МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН “БОХИР” МӨНГӨӨР МАНХЭТТЭН ДҮҮРЭГТ ТАНСАГ СУУЦНУУД ХУДАЛДАЖ АВСНЫГ ТОГТООЖЭЭ

Монгол улсын ерөнхий сайд асан эрхэм “бохир” мөнгөөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт тансаг ангиллын хоёр орон сууц худалдаж авсныг тогтоосноо АНУ-ын эрх баригчид өнөөдөр мэдээлжээ.

Нийтдээ $14 саяын үнэ бүхий эдгээр үл хөдлөх хөрөнгийг хурааж авах хүсэлтийг прокурорууд шүүхэд гаргасан байна.

Өмчийн эзэн нь 2009-2012 оны хооронд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд болохыг мэдээлжээ.

Томоохон уул уурхайн гэрээ байгуулсны шагналд түүний гэр бүлийн компани их хэмжээний мөнгө авсны дараа дээрх орон сууцнуудыг худалдаж авсан байна.

Ерөнхий сайд асан дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ.

“Ноён Батболд эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжтой шүүх хуралдааныг тэсэн ядан хүлээж байна” гэж түүний өмгөөлөгч Орин Снайдер хэвлэлд мэдэгдсэн байна.

“Уул уурхайн гэрээнээс олсон олон сая долларыг хууль бус компаниудаар дамжуулан гэр бүлийнхээ тансаг амьдралыг санхүүжүүлсэн” гэж АНУ-ын холбооны прокурорууд дүгнэжээ.

“Төрийн авлигаас хувьдаа ашиг хонжоо олсон Батболдын үйлдэл нь түүний удирдаж байсан хуулийг дээдлэгч ард иргэдийг хохироож байна” гэж Холбооны Мөрдөх Товчооны захирлын туслах Жэймс Смит дүгнэсэн байна.

Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан ямар ч түүхгүй Catrison нэртэй компани томоохон гэрээ байгуулсны шагналд $68 саяыг авсныг шалгалтын явцад тогтоожээ.

Уг компанийн цорын ганц захирал нь хэл шинжлэлийн багш хүн байсныг бас тогтоосон байна.

Энэ мөнгөний тодорхой хэсгээр Манхэттэн дүүрэгт хоёр орон сууц худалдаж авсныг АНУ-ын эрх баригчид тогтоожээ.

Орон сууцнуудын нэгд Батболдын ууган хүү амьдарч, шуудангийн хаягийг нь ашиглаж байсныг прокуроруудын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байна.

Одоогоор С.Батболдод ямар нэг ял төлөвлөөгүй ч хэрвээ шүүх прокурорын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзвэл дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг улсын мэдэлд хурааж авах юм.

 

Эх сурвалж: BBC

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.