НЭГҮҮН МЭДЭЭ
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ БОЛОН МСҮТ-ИЙН ХИЧЭЭЛИЙГ ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийсэн. Тэрбээр "Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай тул энэ хугацаанд эхэлнэ. Гэвч ачаалал өндөртэй, түгжрэлд нөлөөлдөг тодорхой байршлууд дахь 20 орчим сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг 15-30 минутаар өөрчилнө" гэлээ. Мөн тэрбээр "КОВИД-19-ийн халдвар дахин дэгдэх эрсдэл байна. Гэхдээ бид хичээл сургалтыг хугацаанд нь эхлүүлэх бөгөөд хүүхдэдээ вакцин хийлгэх шаардлага тавихгүй. Харин сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг амны хаалттай байлгахад эцэг эх, асран хамгаалагчид нь анхаараасай гэж хүсэж байна. Хичээл эхлэхэд 1.2 сая хүүхдийн хөдөлгөөн эхэлдэг тул эрсдэл бий. Үүнд Эрүүл мэндийн яамтай хамтран сэрэмжлүүлгийг хүргэх болно" хэмээв.

ХУУЛЬ САХИУЛАГЧИЙГ АЛБАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХТЭЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЧ ХЭРЭГЛЭН ЭСЭРГҮҮЦСЭН БОЛ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОЖ ЯЛ ЭДЛҮҮЛНЭ

Иргэн Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба Цагдаагийн алба хаагчийн “тээврийн хэрэгслээ унтраа” гэсэн шаардлагыг эсэргүүцэн түүний хэвлийн тус газарт гараараа нэг удаа цохьсон. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэмт хэрэгт тооцно. Хуульд зааснаар “хууль сахиулагч” гэж цагдаа…”-г ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан. Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох гэх мэт бие махбодийн хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно. Шүүхээс Б-гийн дээрх үйлдлийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэрүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар заасан. Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүхээс торгуулийн ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож өгсөн ба тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болно. Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Шийдвэрийн дугаар 2022/ШЦТ/28 Энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа

ЗАСАЛ ХИЙХ НЭРИЙДЛЭЭР 15 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ЛАМД 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Өнгөрөгч тавдугаар сард 45 настай лам Ө нь айлд засал хийхээр очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлнэ" хэмээн дуудан гаргаж, автомашиндаа суулгаж шашны зан үйл хийх нэрийдлээр охины цээжин хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, шүүх хуралдаанаас шүүгдэгч Ө-г гэм буруутайд тооцож, 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.

МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ АВТОМАШИН ЖОЛООДОЖ ЯВСАН ЗАЛУУСЫГ СААТУУЛЛАА

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид энэ сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ үед сэжигтэй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны 2 иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэв. Улмаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулдаг. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ улмаас эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус бий. Иймд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсээ хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулан сурталчилж, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар

НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН АШИГ 300-900 ХУВИАР ӨСЖЭЭ

Дэлхий даяар хэт халалт үргэлжилж, гол мөрөн ширгэж байгаа энэ үед улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн хямралд өртөж байгаа ч нүүрс ухаж мөнгө олоход тохиромжтой ийм сайхан цаг сүүлийн хэдэн арван жилд тохиож байсангүй. ОХУ-ын Украинд хийсэн дайралтаас үүдэлтэй эрчим хүчний зах зээлийн цочролын давлагаа нь дэлхий дахиныг хамгийн бохир түлшнээс улам бүр хамааралтай болгож байна. Эрэлт нэмэгдэж, үнэ нь бүх цаг үеийн дээд цэгт хүрч өсөх тусам томоохон нүүрс үйлдвэрлэгчдийн ашиг орлого өссөөр байна. Түүхий эдийн аварга “Glencore Plc”-ийн мэдээлснээр нүүрсний үндсэн орлого жилийн эхний хагаст бараг 900 хувиар өсөж 8.9 тэрбум ам.долларт хүрсэн нь “Starbucks Corp” болон “Nike Inc”-ийн бүтэн жилийн орлогоос ч илүү байна. Дэлхийн номер нэг нүүрс үйлдвэрлэгч “Coal India Ltd”-ийн ашиг бараг гурав дахин нэмэгдэж, дээд амжилт тогтоосон бол дэлхийн нүүрсний талаас илүү хувийг үйлдвэрлэдэг Хятадын компаниудын орлого жилийн эхний хагаст хоёр дахин нэмэгдэж, нийтдээ 80 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хэрэв илүү их нүүрс олборлож, шатаавал дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс бага байлгах магадлал улам бүр буурна. Банкууд санхүүжилтээ зогсооно гэж амлаж, улс орнууд цахилгаан станцуудаа салгаж дэлхийн удирдагчид нүүрсний хэрэглээг эцэслэн зогсоох хэлэлцээрт ойртсон. Азийн жишиг болох Австралийн Ньюкасл боомт дахь нүүрсний үнэ долоодугаар сард дээд амжилт тогтоожээ. “Glencore”-ийн өндөр ашиг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг дахин 4.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Азийн хамгийн баян хүн Гаутам Аданигийн эзэмшлийн "Adani Enterprises Ltd" компанийн олсон орлого зургаадугаар сарын 30 хүртэл гурван сарын хугацаанд нүүрсний үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр 200 гаруй хувиар өссөн байна. Европт цахилгаан эрчим хүчний үнэ дээд цэгтээ хүрч, хөгжиж буй орнуудын иргэд цахилгаан эрчим хүч импортлох боломжгүйгээс болж өдөр бүр цахилгаан тасарч байна. Энэ сарын эхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эрчим хүчний компаниудыг шүүмжилж, гэнэтийн ашгийн татвар авахыг уриалсан юм. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ асар их байгаа хэдий ч нүүрс шатаах нь нийт цахилгаан эрчим хүчний 35 хувийг бүрдүүлэхээс гадна дэлхийн эрчим хүч үйлдвэрлэх гол арга хэвээр байна. Хятадын Засгийн газар энэ онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 300 сая тонноор нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд тус улсын төрийн өмчит томоохон үйлдвэрлэгч ашгийнхаа ачаар хөгжлийн хөрөнгө оруулалтыг талаас илүү хувиар нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Өнгөрсөн жил Глазго хотод болсон НҮБ-ын бага хурал дээр Хятад, Энэтхэг хоёр хамтран ажиллаж, нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар зогсоох болон үе шаттайгаар буулгахаа мэдэгдсэн. Тухайн үед шатахуун хэр үнэтэй болохыг таамаглах хүн цөөхөн байсан. Жилийн өмнө олон улсын томоохон уул уурхайн компаниуд (Glencore-г эс тооцвол) нүүрснээс бүрэн татгалзаж байсан бөгөөд өчүүхэн өгөөж нь хөрөнгө оруулагчид болон уур амьсгалын идэвхтнүүдийн дарамт шахалтад автаж байв. “Glencore” өөрийн хуучин түнш болох “Anglo” болон “BHP” группээс Колумбын уурхайг худалдаж авсан. “Glencore” өнгөрсөн оны сүүлч үеэр уурхайг бараг л үнэ төлбөргүй авсан гэсэн үг. Энэ оны эхний зургаан сард нэг уурхайгаас хоёр тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нийт нүүрсний бизнесийнхээ орлогоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Шинжээчид болон нүүрсний салбарын удирдлагууд зах зээл хатуу хэвээр байх болно гэж үзэж байгаа тул ашиг орлого өсөх хандлагатай байна. Эх сурвалж : Өглөөний сонин

ЕБС-ИЙН СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын 5 төв, нийт 162 байгууллагад зарлагдсан багш, ажилчдын сул орон тооны мэдээллийг хүргэж байна. Ажлын байрыг сонирхож байвал тухайн байгууллагад хандана уу.

МОНГОЛ-ОРОС ХОЁР ОРНЫ ХАМТАРСАН СУРГУУЛЬ БАЙГУУЛНА

ОХУ-ын ажлын хэсэг Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах асуудлаар манай улсад ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Монголын талаас нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийг үе шаттайгаар ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх, Монгол-ОХУ хамтарсан сургууль болгох саналыг тавив. Мөн орос хэлний багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хэлний чадавхийг сайжруулах чиглэлээр МУБИС болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран ажиллахаар болов.

22 БАЙРШИЛД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ГАРЛАА

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа юм. Иргэд, худалдаа эрхлэгчид асар, майхнаа бэлдэн оролцвол нэмэлт төлбөр, хураамж авахгүй. Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн иргэд, худалдаа эрхлэгчид хүсэлтээ дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст гаргах боломжтой юм.

С.МӨНХЧУЛУУН: БАНКУУД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЗЭЭЛИЙН 1%-ИЙГ АВЧ БАЙНА

Банкууд зээл өгөхдөө нэг хувийн шимтгэл авдаг. Энэ нь тооцоо судалгаагүй гаргасан зүйл гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун хэллээ. Тэрбээр "Банкны зээлийн шимтгэл 1%-ийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өглөө 1%-ийг нь өг гэдэг нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, нөгөө яригдаад байдаг тендер авч өгөөд хувь авдаг гэдэг шиг л харагдаж байна. Тиймээс банкнууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй" гээд дараах асуудлыг хөндөв. Иргэд бүгдээрээ 1%-иа авна гэвэл яах вэ? гайгүй явж байгаа банкны салбараа татаж унагаах гэж байна гэсэн асуулт, шүүмжлэл ирж байна. Хууль бусаар ашиг олж оршин тогтнодог салбар байж болохгүй. Салбар нь уначих вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар чимээгүй амаа хамхиж, нүдээ аниад сууж болохгүй. Мөн "Банкнууд иргэдээс хууль зөрчиж 1%-ийг аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлээд хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан 1%-ийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа. 30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно" гэжээ.

БНСУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРЭХЭД МӨРДӨГДӨЖ БУЙ ЖУРАМ

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас тус улс руу нэврэхэд мөрдөгдөж буй журмын талаар дараах мэдээллийг хүргэж байна. Энэхүү журам нь 2022 оны долоодугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй юм. Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах. Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах. Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэнэ. PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх. PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна. Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна. Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу. 2022 оны зургаадугаар сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлан ажиглахгүй, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орсны дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

1 ... 194 195 196 197 198 199 200 201 202 ... 334