БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН ТӨВӨӨС БАРУУН ЗҮГТ 65 КМ ЗАЙД ХӨНӨГ ХЭМЭЭХ ГАЗАРТ 4.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс  өдрийн 17:50 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн бөгөөд Жинст сумын удирдлага болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй хэмээн мэдээлэв.

 Тухайн бүс нутаг нь газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.22 99.78 бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс зүүн урд зүгт 46км, Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун зүгт 65км, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн зүгт 71км-т юм байна. 

 Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж.

Тус аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Жинст сум нь 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна. 

 2023 онд аймгийн хэмжээнд гурван удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Он гарсаар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 2024.01.05-ны 02.51.19 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт 2024.03.05-ны 20.48 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдсэн бол ийнхүү гурав дахь тохиолдол Жинст суманд бүртгэгдэв.

Баянхонгор аймаг газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна. Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 км хагарал үүсч байжээ. Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогдох тус газар хөдлөлтийн чичиргээ орон даяар мэдэгдсэн гэдэг. Хүн ам цөөн, тал нутаг байсан учир хохирол харьцангуй бага гэх ч нарийн тоон мэдээлэл байдаггүй аж. Энэ газар хөдлөлтийн уршгаар мал хуй олноор хорогдож, найман хүний амь эрсэдсэн гэдгийг зарим эх сурвалжид дурджээ.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэхүү өдрөөр газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг хүргэхээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус үйл ажиллагааг сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.