“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Д.ХАЯНХЯРВАА ХЯТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААСАА ХАХУУЛЬ АВСАН УУ

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас шалгасан.Үүнтэй холбогдуулан тэрээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргаж, “Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн хэмээн бичсэн байдаг.

Хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг учир шалтгаангүй хорьж байна. Монгол Улсын ерөнхий прокурор та энэ хууль бус ажиллагааг таслан зогсоож надад холбогдуулаад байгаа асуудлыг хянан хэрэгсэхгүй болгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү” гэжээ. Түүний өмгөөлөгч П.Баасанжав нь “2019 онд Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед "Эрдэнэс Монгол" ХХК-д зарлагдсан тендерийн асуудлаар баривчилсан нь хууль бус” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл баттай эх сурвалжууд Д.Хаянхярвааг бусдыг шантаажилж их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгчээ.Хэвлэлүүдийн мэдээлсэнээр “Говьсүмбэр аймгийн нутаг дахь, “Эрдэнэс Монгол” компани, БНХАУ-ын аж ахуйн нэгжтэй 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборолтыг эхлүүлэх зөвшөөрлийг өгөхгүй хясан боогдуулж Хятад талын хөрөнгө оруулагчдаас нь их хэмжээний валют хахуульд авсаныг АТГ-ынхан тогтоосон гэх мэдээлэл байна. Энэ хэрэгт холбогдуулан Д.Хаянхярваагийн туслах н.Уртнасан гэх хүнийг ч саатуулан шалгаж байгаа аж. “Эрдэнэс Монгол” ХХК нь Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай Шивээ-Овоогийн ордын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшдэг.Мөн түүнийг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд Н.Отгонбаатар гэх хүнд давуу эрх олгож, түүнээс гурван удаагийн үйлдлээр нэг сая ам.доллар хахуульд авсан нь тогтоогдсон талаархи мэдээлэл ил болоод байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.