Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НОГООН ШИЙДЛҮҮДИЙГ ЭРХЭМЛЭСЭН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ НЭВТРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна.“Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, 600 гаруй сая мод тарьж, арчлахаа илэрхийлсэн эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье!

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно.

Мөн Аймаг, нийслэлийн засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг энэ хурлаар шийдвэрлэнэ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно.

Үндэсний чуулганд оролцогч Та бүхэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, стратеги, үйл ажиллагаа, техник, технологийн талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэж, зөвлөмж гаргана гэдэгт итгэл төгс байна.

Ойчид, ойн салбарын ажилтан, эрдэмтэд, судлаачид Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Та бидний өмнө ноцтой тулгамдаж, ирээдүйн амьдрал, хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.