Капитал банк Нэгүүн сайт
Д.Гантөмөр: Капитал банкны өрийг бүрэн барагдуулахад 104.6 тэрбум төгрөг хангалтгүй Капитал банканд байршиж байсан Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эргэн төлүүлэхтэй холбоотой Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд болон Капитал банкны орлогч Б.Янжин болон зээлийн газрын дарга С.Дэлгэрцэцэг нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ Тус хэргийн анхан шатны шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж А.Ариунболдыг банкыг төлбөрийн чадваргүй болгох хэргийг дангаараа үйлдсэн гэж үзээд Капитал банкны орлогч Б.Янжин болон зээлийн газрын дарга С.Дэлгэрцэцэг нарыг цагаатгах шийдвэрийг гаргасан. Харин прокуророос А.Ариунболдод 3.6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж 104.6 тэрбум төгрөгийг гаргуулах саналыг гаргаад байсан хэдий ч анхан шатны шүүхээс түүнийг 104.6 тэрбум төгрөгийн 99 гаруй тэрбумыг төлсөн учир 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож энэ хугацаанд үлдсэн 5 тэрбум 300 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчид олгох шийдвэр гаргасан юм. Харин банкны эрх хүлээн авагчийн зүгээс 5 тэрбум 300 сая төгрөг нь Капитал банкны өрийг бүрэн дарахад хүрэлцэхгүй гэж үзэн давж заалдсан бөгөөд нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Энэ талаар банкны эрх хүлээн авагчийн өмгөөлөгч Д.Гантөмөрөөс тодрууллаа. - Банк хүлээн авагчийн зүгээс гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хангаж чадав уу? Бид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 2 агуулга бүхий гомдол гаргасан. Ингэхдээ анхан шатны шүүх бол капитал банкны хохирлын хэмжээг багаар тооцсон учир бодит хэмжээг тооцож өгөөчээ. Мөн хэргийн зүйлчлэлд шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэрийг эргэж харж хөрөнгийг битүүмжилж өгөөчээ гэсэн гомдлыг гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүхээс Капитал банкны хохирлын хэмжээг анхан шатны шүүх 104.6 тэрбум төгрөгөөр тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдод оноосон 2 жилийн тэнсэн харгалзах ял зөв байна гэж үзлээ. Мөн түүний доор ажиллаж байсан 2 удирдлагыг цагаатгасан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Эрх хүлээн авагчийн зүгээс А.Ариунболд түүний хамаарал бүхий компаниудын нэр дээрх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эд хөрөнгүүдээс 5.3 тэрбум төгрөгт дүйцэх хэмжээний хөрөнгийг үлдээж бусад хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг сэргээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шинжээч хохирлын хэмжээг тогтоохдоо Монгол Улсын Хөгжлийн банк, Монголбанк, Сангийн яаманд төлөх нийт 130.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг банкны өр төлбөрөөс хассан нь үндэслэлгүй бөгөөд хэрэг энэ байдлаар эцэслэн шийдвэрлэгдэх тохиолдолд Төрийн байгууллагуудын хохирол цаашид төлөгдөхгүй үлдэж, хохирох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс дараагийн шатны шүүх буюу улсын дээд шүүхэд гомдолоо гаргана. - Шүүгдэгчийн талаас ямар байр суурьтай байсан бэ? Тэнсэн харгалзах 2 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг бүрэн барагадуулах боломжтой гэж үзэж байгаа юм уу? Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс А.Ариунболдыг цагдан хорихгүй бол 5.3 тэрбумын хохирлыг 2 жилийн хугацаанд бүрэн барагдуулах боломжтой. Ингэхдээ А.Ариунболд болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийг суллаад өгвөл бизнесээрээ дамжуулаад өр төлбөрөө барагдуулчихнаа гэдэг тайлбарыг хэлж байсан. -Капитал банкны өрийг бүрэн төлөхөд хэд орчим төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа вэ? Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учраас тодорхой ярихад хэцүү байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ер нь бол шинжээч 104.6 тэрбум төгрөг гэж гаргахдаа бусдад өгөх капитал банкны өр төлбөрөөс санхүүгийн тайланд байсан 130.0 тэрбум төгрөгийг хассан. Тиймээс шүүхээс тогтоосон 104.6 тэрбум төгрөг дээр хасаад байгаа 130.0 тэрбум төгрөгийг нэмж өгөөчээ гэдэг үндэслэлийг гаргасан. Энэ бол эрх хүлээн авагчаас хүлээн авах ёстой төрийн байгууллагуудын мөнгө.