НЭГҮҮН МЭДЭЭ
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Э.БОЛОРМААГ СОНГОЛОО

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхэлж, өнөөдөр /2022.08.29/ үргэлжиллээ. Тус хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн. Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжлээ. Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Харин одоо тус бодлогын чухал хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд захирамж гарган Засаг даргаар батламжлах юм.

НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ҮР ДҮНД НИЙТ АЖИЛЧДЫНХАА ҮНДСЭН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЛЭЭ

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих" сар болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний хүрээнд эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэн байгууллагын нийт ажилтны ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар нэмэгдүүлж, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Тухайлбал, 21 сувилагч, 2 туслах сувилагч, эмч, эм зүйч, дүрс оношилгооны техникч, ариутгагч, лаборант, хүчилтөрөгчийн техникч, слесарь, жолооч, үйлчлэгч тус бүр нэг ажилтанд олголоо. Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа УНТЭ-т 8-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгосон ба түүнчлэн цаашид 8-аас дээш жил тогтвортой ажиллах, өмнө нь орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 33 эмч, эмнэлгийн ажилтныг хамт олон дэмжсэнээр сонгосон шалгаруулжээ. УНТЭ нь гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ийнхүү нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах боломжийг бүрдүүлээд байна.

БНСУ-Д ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ, ВИЗНИЙ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЧИГЛЭЛЭЭР СУДЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн чиглэлээр Солонгосын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, карго тээврийг эрчимжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсад аялал жуулчлалаар зорчих БНСУ-ын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, Солонгосын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, БНСУ-ын цахим виз олгох жагсаалтад Монгол Улсыг хамруулах, хэтдээ хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар нааштай судалж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд онцолж хэллээ. Уулзалтын үеэр монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах асуудлаар хоёр тал хамтран судалж, визний нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд онцгойлон анхаарч, хамтран судалж Ажлын хэсэг гаргахаар тохиролцов. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Монгол Улсын Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (AПЕК)-д элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох саналыг дэмжихээ илэрхийллээ. Мөн газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулахад БНСУ-аас буцалтгүй тусламж олгохоо илэрхийллээ. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бий болгох Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд “Шинэ зуун мод" хотын хөгжүүлэлт төслийг хэрэгжүүлэх болсныг БНСУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэн хэллээ.

ХУШНЫ САМАР ХУДАЛДАН АВСАН БОЛ ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛЭЭР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хуш модны болц гүйцээгүй түүхий самар түүж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон. Сибир хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол дараах хариуцлагыг хүлээнэ. Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх: 1. Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана.

МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН УРГАМАЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЗҮЙЛ АВЧ ЯВСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр сэжиг бүхий Subaru forester маркийн тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар 22-23 насны гурван иргэн cэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй хоёр уут нунтаг ургамалыг биедээ авч явж байсныг илрүүлсэн аж. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгсөн байна.

ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХУВААРИЛАГДСАН БОЛ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ЗӨРҮҮГ ТӨЛНӨ

Манай улс энэ жил анх удаа цэцэрлэгийн хүүхдийн сугалааг халж цахимаар бүртгэсэн. Улсын цэцэрлэгээс гадна хувийн хэвшилд хүүхдүүдийг хамруулах зохицуулалтыг хийсэнд салбарын сайдын хэлдгээр олон нийт алга ташсан. Өөрөөр хэлбэл, энэ жил цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй зохицуулалт хийлээ хэмээж олон нийтээс өндөр үнэлгээ авч эхлэв. Гэвч цахим бүртгэл, хуваарилалтын дараа үл ойлголцол, шүүмжлэл дагуулсан олон асуудал эцэг, эхчүүдийн өмнө босч ирлээ. Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тэгвэл энэ их хөрөнгө, зохицуулалт хэр үр дүнтэй байгаа нь бодит байдал дээр багагүй шүүмжлэл дагууллаа. Цэцэрлэгийн бүртгэл хуваарилалтын дараа хүүхэд нь хувийн цэцэрлэгт хамрагдахаар болсон, мөн өмнө нь гэрийнхээ хажууд улсын цэцэрлэгт явж байсан бол холдуулж хувийн цэцэрлэгт хуваарилсан. Ингэхдээ мөн нэг айлын хоёр хүүхдийг хоорондоо зайтай хоёр өөр цэцэрлэгт оруулсан зэрэг маргаантай олон асуудал байгаа аж. Эцэг эхчүүдийн хамгийн бухимдаж байгаа зүйл бол өмнө нь улсын цэцэрлэгт явж байсан хүүхдийг дахин бүртгэж хуваарилахдаа хувийн цэцэрлэгт оруулсан. Тэрхүү цэцэрлэг нь 400-600 мянган төгрөгийн төлбөртэй. Гэтэл төрөөс хувьсах зардал гэж хэдэн төгрөг олгох нь тодорхойгүй. Зарим цэцэрлэгийн өгсөн мэдээллээр төрөөс 150 мянган төгрөг өглөө гэхэд 250-450 мянган төгрөгийг эцэг, эхчүүд төлөхөөр байгаа. Үүнээс гадна хоолны мөнгө нэмж авна гэсэнд бухимдаж зөвлөл хүртэл байгуулжээ. Энэ талаар БШУЯ-наас тодруулахад “Систем автомат хуваарилалт хийхдээ таван настай хүүхдүүдээс эхэлж цэцэрлэгт хуваарилсан учраас нэг айлын хүүхдүүдийг ялгаж таниагүй. Тиймээс хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргаж, цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг нэгж дээр шийдвэрлэнэ. Цэцэрлэг бүр харилцан адилгүй төлбөртэй. Төрөөс хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгон, хоолны мөнгө нэмэлтээр өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийн дараа тухайн цэцэрлэгийн төлбөрт зөрүү гарвал эцэг эх, асран хамгаалагчтай нь харилцан тохиролцож зөрүүг тооцож авна” гэсэн тайлбарыг өглөө. Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилж, мэдээллийг асран хамгаалагчдад мессежээр илгээгээд байгаа юм. БШУЯ-ны мэдээлснээр цахим бүртгэлээс гадна 24 цаг, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилжээ. Хэрэв утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг зөвлөөд байна. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарчээ. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид. Тэгвэл урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байна. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа" гэсэн юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

МОНГОЛ УЛС 2050 ОНД САНСРЫН ТЭРГҮҮЛЭХ ОРОН БОЛНО ГЭСЭН ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ

МОНГОЛ УЛС 2050 ОНД САНСРЫН ТЭРГҮҮЛЭХ ОРОН БОЛНО гэсэн зорилго тавьжээ. 1. 2050 онд Монгол сансрын тэргүүлэх орон болно. 2. Цалин тэтгэврийн доод хэмжээ 2050 онд 5000$-д хүргэнэ 4. Монголд 400 сая жуулчин хүлээн авдаг болно. 5. Сингапурын загвараар улсаа хөгжүүлнэ. 6. Хотоос шилжиж ажиллах сэхээтний цалинг нэмэгдүүлнэ. 7. Өгий нуур, Хөшигтийн хөндийд шинэ хот байгуулна. 8.Буруу хүрдтэй машиныг хөдөлгөөнд оруулахыг хориглоно.

ШӨНИЙН ЦАГААР ДРИФТ ХИЙВЭЛ МАШИНЫГ ЖУРАМЛАЖ ЯНДАНГ ХУРААНА

Нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зориулалтын бус автомашины яндантай дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоож буй тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас тодорхой байршлуудад алба хаагчид хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна. Зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах аж. Зөрчлийн тухай хуулиар 22:00 цагаас хойш олон нийтийн газарт иргэдийн тайван байдлыг алдагдуулах нь хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Тиймээс цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна гэдгийг ТЦА-наас мэдэгджээ.

1 ... 187 188 189 190 191 192 193 194 195 ... 334