ҮСЧИН, ГОО САЙХНЫ САЛБАРЫН АЖИЛЧИД ХОРТОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Сайн байна уу? Ярилцлагаа эхлэхээс өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач

“ШИЛДЭГ МАСТЕР ТӨВ” ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Б.БЯМБАСҮРЭН:

Намайг Буяндалайн бямбасүрэн гэдэг. Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт үсчин, гоо сайханч мэргэжлээр 25 жил ажилласан. Анх дагалдангаас эхлээд бүхий л шат дамжлагаар явж байна. Туслах үсчин, үсчин, салоны менежер, компаний захирал, төвийн тэргүүн болтлоо явсан. Анх 2008 онд өөрийн “Byambaa’s” салоноо нээснээс хойш 2019 он хүртэл дөрвөн салбартай болж өргөжиж байсан. Одоо “Шилдэг мастер төв” /Top master’s center/ холбоогоо авч явж байна. 

Та өргөжиж байсан гэлээ. Одоо салбарууд нь ажиллаж байгаа юу?

2019 онд татан буулгасан. 

Нууц биш бол яагаад татан буулгасан талаараа ярьж болох уу?

Нуух юу байхав. Байгууллагын менежментийн ойлголт болон хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлаасаа л болсон доо. Бидэнд чинь төрийн болон төрийн бус байгууллагын ямар нэг дэмжлэг ирдэггүй шүү дээ. Энэ талаар ч мэдлэг мэдээлэл хомс байлаа. Энэ салбарын хөгжүүлэлт дээр сургалт, судалгааны ажил маш хомс байдаг. Улмаар салбарт маань дэмжлэг хэрэгтэй байгааг маш сайн ойлгож авсан. Тийм ч учраас энэ төвийнхөө үйл ажиллагааг салбарынхаа асуудлыг шийлдвэрлэхэд чиглүүлэн ажиллаж байна. 

Та бүхэн салбарынхаа асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

Салбарын асуудлаа шийдвэрлэхэд ганц миний амьдралын туршлага хангалтгүй л дээ. Тийм учраас эхлээд статистикийн төв газраас салбарын мэдээ мэдээллийг цуглуулж авах гэж үзсэн. Гэтэл тэр байгууллагад байгаа мэдээлэл маш хангалтгүй байлаа. 2021.11.20-ны байдлаар улсын хэмжээнд ердөө 330 салон бүртгэлтэй байсан. Тийм биш байхгүй юу. Эндээс нэг зүйл харагдаж байгаа юм. Манай салбарт анхаарч ажиллах нь битгий хэл үйл ажиллагаа явуулдаг нийт салонуудын судалгаа ч байдаггүй юм байна. Тэгэхээр бид эндээс ажлаа эхлэх шаардлагатай боллоо л доо. Ингээд манай холбооны хамт олон 21 аймаг, 9 дүүргээрээ тойрч салбарынхаа бодит судалгааг хийж эхлээд байгаа юм. 

Судалгаа нь одоо хэдэн хувьтай явж байгаа вэ? 

Бид 2022.02.22-ны өдрөөс эхлэн судалгааны ажлаа эхлүүлсэн. Баруун таван аймагруугаа эхлээд хөдөллөө. Хамгийн эхэнд Баян-Өлгий аймгийн салбарынхантайгаа уулзалт хийсэн юм. Бидний төсөөлсөн шиг их хүн оролцоогүй ч хангалттай мэдээлэл авч чадсан. Наашлаад Ховд аймагт ирсэн байдаг. Гэтэл тэнд бас асуудал үүсэх нь тэр. Салбарын хүмүүсээ цуглуулах гэтэл “Үсчин, гоо сайханчдын холбоо”-ны Ц.Цогзолмаагийн зөвшөөрөлгүйгээр ямар ч хүмүүстэй уулзах боломжгүй гэсэн хариу өглөө. Тэгэхээр нь би Ц.Цогзолмаа даргатай яриад учир шалтгаанаа хэлтэл “Чи битгий бидний арай гэж нэгтгэж авсан орон нутгийн хүмүүс дээр хуваагдал үүсгээд бай” гэдэг юм байна. Уг нь бол эднийхээ дунд хуваагдал үүсгэх гэсэн юм биш шүү дээ. Энэ салбарт шийдэх ёстой олон асуудал байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах л гэсэн юм. Гэтэл холбооны гишүүд маань хоорондоо ойлголцохгүй байгаа нь ч манай салбарын асуудал болжээ. Тиймээс “энэ асуудлыг ч бид засах хэрэгтэй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Ямар ч үед нэг зүйл ойлгомжтой байдаг. Тэр бол Үсчин, гоо сайхны салбарынхан хоорондоо маш сайн ойлголцож, хамтдаа хөгжих ёстой гэдэг нэг зүйл.   За энэ асуудлыг орхиод цаашлъя. Хэдий тийм асуудал гарсан ч бид уулзалтаа хийгээд наашаа Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Зүүнхараа, Хэнтий, Багануураар яваад байна. Энэ хооронд тодорхой асуудлууд үүсэж байсан ч аль болох боломжоороо шийдвэрлээд ирсэн. Цаашид үлдсэн аймгуудаараа явах төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө 30 хувьтай явж байгаа. Цаашид нилээн эрчимтэй ажиллах төлөвлөгөөтэй байна. Маш олон мэдээлэл бидэнд цуглаж эхэлсэн. Олон ч асуудал энэ салбарт бугшсан байгааг бид олж харсан. Эдгээрийг салбарынхантайгаа хамтарч шийдвэрлэх болно. 

Олон асуудал бугшсан байна гэлээ. Тухайлбал яг ямар асуудлууд тулгамдаад байгаа бол?

Бид аймгуудаар тойрохдоо асуудлууудаа сонсоод яваад байгаа. Салбарынхан маань үнэхээр тулгамдсан асуудлаа нээлттэй яриж байна л даа. 

Жишээлбэл:

Хамгийн эхэнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох асуудал яригдаж байна. Мөн 

Шагнал урамшуулал олгох тогтолцоо

Тэмцээн уралдааны шүүлт

Ковид гэх мэт онцгой нөхцөл байдалд салбарын эрх ашиг хангагдаагүй

Салбар дундын туршлага солилцоо байхгүй

Мэргэжлийн болон бусад дэмжих мэргэжлийн хүний нөөц хомсдолтой

Салоны менежмент, хүний нөөц, санхүү, маркетинг зэрэг нарийн мэргэжлийн цогц сургалт огт байдаггүй зэрэг асуудлууд дийлэнх яригдаж байна. 



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.