Ж.БАЯРМААГИЙН ГЭР БҮЛИЙН БИЗНЕС БА УЛС ТӨРИЙН НӨЛӨӨНИЙ СҮЛЖЭЭ

 Соёлын сайд Ч.Номинтой 18 тэрбум төгрөгийн соёлын ваучерийн асуудлаар маргалдаж, “шударга дуу хоолой”-гоороо олны анхааралд орж ирсэн УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа үнэндээ үг, үйлдэл хоёр нь зөрдөг нэгэн гэдэг нь удалгүй ил болсон. Тэрбээр эхэндээ уг төсвийг эсэргүүцэж байсан ч, батлагдах үед нь “саналын кноп ажиллаагүй” гэх шалтгаанаар дэмжсэн санал өгсөн байдаг.

 Тэрбээр өөрийн жилийн орлогыг 10 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 420 сая төгрөг хэмээн мэдүүлж, 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 600 сая төгрөгийн үнэлгээтэй газар, 150 сая төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-дээ дурдсан байдаг.

 Нөхөр Я.Гансүх ба “Богдхан уул”-ын газрын хэрэг Ж.Баярмаагийн улс төрийн ар тал, стратегийн зөвлөх нь түүний нөхөр Ядамсүрэнгийн Гансүх гэгддэг. Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн тэрбээр улс төр судлаач мэргэжилтэй, АН-ын “Од” клубийг үүсгэн байгуулагчдын нэг. Тэр өмнө нь Ерөнхий сайд асан С.Наранцацралтын зөвлөхөөр ажиллаж, АН-ын нэр бүхий улстөрчдийн сонгуулийн менежерээр ч ажиллаж байжээ. 

 

Ж.Баярмаа 2019 онд “Хатан ээжийн өргөө”, “Ганга-Илд”, “ДЦС Капитал”, “Шинэ зууны энерги”, “ММС трэйд” зэрэг хэд хэдэн компанид хувь эзэмшиж байсан ч, 2023 оны ХОМ-д нэг ч компанийн хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлсэн байдаг. Гэвч өмнө нь түүний нэр дээр байсан “Ганга-Илд” ХХК одоо нөхөр Я.Гансүхийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд тус компани 2015 онд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын бааз байгуулах нэрийдлээр газар авсан тухай мэдээлэл бий. Бодит байдалд ийм төслөөр халхавчилж, хаус хотхон барих жишиг Монголд түгээмэл байдаг тул Я.Гансүхийн эзэмшсэн газар ч мөн адил ашиглагдсан байх магадлалтай. Түүнчлэн Я.Гансүх нь “Шинэ зуун энержи” компанийн хувь эзэмшигч бөгөөд уг компани Завхан аймгийн Түдэвтэй сумын цахилгаан станцыг ажиллуулдаг. Тиймээс Ж.Баярмаа УИХ-ын төсөв хэлэлцэх үеэр эрчим хүчний асуудлыг онцлон ярьж байсан нь санамсаргүй зүйл биш ч байж болно.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.