УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД 8 ЖИЛЭЭР БАРИЛДАХ ЭРХЭЭ ХАСУУЛЖ 36Н НАСТАЙДАА АХИН ЗОДОГЛОХ УУ

Улсын цол олгох, төрийн наадам энэ жил болоогүй ч чансаа өндөр 512 бөхийн барилдаан өнгөрсөн зун Хүй долоо худагт болж өнгөрсөн. Харин допингийн шинжилгээнд хамрагдсан 18 бөхийн дөрвөөс нь допинг илэрсэн.Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрч ,  дүрэм ёсоороо бөхчүүд 10 хоногийн дотор буюу өнөөдөр хүртэл Б сорьцоо шинжлүүлэх эсэх хүсэлтээ мэдэгдэхээр болсон.

2020 оны Улсын их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрч, бөхчүүд ч Б сорьцоо шинжлүүлэлгүй А сорьцын хариутайгаа эвлэрсэн байдаг. 

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл энэ онд хуралдаж, тус холбооноос дангаараа болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах заалтыг дүрмэндээ шинэчлэн оруулсан.Энэ дүрмээр Э.Оюунболдоос бусад бөхчүүд 40 сая төгрөгийн торгуульд унаж, 4 жилээр барилдах эрхээ хасуулахаар болж байгаа бол залуу арслангийн хувьд найм болон түүнээс дээш жилээр эрхээ хасуулна.

Өдгөө 28 настай тэрээр дахин найман жилээр барилдах эрхээ хасуулбал төрийн наадамд дахин түрүүлэх эсэх нь эргэлзээтэй болох биз ээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.