НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨӨМӨӨ ХҮҮГЭЭ “АВИЛГА”-ААР СУРГУУЛЬД ОРУУЛСАН ЭСЭХТЭЭ ТАЙЛБАР ӨГСӨНГҮЙ...

БХЯ-ны харьяанд байдаг, ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ-ийг сурагчдын эцэг эхчүүдээс мөнгөн хандив авсан үндэслэлээр 2022-09-27-ны өдөр албадан саатуулж шалгаж эхэлсэн. 

Тодруулбал, ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнийн тухайд батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалтгүйгээр сургуульдаа элсүүлсэн атлаа цэргийн сургуульд суралцах хүсэлтэй жирийн иргэдийн хүүхдүүдийг оруулахдаа хандивын мөнгө авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. 

Түүний албан өрөөнд нэгжлэг хийгээд эд мөрийн баримт байж болзошгүй багагүй хэмжээний мөнгө хураасан байдаг.Дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ шалгагдаж байх хугацаандаа хэн хэний хүүхдийг гуйлгаар оруулсан гэдгээ хүлээсэн. Тэдэн дунд Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгийн хүү багтжээ. Бид энэ талаарх мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр түүний 9911... дугаарт холбогдон лавлахад: “Миний хүүхэд сурдаг эсэхийг өөрөө олоод тодруулахгүй юу даа. Чи цагдаа биш биз дээ? Хүндэтгээд утсыг чинь авлаа шүү. Өөр юмгүй” гэв. Биднийг хүндэтгэн утасны дуудлагыг авсан даргын яриаг Нэгүүн сайтын сошиал хуудсанд байршуулав.

Өөрөөр хэлбэл өөрийнх нь хүүхэд тус сургуульд сурдаг эсэхэд тэрбээр баттай хариулт өгсөнгүй ихэд эгдүүцсэн бололтой байлаа. ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нь Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад туслах нь байсан, Гадаад харилцааны сайд болоход нь дагаж тус яам руу шилжин яваад эргээд БХЯ-нд ирж ажилласан, тус сургуулийн захирлаар томилогдоод удаагүй нэгэн аж. БХЯ-ныхан түүнийг анги салбарт төдийлөн ажиллаж үзээгүй атлаа асар хурдан цэргийн цолуудыг авсан хүн гэж ярьдаг юм.Тэгвэл ийм хүнд хотын даргын орлогч авилга өгөөд хүүгээ сургуульд оруулсан байж болзошгүй гэх мэдээлэл бий юм...

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.