НЭГҮҮН МЭДЭЭ
“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Өлзийдаш овогтой Уянга нь анх 2016 онд гэнэтийн уураг алдах мөн хэвлийд их хэмжээгээр ус тогтон өөрөөрөө шээж чадахгүйд хүрчээ. Элэгний циррозоор оношлогдон 1-р төв эмнэлэгт дурангийн хагалгаа болон биопсийн шинжилгээ мөн хэвлийн уснаас шинжилгээ авахад элэгнээс үүсээгүй нь тогтоогдсон байна. Мөн ХӨСҮТ-д хэвлийн сүрьеэ байх магадлалтай гэж үзэн хэвлийн нээлттэй хагалгаанд орон 9 литр ус авсан боловч ХЭВЛИЙН СҮРЬЕЭ биш гэдэг нь оношлогдсон юм. Ө.Уянга нь 6 жил энэхүү өвчинтэй тэмцэж яваа 3 хүүхдийн ээж билээ. Одоогоор уураг нөхөх шаардлагаар сар бүр 10 ширхэг уураг “АЛЬБУМИН” судсаар болон уух хэлбэрээр хэрэглэх шаардлагатай байгаа юм. Энэхүү өвчин нь Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй учир яаралтай Солонгос улс руу онош тодруулан эмчилгээнд явах шаардлагатай . Иймд элэг нэгт ард түмэн та бүхнийг Ө.Уянгад “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5846080513 Ө.УЯНГА УТАС: 86810323

Өмнөговь аймагт “Алтан элс-Элсний баяр-2022′ арга хэмжээ зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Алтан элс-Элсний баяр-2022′ арга хэмжээ 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн элсний баярт дотоодын аялагч амрагчид 5500 орчим, гадаадын жуулчид 104, нийт 1100 автомашин цугларсан өргөн дэлгэр арга хэмжээ боллоо. Тус өдрүүдэд орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид буюу гэр буудал 13, жуулчны бааз 4, худалдаа үйлчилгээ эрхлэгч 20 орчим иргэн, аж ахуйн нэгж иргэдэд үйлчилгээ үзүүлж, 420 гаруй сая төгрөгийн орлого оллоо. Зөвхөн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн төлбөрт өдөрт 5.0 сая төгрөг төлөгдсөн байна. Элсний баярын арга хэмжээний хүрээнд Элсний волейбол, Холын зайн гүйлт, Авто машин мотоциклын уралдаан, элсний оргил булаалдах тэмцээн, Sand art and DJ night, яруу найргийн тэмцээн, элсний сүмо, элсний олс таталт зэрэг тэмцээн уралдааны контэнтүүд төлөвлөгдсөн нь үзэгч, аялагчдад маш сонирхолтой, оролцоог нь хангах боломжтой байснаараа онцлог байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирэх жилээс эхлэн 21 аймгийн онцлох эвэнт арга хэмжээг улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд бодлогоор дэмжин ажиллана.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ БОЛОН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа 2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Иймд энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.

"НАЙМДУГААР САРД 222 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА БОЛГОЖ НИЙТ ₮5.9 ТЭРБУМЫГ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭСЭН"

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин урамшууллын нэмэгдлийн талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын баталсан 2018 оны А295 дугаар тушаалаар наймдугаар сарыг эрүүл мэндийн ажилтныг дэмжих сар болгон зохион байгуулдаг. Уг ажлын хүрээнд энэ онд эрүүл мэндийн ажилтны цалинг нэмэгдүүлэх, урамшуулал олгох, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, байрны урьдчилгаа төлбөр төлөхөд нь дэмжлэг үзүүлэх, нээлттэй шалгаруулах бичгийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэлийн санхүүжилттэй уялдуулах замаар эрүүл мэндийн ажилтны цалинг ажилласан жил болон ажлын ачааллаас шалтгаалж ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн нийт 15 төв, бүсийн эмчилгээ оношилгооны гурван төв 5-50 хүртэлх хувиар, 11 аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 5-40 хувиар, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг 10-20 хувиар гээд дунджаар 24.4 хувиар цалингаа нэмэгдүүлээд байна. Мөн ур чадварын нэмэгдлийн мөнгөн урамшууллыг дунджаар 20-30 хувиар нэмж олгоод байна. Орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, байраар хангах чиглэлд ЭМЯ-ны харьяа таван төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгооны нэг төвийн нийт 115 ажилтанд, гурван аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 35 ажилтанд, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт 73 ажилтанд гээд нийт 222 эмч эмнэлгийн мэргэжилтэнд орон сууцны урьдчилгаа болгож 5.9 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн тул тухайн ажилчид зээлээ хөөцөлдөж байна. Мөн эрүүл мэндийн 62 ажилтан албан хаагчид гэр олгосон. Цаашид бид гүйцэтгэлийн санхүүжилтийг улам төгөлдөржүүлэх замаар бусад ажилтнуудаа орон сууцжуулж, цалинг нь нэмэхээр ажиллах болно" гэлээ.

УВС АЙМАГТ ҮХРИЙН АРЬС ТОВРУУТАХ ӨВЧИН БҮРТГЭГДЛЭЭ

Увс аймгийн Давст суманд малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдсэн тул Улаангом сумын Мал эмнэлгийн тасаг тухайн өвчний үзлэг тандалтыг 1, 2, 8-р багийн 91 малчин өрхийн 2724 үхэрт хийлээ. Сумын хэмжээнд одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Үхрийн арьс товруутах өвчин нь Олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин. Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нилээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм. Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна. Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг өвчин юм. Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

ТӨӨРСӨН ИРГЭНИЙГ “БАГА ТЭНГЭР”-ИЙН АМНЫ МОДНООС ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” Богд хан ууланд нэг хүн төөрсөн тухай дуудлага наймдугаар сарын 28-ны өдрийн 22:30 цагт ОБЕГ-т иржээ. Тус дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан очиж, “Цэцээ гүн” оргилоос буух замдаа төөрсөн, Баянзүрх дүүргийн иргэн Ч /22 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:57 цагт “Бага тэнгэр”-ийн амны модноос эсэн мэнд олсон байна.

САРАН ЭЭЖ ДАХИН НЭГ ЯАМЫГ САМРАХ УУ !

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч "Үндэсний нэгдмэл эв эе” гэх шинэ Засгийн газрын бүтцийг хэлэлцэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг дэмжлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан А.АРИУНЗАЯА засгийн бүрэлдэхүүнд хамгийн сайн ажиллаж байсан хэмээн ихэд ярьж байсан ч ийнхүү Д.Сарангэрэлийг тус яамыг түүнээс илүү авч явна хэмээн шинэ засгийн газар үзсэн бололтой. Д.Сарангэрэлийн хувьд өмнө нь ЭМЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тун хангалтгүй ажилласан хэмээн иргэд олон нийт үзэж тэрээр сайдын суудлаас бууж байсан юм. Тэгвэл ийнхүү 2 жилийн дотор 2 дох яамны сайдаар тэрээр ажиллахаар боллоо.

ЗАСГИЙН ГАЗАРТ ШИНЭЭР ТОМИЛОГДОХ 10 САЙД

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын шинэ бүтцийг дараах байдлаар дэмжсэн байна. Мөн Спорт олимпизм болон Хот хариуцсан сайд нарыг шинээр засгийн газрын бүрэлдхүүнд багтаахаар болжээ. 1. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ 2. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/ 3. Цахим хөгжлийн сайд Н.Учрал /УИХ-ын гишүүн/ 4. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/ 5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/ 6. Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/ 7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ 8. Спорт олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/ 9. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар /УИХ-ын гишүүн/ 10. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/

МАН Н.УЧРАЛЫГ ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДАД ДЭМЖЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дууслаа. Тус хурлаар "Үндэсний нэгдмэл эв эе” гэх шинэ Засгийн газрын бүтцийг хэлэлцэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учралыг дэмжжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдохоор нэр дэвшээд байгаа хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар ажилдаа шуурхай орж, бүхий л нөөц, хүч, боломжоо дайчлан ажиллахыг санууллаа. Ялангуяа өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, түлш, шатахууны нөөц, цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэгт онцгойлон анхаарахыг цаг үе шаардаж байгааг хэлэв. Мөн усан цахилгаан станц, төмөр зам, авто зам, цахим шилжилт зэрэг хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

1 ... 186 187 188 189 190 191 192 193 194 ... 334