“ЭБИ”-ГИЙН ФРАКЦЫН ЗАЛГАМЖЛАГЧ УУ, “БОДЬ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ҮҮ? – С.ЭРДЭНЭБОЛДЫН УЛС ТӨРИЙН ХОЁР ТУЙЛ

Өнөөгийн парламентын гишүүд дунд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцаас тодорхой нөлөөтэй хэд хэдэн хүн байдгийн нэг нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд юм. Тэрээр Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр таван жил ажиллаж, улс төрийн туршлага, арга барилыг нь нэлээд сайн өвлөсөн нэгэн гэдэг. Ц.Элбэгдоржийн улс төрийн “загвар”-ыг даган дуурайж, Харвардын их сургуульд хүртэл суралцсан нь ч үүний илрэл байж болох юм.

 С.Эрдэнэболд Ц.Элбэгдоржийн дэргэд ажиллаж байх хугацаандаа улс төрийн хүрээнд танигдаж, Ардчилсан нам дотор байр сууриа олж эхэлжээ. Тэрээр 2016 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, дараа жил нь Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн ч Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нарт ялагдсан. Харин 2024 оны сонгуулиар тойргоо сольж, Төвийн V тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. 

С.Эрдэнэболдын улс төрийн өсөлтөд Ц.Элбэгдоржийн дэмжлэгээс гадна түүний аав Ш.Сүхбаатар ч чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Ш.Сүхбаатар нь Төв аймгийн прокуророор ажиллаж байсан гавьяат хуульч бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ч ажиллаж байжээ. Одоогоор тэрбээр УИХ-ын гишүүн асан, Элчин сайд Л.Болдын эзэмшдэг “Бодь цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Л.Болдын дүү Л.Болдхуягийн “Бодь констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна. Мөн Л.Болдын аавд зориулсан “Сономын Лувсанвандан” нэртэй номыг бичиж, хэвлүүлсэн нь хоёр гэр бүлийн ойр харилцааг илтгэнэ. 

Ийнхүү С.Эрдэнэболдын улс төрийн замналд Ц.Элбэгдорж, Л.Болд, Ш.Сүхбаатар нарын нөлөө хүчтэй туссан бөгөөд тэрхүү дэмжлэгийн үр дүнд өнөөдөр Төрийн ордонд сууж буй нэгэн хэмээн үзэх хүмүүс бий. С.Эрдэнэболд нь “Марс Си” ХХК-ийг Амарын Мөнхнаст, Батбилэгийн Агваанцэрэн, Бадарчийн Одбаясал, Гинжбаатарын Амгаланбаяр нарын хамт эзэмшдэг. Энэ компани нь барилга, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн эхнэр Д.Уранзаяатайгаа хамт “Тусч ногоон гар” ТББ, “Жак-Уэтерфорд сан”, “Марс Ви” санг байгуулж, шинжлэх ухаан, инновац, сансрын технологийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. 

Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад С.Эрдэнэболд дотоодын хадгаламжиндаа 316 сая төгрөгтэй боловч аав Ш.Сүхбаатарт 180 сая төгрөгийн өртэй гэж мэдүүлжээ. Түүнд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хаус болон гурван орон сууц, 434 сая төгрөгийн үнэлгээтэй Lexus 570, Jimny, микро автобус бий. Жилийн хувийн орлогоо 62 сая, гэр бүлийн орлогоо 52 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

 Хамгийн сонирхолтой нь, тэрбээр 2007 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Индианагийн их сургуулийн Майкл Маурерийн нэрэмжит хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Улмаар нэг жилийн дараа эх орондоо эргэн ирж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр зургаан жил ажилласан аж. Бизнесийн томоохон туршлага, тендерийн түүхгүй С.Эрдэнэболдын төрд “тэмүүлэх” зорилго нь нэг талаар Ц.Элбэгдоржийн улс төр дэх нөлөөг хадгалах, нөгөө талаар аавынх нь оролцоотой “Бодь” группийн ашиг сонирхлыг хамгаалах байж болзошгүй гэх яриа улс төрийн хүрээнд яригдсаар байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.