ЭМЯ: 73 НАСТАЙ ИРГЭНИЙ НАС БАРАХ ШАЛТГААН НЬ ВАКЦИН ГЭЖ ДҮГНЭХЭД ЭРТ БАЙНА
Баянзүрх дүүрэг,12 дугаар хороонд өчигдөр 73 настай иргэн Р нь Ковид19-ийн эсрэг вакцины гуравдугаар тунг хийлгээд 20 минут ажиглалтад байх хугацаандаа нас барсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар өрхийн эмнэлэг болон Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа. Өрхийн эмнэлгийн: -Иргэн ажиглалтад 23 минут байсан. Ажиглалтын өрөөнөөс гараад ухаан алдсан. Анхны тусламж үзүүлж, дараагийн шатны байгууллагад хүлээлгэж өгсөн. Даралт, амин үзүүлэлт нь хэвийн байсан. Даралт ихтэй, халуурсан хүнд бид вакцин хийдэггүй. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Бид вакцинаас хамаарч тухайн хүн нас барсан гэж шууд дүгнэх боломжгүй. Харин Эрүүл мэндийн яам: -Вакцины нэмэлт тунд хамрагдаад нас барсан гэж дүгнэж болохгүй. Шалгалтын ажил хийж байгаа. Тухайн хүний үхэлд хүрэх шалтгаан нь вакцин хийлгэсэн гэж дүгнэхэд эрт байна. Иргэд вакцины үндсэн хоёр тунг хийлгэхдээ аман асуулга өгч, эмчид үзүүлж байж хийлгэдэг. Нэмэлт тун ч ялгаагүй. Нэмэлт тунг хийлгэхдээ Монгол Улсад байгаа Комирнети (Файзер) болон Вероцелл (Синофарм) вакцины аль нэгээс сонголтоор хийлгэж байгаа. Мөн вакцины цэгүүдэд эмчид үзүүлэхдээ хоёр төрлийн вакцины алийг нь сонгож тариулах талаараа зөвлөлдөх боломжтой. Тухайн иргэн өөрийн сонголтоор нэмэлт тунгаа эхний хоёр тунтайгаа ижил сонгосон юм байна. Гэхдээ хариу урвалаас шалтгаалж нас барсан гэж шууд дүгнэж болохгүй. Хариу урвал хүчтэй илрэх тохиолдол бол бий. Гэхдээ үүнийг нас барсан гээд шууд вакцинтай холбож болохгүй гэдэг тайлбарыг өглөө. Нийслэлийн эрүүл мэндийн газартай холбогдох гэсэн боловч шалгалтын ажил хийж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Албаны хүмүүсээс асуухад шүүх шинжилгээнийдүгнэлтийг хүлээж байна гэсэн хариуг өглөө.