НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС 1.4 ТЭРБУМЫГ АВСАН НҮТББ НЬ НААДАМ, ШОУ, ЦЭНГЭЭН ЗОХИОН БАЙГУУЛДАГ

2021 оны зургадугаар сард Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах чиглэлийг Засгийн газраас өгсөн ч олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцсний улмаас  цуцалж, цахимаар хийсэн. Нийслэл болоод орон нутагт наадам зохион байгуулж болохгүй гэх чиглэл өгсөн байтал улсын төсвөөс баяр наадмын агуулгатай үйл ажиллагаанд 1.5 тэрбум гаруй төгрөгийг зарлагадсан баримт ил болсон. Үүнийг нь өнөөгийн хотын даргатай холбон буруутган шүүмжлэх иргэд олон байгаа.Учир нь өмнөх жилүүдэд наадамд зарцуулсан хөрөнгийн тэн хагастай тэнцэхүйц их мөнгө юм. 

Тодруулбал, “Улаанбаатар баяр наадмын комисс” нэртэй Нийслэлээс санхүүждэг байгууллага өнгөрөгч зургаа, долдугаар сард нийт 1.5 гаруй тэрбум төгрөгийг баяр наадмын бэлтгэл ажлыг хангах чиглэлд зарцуулжээ.

 “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ руу хоёр удаагийн гүйлгээгээр 1 тэрбум 394 сая төгрөг.

 Хурдан морины салбар хороонд, хоёр удаагийн гүйлгээгээр нийт 15 сая 562 мянган төгрөг

 Шагайн салбар хороонд хоёр удаагийн гүйлгээгээр 25 сая 86 мянган төгрөг

 Сурын салбар хороонд хоёр удаагийн гүйлгээгээр 14 сая 5 мянган төгрөг.

Тээвэр шатахуун болон бусад зарлалд гэж хоёр удаагийн гүйлгээгээр 10 сая 902 мянга 902 төгрөг

Төрийн ёслолын бэлтгэл ажилд гэж мөн хоёр удаагийн гүйлгээгээр 40 сая 390 мянган төгрөг.

Тэгвэл дээрх мөнгөний ихэнхийг буюу 1.4 орчим тэрбум төгрөгийг авсан "Шинэ үеийн нэгдмэл залуус" ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Д.Дэнсмаа, З.Нямзул гэх иргэдийн нэр дээр байгаа бөгөөд 2019 оноос ҮБНЗБХ-оос хөрөнгөжиж хамгийн их орлоготой Төрийн Бус Байгууллагаар шалгарсан.

Анх энэхүү байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь “Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих, иргэдийг мэдээллээр хангах, сурталчлах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” гэжээ. Гэтэл тус байгууллага нь  өөр ямар нэг тендерт оролцож байгаагүй бөгөөд одоо баяр наадам, шоу цэнгүүн зохион байгуулах чиглэлээр ажилладаг гэсэн байна.

Тэгэхээр тус байгууллага нь Үндэсний их баяр наадамд зориулсан шоу, цэнгээн зохион байгуулахаар бэлтгэж байсан байх магадлалтай. Гэхдээ наадамд зориулсан видео контентоос өөр шоу, цэнгээний агуулгатай үйл ажиллагаа болоогүйг та бид гэрчилнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.