АН-ЫН АХМАДУУД АЛБАН ТУШААЛД ШУНАН ДУРЛАЖ , ЭРХ ЯМБЫН ТӨЛӨӨ УЛАЙРАН ЗҮТГЭХИЙН ЦААД ШАЛТГААН ЮУВ ?

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ- ын гишүүн Э.Бат-Үүл нар нэр дэвшихээр болсон. АН-д тэднээс өөр гишүүн байдаггүй мэт хаана ч эрх мэдлийн төлөө гарч ирсээр байх боллоо.

Тэд хуулийн байгууллагын үүдээр эргэлдэж, улстөрийн карьераа дуусгахдаа тулсан. Учир нь УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших гээд байгаа Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал 10 дугаар сарын 28-нд болно. УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихээр тодроод байгаа хотын дарга асан Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нартай бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа.

Хэрвээ Э.Бат-Үүл нөхөн сонгуульд оролцоод, ялалт байгуулчихвал дээрх хэрэг замхарч, мань хүн багадаа гурван жил Төрийн ордонд бүгнэ. Өмнө нь хүртэл 2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшээд, ялагдал хүлээсэн хүн.

Харин Хэнтий аймаг буюу УИХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвших гээд байгаа УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар мөн ч олон жил хуулийн байгууллагын хаалга сахиж, саатуулагдан, хоригдсон. Эцэст нь эрүүл мэндийн шалтгаанаар гэсэн шалтгаар наранд гарсан. Амьд хүн аргатай гэгчээр хэдэн жил шалгагдсаны эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаар эрх чөлөөтэй болсон. 

Уг нь Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих нэрийдлээр Хөгжлийн банкнаас нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад хүүгийнхээ нэр дээр байдаг “Монроуд” компанид шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж байсан юм.

Гэтэл тэд одоо ийнхүү УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших гэж байгаа нь Төрийн ордонд заларч, халдашгүй бүрэн эрхийн эзэд болохоор улайрч байгаагийн цаана учир шалтгаан энэ мэт олон бий биз.   

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.