НАЛАЙХ ДҮҮРЭГТ БИТҮҮ ГАРАЖИД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙСАН СУРАГЧИД БӨӨНӨӨРӨӨ УХААН АЛДАН УНАЖ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 19 цагийн үед нэг ангийн таван сурагч ухаан алдаж унасан байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тодруулбал:Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн нэг ангийн таван сурагчид аж.Одоогоор /2022.11.18/ үүрээр ЭХЭМҮТ-д ирэн хэвтэн эмчлүүлж байна.

Дөрвөн хүүхдээс нэг нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа байна.  Аравдугаар сараас эхлэн 2-3 удаагийн давтамжтай хүүхдүүд ухаан алдаж унаж, хордлого тайлах тариа хийлгэжээ.

Эцэг, эхийн төлөөлөл Zarig.mn сайтад өгсөн ярилцлагын үеэрээ тус сургуулийн ахлах ангийн сурагчид агаар сэлгэлт байхгүй, гаражид хичээллэдэг талаар мэдээлэв. Тус сургуулийн хувьд сүүлийн гурван жил ахлан ангийнхан нь анги танхимгүйн улмаас өөр сургуульд хичээллэн, энэ хичээлийн жилээс эхлэн гаражийг анги танхимын хэлбэрээр засаж тохижуулан хичээллэх болжээ.

Хичээл дээрээ хүүхдүүдийн толгой нь өвддөг, гэртээ ирээд зүгээр байдаг гэв. Мөн гараж дээгүүр ариун цэврийн өрөөнүүд байрладаг талаар ч дурьдлаа. Эцэг, эхчүүдийн зүгээс сургуулийн захиралд хүсэлт тавихад захирал нь “Боловсролын яамнаас орчин нөхцөлөөр хангаагүй байхад бид яах билээ” гэсэн хариултыг өгчээ.

Тус хэрэгт  Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.