НЭГҮҮН МЭДЭЭ
НҮҮРСНИЙ ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ ТОО БАРИМТЫГ БНХАУ-ЫНХТАЙ ТУЛГАХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ АЖЛЫГ Б.БАТЦЭЦЭГ САЙДАД ДААЛГАЛАА

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нүүрсний хулгайг шалгахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Хятадын талтай солилцох, тус улсаас гаргуулахад хамтрах ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлсэн. Тэгвэл тус ажилд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг мөн анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өнөөдрийн /2022.12.07/ Засгийн газрын хуралдаанаар өгчээ. Энэ хүрээнд Монголын хилээр гарсан нүүрсний хэмжээ БНХАУ-ынхтай зөрж буй учраас нотлох баримтуудыг тус улсын эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй нарийвчлан тулгах шаардлага үүсч Улсын Ерөнхий Прокурорын газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандсан байдаг. Учир БНХАУ-ын талаас холбогдох мэдээллийг гаргах боломжгүй гэх хариултыг манай прокурорт ирүүлсэн учраас ийнхүү Хууль зүйн сайдад хандсан гэдэг. Харин Хууль зүйн яамнаас тус улсад хандвал мэдээллийг ирүүлэх боломжтой аж.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАСГИЙН ГАЗАР, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫГ ДУУДАЖ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав. Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын Ерөнхий прокурорт хатуу санууллаа. Хэрвээ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхааруулав. Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардав. Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар байлцав.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХЭД БНХАУ МОНГОЛД ТУСЛАХАД БЭЛЭН

БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр ТАСС агентлагийн асуултад хариулахдаа "Монголын эрх баригчдаас хүсэлт ирвэл Хятад руу экспортолж буй нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгахад Монголын Засгийн газарт туслахад бэлэн" гэж мэдэгджээ. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй албан тушаалтнуудын жагсаалтыг Монголын эрх баригчдад өгсөн гэх мэдээлэлд тайлбар өгөхийг хүссэний хариуд дипломатч “Нөхцөл байдлын цаад учир шалтгааныг мэдэхгүй байна. Монголын Засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож, шийдвэрлэх арга хэмжээ авч чадна гэдэгт найрсаг хөрш орны хувьд бид итгэлтэй байна. Монголын талаас ийм хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий газрууд хуулийн дагуу шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэж хэлжээ. Даваа гарагт CentralAsia.media мэдээллийн портал "Хятадын эрх баригчид нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг цаазалсан" гэсэн агуулгатай мэдээ нийтэлсэн юм. Үүнээс гадна БНХАУ-ын эрх баригчид энэ хэрэгт холбогдсон Монголын улстөрчдийн нэрсийн жагсаалтыг Монголын засгийн газарт хүлээлгэн өгсөн гэж тус портал мэдээлжээ.

ЭНЭ САРД ОЛГОХ ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ХУВААРЬ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сарын хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийг гаргажээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр энэ сарын 12,22-ны өдрүүдэд, хүүхдийн мөнгөн хуримтлалын мөнгө 20-ны өдөр олгогдоно.

ГУРВАН САЙХАН РОТАРИ КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

РОТАРИ хэмээх хүмүүнлэгийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага анх 1905 онд АНУ-ын Чикаго хотод байгуулагдсан түүхтэй. Ротари нь даян дэлхийд сайн санаа, энх амгаланг бий болгохын төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн, ёс суртахууны өндөр хэм хэмжээнд өөрсдийн хүмүүнлэгийн үйлчилгээг дэлхийн өнцөг бүрт хүргэдэг, шашин болоод улс төрөөс ангид, ашгийн бус, төрийн бус олон улсын байгууллага юм. Өнөөдөр Өмнөговь аймагт шинээр Гурван сайхан ротари клуб байгуулагдаж байна, үүсгэн байгуулагч Ц.Баярсайхан болон тус олон улсын байгууллагын 3450 дүүргийн 10-р бүсийн захирагч Т.Болормаа, бүсийн захирагчаар ажиллаж байсан Х.Жамбалмаа, Э.Ганбат нарын хүмүүс шинээр байгуулагдаж буй Гурван сайхан ротари клубын гишүүдийн хамтаар аймгийн Засаг даргатай уулзалт хийж анхны олон улсын сургалтаа зохион байгуулж байна. Монгол улсын хэмжээнд 17 ротари клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Гурван сайхан ротари клуб нь 18 дахь нь болж байгаа юм.

Ж.БАТЗАНДАНГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ САНАЛААС ШҮҮХ ТАТГАЛЗЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ. Шийдвэрлэхдээ үргэлжлүүлэн хорих саналаас татгалзсан байна. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, 2022 оны аравдугаар сарын 10-наас эхлэн 30 хоног цагдан хорьсон. Мөн арваннэгдүгээр сарын 9-нөөс үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьсон билээ.

ЧИНГИС БОНДЫН 1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙГ МАНАЙ УЛС ТӨЛЖ ДУУСЛАА

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг Монгол Улс өнөөдөр төлж дууслаа. Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл дээгүүр байсан, эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан. Тэгвэл тус бондын үлдэгдэл 136 сая долларыг шилжүүлэх үүргийг Ерөнхий сайд дөнгөж сая Сангийн сайдад өгсөн байна. 2012 онд олон улсын зах зээлд гаргасан “Чингис” бондын эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкнуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, ноос ноолуурын салбарт зээл олгосон бол 24 хувийг эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд олгосон гэсэн тайлан гарчээ. Бусад 63.4 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор зарцуулсан гэж Сангийн яам тайлагнасан юм.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Т.МӨНХБАЯРТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлжээ. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр 2020-2021 онд уг албан тушаалыг хашиж байхдаа Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайханы хамтаар иргэд, аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан, үйл ажиллагаанд нь саад хийн, хясан боогдуулж их хэмжээний хахууль авсан гэх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан аж. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр өнгөрсөн онд эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдож, АТГ-ынханд шалгуулж байсан ч прокурорын байгууллагаас хэргийг нь хаасан. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 сая ам.долларыг Монголбанканд тушаах ёстой байтал Худалдаа, хөгжлийн банканд хугацаатай хадгалж, хүүнээс нь хувьдаа ашиг олсон байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм. АТГ-ынхан уг шалгалтын явцдаа дээрх 37 сая ам.доллар буюу 105 тэрбум гаруй төгрөгийг Монголбанканд тушаалгасан байдаг. Эх сурвалж:Өнөөдөр сонин

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН “ТОЛГОЙЛОГЧ“ ГЭХ “АПУ“-ИЙН П.БАТСАЙХАН НАР САНДАРЧ ЭХЭЛЖЭЭ

Улс орон, нийгэмд жагсах шаардах шалтгаан олон байгааг нуух хэрэггүй. Цочир хүйтнийг үл ойшоон, олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалыг хоёр дахь өдрөө зохион байгуулав. Жагсаалд оролцогчид нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардав. Уг нь ням гаригийн өглөө нүүрсний хулгайг илрүүлэх, түүнтэй тэмцэх уриа лоозон дор жагсаал эхэлсэн ч өчигдөр гэхэд уриа лоозон дээр Ерөнхийлөгчтэй холбоотой лоозон, жагсаал хамааралгүй эвлүүлгүүд гарч эхлэв. Үдэш гэхэд үүний цаана чухам хэн байв гэх таамаг ч шидэж эхлэв. Учир нь өчигдөр Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын нэрсийг зарлалаа. Тодруулбал, "АПУ-ийн П.Батсайхан, MCS-н Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй нүүрсчид Монгол орныг цөлмөж байна" гэсэн мэдээллийг өгсөн нь олны анхаарлыг татаж эхэлсэн. Тэрбээр хэлэхдээ, " Нүүрсний хулгай олон жил үргэлжилж байна. Эрх баригчид хулгайчдаа зарлаж чадахгүй бол зарим нэгийг нь би баримттайгаар дурдаж болно. Шунхлай компани, Энержи ресурс, Голомт банкны эрх мэдэлтнүүд нүүрсний мафийг тэргүүлдэг. Тэд нэгдэж хэргээ хоорондоо наймаалцдаг. АПУ-ын П.Батсайхан, MCS-н Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй нүүрсчид Монгол орныг цөлмөж байна. Би баримттай ярьж байна. Тэд өнөөдөр нүүрсний бүх гэрээгээ төрийн нууцад хамруулсан. Дээд шүүхийн хамгийн "овгор" нь нүүрсчдийн төлөө алхаа цохиж "АПУ"-ийн П.Батсайханы арын өрөөнд амьдарч байна." гэдгээ онцолсон юм. Тэгвэл иргэдийн жагсаал хурц хэлбэрт шилжиж эхэлэнгүүд нүүрсний хулгайчдын тэргүүн эгнээнд цоллуулж байгаа "АПУ"-ийн П.Батсайхан тэргүүтэй хүмүүс сандарч эхэлж, энэ бүхний учир тайлагдаж буй бололтой.Учир нь иргэдийн жагсаалтай эхлэн гарсан нүүрсний хулгайчдтай тэмцэхийн эсрэг Ерөнхийлөгч, Засгийн газар руу чиглэсэн дайралт нүүрсчдээс явуулж байгаа ажиллагаа гэдгийг төвөггүйхэн анзаарч болно. Учир нь иргэдийн жагсаалтай эхлэн гарсан нүүрсний хулгайчдтай тэмцэхийн эсрэг Ерөнхийлөгч, Засгийн газар руу чиглэсэн дайралт нүүрсчдээс явуулж байгаа ажиллагаа гэдгийг төвөггүйхэн анзаарч болно. Жагсагчдын ажиллагаан дундуур элдэв суртал ухуулга, өөр тийш эргүүлэх гэсэн акц өрнөж байгаа ч тэд нүүрсний гэх хэргийг замхруулахгүйн төлөө ч тэмцэж байна. Одоо нүүрсний хулгай, түүнийг тойрсон нууц бизнесийг илрүүлэх цаг нь болсон биз ээ. Эх сурвалж:Arslan.mn

АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦАД ДОГОЛДОЛ ГАРЧ БЗД-Т ХАЛУУН УС,ХАЛААЛТ ЗОГСЛОО

Хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг "Амгалан" дулааны станцад өнөөдөр /2022.12.06/ 06:00 цагийн үед гэмтэл гарч Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байна. Холбогдох албаныхан шуурхай ажиллаж байгаа бөгөөд гэмтлийг оройн 20.00 цагт бүрэн засварлаж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Нийт 348 мВт-ын хүчин чадалтай дулааны станц нь хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг юм.

1 ... 138 139 140 141 142 143 144 145 146 ... 328