МУГЗ, ДОКТОР Ү.ХҮРЭЛБААТАР: Ч.ДАГМИДМААГИЙН ТЭНГИСИЙН ЗҮРХ РОМАНЫГ УНШИХАД ИЙМ МЭДРЭМЖ ТӨРЛӨӨ

МУГЗ, ДОКТОР Ү. ХҮРЭЛБААТАР Зохиолч Ч.Дагмидмаагийн “ТЭНГИСИЙН ЗҮРХ” романы талаар ийн шүүмжилжээ...

Зохиолч Ч.Дагмидмаа “Тэнгисийн зүрх” /2021/ романаа хэвлүүлжээ.Урдаа оршил роман, ардаа үргэлжлэл романтай гэмээр энэ сонин бүтээл нэг л нууцлаг зүйлсийг арагш, урагшаа цацлан урагшлах мэт санагдлаа. Тэр нууц товчооврын жимээр танин мэдэхүйн гүн хавцал тийш аялая гэвэл “Тэнгисийн зүрх”-ийн адал явдлыг сонирхохоос өөр аргагүй.

“Умарт зүгт дэлхийн дээвэр дээр аварга заан хэвтэж байдаг...Мөнхийн харанхуй ноёлох хийгээд ердөө л айдас хүйдэс аймшиг дагуулсан үлгэр домгуудтай” гэж “Тэнгисийн зүрх”-ний лугшилт эхэлж байна. Тэнгис гэхээр умард зүгт бус урд зүг аяламаар. Домгууд ямар нэг ид шидийн орноос хөллөн эхэлдэг учраас тэр нь эрэл таамаглалын хөтөч байж таарна. Тэр нь дэлхийн цас мөсний төрөлх нутаг Хойт туйл биш байгаа. Миний таамаг үнэн болж “Мань эрийн хөл толгойгүй их аялал тэнгисийн зүрх домгийг сонсоноос хойш даруй таван жилийн хойно санамсаргүй байдлаар эхэлчихсэн гэхэд дэгсдэхгүй” гэж роман эхэлж байна.

“Сибирийн хөндлөн гулд туулан хэрэн нүүдэллэж амьдардаг хэсэг бүлэг хүмүүсийн нэгэн овог аймгийг Долган гэх агаад тэднийг буриад угсаатан гэх яриа чих дэлсэж л байсан. Тэд монгол хэлээр ярьдаг” гэх нь тэрхүү адал явдалд монгол хүн оролцсон нь илэрхий болж эхэлнэ. Хоймортоо босоо бичигтэй судар, Зүчи баатрын хөргийг дээдэлсэн эмгэнийх ч тааралдаж байх шиг. Сибирийг туулж Хойт туйлд одох аялалд хилийн чандад баг хүрээнээсээ гээгдэж үлдсэн нэгэн монгол зохиолын гурван гол баатрын нэг болно. Тэр геологч залуу багийнхныхаа зохион ярьдаг тэнгисийн зүрхний тухай үлгэр домгийг сонссоор байгаад итгэл үнэмшилтэй болно. Түүнийг нээх, эрж олох нь амьдралын нэг салшгүй хэсэг болж хувирна. Тэгээд Хойт туйл хүрч эргэн ирж байна. Үйл явдлын үндсэн шугам энэ бөгөөд тэр дунд үлгэр мэт үнэн явдал, домог мэт долоон булчирхай тоочсон алаан талаан дунд амь дүйсэн адал явдалд хутгалдана. Зохиолч ингэж өрнөнө. Онц сонирхолтой нь Сибир, Хойт туйл. Бидэн энэ нь таагдашгүй оньсого, шинэ ертөнц билээ.

Орчин үеийн монгол романы агуулга, сэдэв даяаршилагдаж эхэлж байх шиг байна. Ерөөс алийн болгон түүхэн романы түүхэрхүү үер, орчин үеийн рок маягийн хувилбарыг дагаж намирах юм бэ? Эсвэл дотооддоо хайрцаглагдаж, ижилсэх хандлагад нэрвэгдэж, тэгснээ гадагшилж байна гээд гадаадын уран зохиолыг дуурайж галуу шувуу болох юм уу? Монгол романы хөгжилд шинжлэл хийе гэвэл үйл явдал өрнөж буй газар нутгийнхаа хил хязгаарыг тэлж, болж өгвөл өнөө хүртэл хэн ч хүрч амжаагүй зүрхшээж дайтвал яасан юм бэ гэх бодол төрнө. 

Ай даа миний энэ бодолд Ч.Дагмидмаагийн “Тэнгисийн зүрх” яасан их нийцнэ вэ? Үнэхээр тайга, сибир, тундарыг уран сайхны нээлтээр нээж хармаар байна. Тэр тусмаа зохиолын гол баатар монгол хүний нүд, сэтгэлгээ, тэмүүллээр дамжуулж романы хэмжээнд уншмаар байна. Уугуул суугуул хүн ардын угсаатны зүйн уран шаглааст дүрслэл, домог хэрхэн зохиогддог эх булгийг сэтгэлээрээ тэмтэрмээр байна. Монгол романы шинэ төрөл зүйл бүрэлдэж сэдэв, үйл явдал, дүр дүрслэлийн хувьд өөрийн хил хязгаараас хальж дэлхийн газар нутаг руу тэмүүлж эхэллээ.

Ийнхүү “Эрхэм Ү.Хүрэлбаатар танаа “Тэнгисийн зүрх”-ээ өргөвэй. Ч.Дагмидмаа. 2021.10.08” гэсэн “Тэнгисийн зүрх” ном “Гарын үсэгтэй ном”-ын хөмрөгт минь нэмэгдэв.

Ү.ХҮРЭЛБААТАР

2021.12.02 11 цаг 07 минут

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.