У.ХҮРЭЛСҮХ:"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДАГАЖ ОЛОН МЯНГАН ХҮН АЖИЛТАЙ БОЛНО

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүн дагуулах юм.

Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болох юм.

Тухайлбал, эдийн засгийн бааз суурийг тэлэх, аж үйлдвэржилтийг дэмжих хүрээнд үр, үрсэлгээний, бортогоны, бордооны, ургамал хамгааллын бодисын, хашааны, хог хаягдал дахин боловсруулах, усжуулалтын систем, өвөл, зуны зоорь, хүлэмж байгуулах үйлдвэрлэл гэх мэт олон төрлийн дагалдах үйлдвэр, аж ахуй, худалдаа хөгжих болно.Мөн хиймэл оюун ухаан, цахим шийдэлд тулгуурласан сансраас тандан судлалт, бүртгэлжүүлэлт, хамгаалалт, хяналтын системийг нэвтрүүлэх, усны нөөцийн судалгаа, шинжилгээ, гадаргын усыг ашиглах тал дээр бодитой ахиц гарна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр бид дэлхийд ховорт тооцогдох эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлээ хамгаалж, үржүүлж, олон сая малынхаа тэжээлийг бэлдэж, импортоор авдаг жимс, хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангана.

Түүнээс гадна ой, ургамлын генийн сан байгуулах, ховор болон эмийн чанартай ургамлын бүтээгдэхүүн, нарсны давирхай, шилмүүсний ханд, хушны самар, самрын тос, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх боломжтой.

Саяхан ойн салбарын мэргэжлийн холбоод нэгдэж нэгдэл болсон байна. Энэ нэгдэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэх, ой, усны салбарынхны харилцан ойлголцол, хамтран ажиллах, нэгдсэн удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангахад нэн тустай.

Бид хамтдаа гагцхүү нэг зорилго, нэгдмэл хүч, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаар энэ цогц ажлыг амжилттай хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.