энэ мөнгийг босгомоор байвч өнөөдөр хугацаагүй болчихоод ард түмнээсээ тусламж хүсэж байна. Чин сэтгэлээсээ гуйж байна" хэмээсэн юм. Иймд энэхүү гэр бүлд элэг бүтэн амьдрал, аз жаргал бэлэглэж ард түмэн минь хандивын гараа сунгахыг уриалж байна

1 ... 216 217 218 219 220 221 222 223 224 ... 317