НЭГҮҮН МЭДЭЭ
“ГАЦУУРТ” ХХК-НИЙ ЗАХИРАЛ Л.ЧИНБАТЫН АДУУГ ӨНӨӨДӨР СЭЛЭНГЭ АЙМГААС АЛБАДАН ГАРГАНА

Хөдөлмөрийн баатар Л.Чинбат 2023.06.15-нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 323 адууг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдсан бөгөөд эсэргүүцсэн нутгийн иргэдийг дайрч алахыг завдсан хэрэг гарсан билээ. Малын халдварт өвчин гарсан бүс нутгаас өвчлөл гараагүй эрүүл бүс рүү дээрх адууг туувраар оруулахыг завдсан нь ийнхүү малчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Уг асуудал үүсэхтэй зэрэгцэн Л.Чинбатын адууг албадан гаргах захирамжийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг дарга Э.Саранбаатар 2023.06.16-ны өдөр гаргасан. Уг захирамжийн дагуу өнөөдөр Л.Чинбатын 323 тооны адууг албадан гаргах юм байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулах тухай” 110-р захирамжийг үндэслэн Л.Чинбатын адууг Сэлэнгэ аймгаас албадан гаргах бөгөөд зардлыг нь Л.Чинбат хариуцах юм.

С.ЧИНЗОРИГ: 45-60 НАСНЫХНЫ 12 ХУВЬ НЬ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БАЙНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл: Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож байна. Мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрт илрүүлэгт зориулж 2023 онд 76 байгууллагад 20 тэрбум 860 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Энэ үзлэг, оношилгоонд зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 31 хувь буюу 1247271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эрэгтэйчүүд байна.45-60 насны хүн амын 12 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5 хувь, сэтгэл түгшилт 7.6 хувь, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9 хувь, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна” хэмээв.

ШӨНИЙН АВТОБУС ДАРААХ ЧИГЛЭЛД 22.00-02.00 ЦАГИЙН ХООРОНД ҮЙЛЧИЛНЭ

Нийслэлийн иргэд шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэхээр шөнийн тээврийн үйлчилгээг өчигдөрөөс эхлүүлсэн. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобусууд 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм. Тодруулбал, • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” • ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” • ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” • ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр” • ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилнэ. Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.

БНСУ РУУ ЗОРЧИХ, ВИЗ МЭДҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна. Үүнд: БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.do цахим хуудаснаас авна уу/. Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу. Зохих ангиллын виз авч БНСУ-руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог. БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй. БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр 2023 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсын 55,329 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 17,749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа, нөхцөлийг зөрчин оршин сууж байна. Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлсэн болно. Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна. Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эх сурвалж: Гадаад харилцааны яамны Консулын газар

ЭРДЭНЭТ ХОТОД БАЙРЛАХ ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ НЬ ЦАГИЙН АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГААС БАРАА МАТЕРИАЛЫН ДУТАГДАЛ НЭРИЙДЛЭЭР 57 МЯНГАН ТӨГРӨГИЙН СУУТГАЛ АВЧ БАЙНА ГЭВ

Эрдэнэт хотод байрлах Оргил худалдааны төв нь цагийн ажилчдынхаа цалингаас бараа материалын дутагдал нэрийдлээр 57 мянган төгрөгийн суутгал авч байна гэв. Тодруулбал: Тус Оргил худалдааны төв нь цагийн ажил хийх хүсэлтэй иргэнтэй өдрийн 67 мянган төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцдог ба өглөө 08:00-23:00 цаг хүртэл ажиллах шаардлагыг тавьдаг байна.Гэвч анх тохиролцсон цалингаас өдөр бүр 57 мянган төгрөгийг бараа материалын дутагдал гэх нэрийдлээр цагийн ажилтанаасаа 5 хоногийн хугацаанд суутган авч 50 мянган төгрөгийн цалин олгожээ. Энэ талаар түүний ар гэрийхэн гомдолтой байгаагаа тухайн салбар хариуцсан захиралд мэдээлсэн боловч ажилтны буруутай үйлдлээс болж цалинг хассан энэ талаар мэдэхгүй, цалин олгосон задаргааг үзнэ гэх мэтчилэн үл тоомсорлосон байдлаар харьцсан талаар ар гэрийнхэнийхэн зүгээс мэдээлэл өгөхөөр болсон юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нэгүүн.мн сайт тун удахгүй сурвалжлан ажиллах болно.

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААН ХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА С.БАТ-ӨЛЗИЙ МӨН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Б.АНХБАЯР НАР АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ГЭХ НЭРИЙДЛЭЭР СУМЫН ЗАХИРГААНЫ АЖИЛТНАА НОЦТОЙГООР ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ

Завхан аймгийн Цагаан хайрхан сумын захиргаанд ажилдаг иргэн Д гэгчийг тус сумын засаг дарга С.Бат-Өлзий мөн сургуулийн захирал Б.Анхбаяр нар хамтран архидан согтуурсан үедээ зодож танхайрсан хэрэг 04-р сарын 14- нөөс 15 нд шилжих шөнө нутгийн захиргаа удирдлагын байранд болсон байна. Тодруу лбал: Иргэн Д гэгч нь ардчилсан намын төлөөлөл байсан гэх ба тус сумын засаг дарга, сургуулийн захирал гэх улс нь МАН-ын гишүүд дэмжигчид байснаас үүдэн хувийн чанартай өс хонзонгийн шалтгаанаар ухаангүй болтол нь зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Мөн иргэн Д-гийн ар гэрийнхэний мэдээлж буйгаар хэрэг гарсан өдөр ажлын цаг дууссаны дараа хохирогчийг ажлын байрандаа ирэхийг дуудсан ба сөн түшүүлэх зорилгоор авч гарсан талаар мэдээлэл өгсөн юм. Тус хэрэг болдог өдөр хохирогч иргэн Д-г зодож танхайрсан этгээдүүд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтааснаас, иргэний биеийн байдал өнөөдөр хүндэвтэр хэвтэн эмчлүүлж байна. Хохирогч иргэн Д-г зодож гэмтээснээс хойш өдийг хүртэл Сумын засаг дарга С.Бат-Өлзий, сургуулийн захирал Б.Анхбаяр нарт хариуцлага тооцоогдоогүй ба хохирогч иргэн Д-г гомдол мэдүүлвэл ажлаас нь чөлөөлөх, ажилгүй болгох зэргээр удаа дараа айлган сүрдүүлсэнийг хохирогчдын ар гэрээс тодрууллаа. Энэ мэтчилэн монгол улсад МАН-ын гишүүд дэмжигчид, тэдний гар хөл болсон эрх мэдэл, албан тушаалтангуудад хууль үйлчилэхээ болиод удсаны нэг жишээ нь энэ юм.

СОГТУУРСАН ҮЕДЭЭ ХУРД ХЭТРҮҮЛЖ, 2 ХҮНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 3 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

Иргэн Ж нь 2022 оны наймдугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт Toyota Sai маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргажээ. Ослын улмаас Д.Ц, Б.М нарын амь нас хохирсон хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Эрүүгийн хуульд “...согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хуульчилжээ. Шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/ зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч Л.Ж-аас 49.977.840 төгрөгийг амь хохирогч Б.М-ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, гэм хор учруулсны төлбөр, сэтгэцэд учруулсан гэм хорын нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй байна. Мөн шинжээчийн зардал 200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ж-аас гаргуулж, шүүгдэгч Л. Ж-ын 06 /зургаан/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. Тойм бэлтгэсэн: ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа

СЭРГЭЭН БОСГОХ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЖ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЖЭЭ

2023 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын-Овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарчээ. Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд – Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна. Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагонууд байна. Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна. Сэргээн босгох ажил үргэлжилж байна. Эх сурвалж: “УБТЗ” ХНН

"ТИЙЗЭЭ ЗАХИАЛЧИХВАЛ ВИЗ НАЙДВАРТАЙ ГАРНА" ХЭМЭЭН 600-800 ИРГЭНИЙГ ЗАЛИЛЖЭЭ

Виз зуучлагч компани 600-800 иргэнийг хохироожээ. Хохирогчийн төлөөлөл “Тус компаниас АНУ, БНСУ, Австрали зэрэг улс руу виз гаргаж өгнө гэж маш олон жил залилан хийж, маш олон хүнд тэрбумаар хэмжигдэх хэмжээний хохирол учруулсан. Виз зуучлалын төлбөр гэж таван сая төгрөг авдаг. Хэрэв та тийзээ захиалчих юм бол виз найдвартай гардаг. Тэгэхээр та хоёр талын нислэгийн тийзээ захиалчих гээд мөнгө авдаг. Ингээд таг алга болчихдог. Цахим хуудсанд нь сөрөг коммент бичихээр блоклоод, залгахаар утсаа авахгүй. Энэ мэтчилэн маш олон хүнийг хохироосон хүмүүс цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй, эрх чөлөөтэй явж байна. Жишээ нь эхнэр, нөхөр хоёр нэг хүүхэдтэйгээ Австрали явъя гэхэд виз мэдүүлгийн мөнгө 5 сая, дээр нь тийзийн төлбөр 18 сая, дахиад 1 сая, нийт 24 сая төгрөг авдаг. Ингээд л таг болчихдог” хэмээв.

ОРОН НУТГИЙН 9 ЧИГЛЭЛД ТИЙЗИЙН ҮНИЙГ 2-2.5 ДАХИН ХЯМДРУУЛЖЭЭ

МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд үнээр нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт “Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 2-2.5 дахин хямдруулж байна. Ингэснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ. Мөн Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гээн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна” хэмээв. Нислэгийн хуваарь, тарифыг танилцуулж байна.

1 ... 100 101 102 103 104 105 106 107 108 ... 323