С.ШААРИЙБУУ:. БИ МӨНГӨ АВЛАА ГЭЭД БАЯРЛАХГҮЙ, ЭЦЭГ ХҮНД ҮР ХҮҮХЭД ШИГ НЬ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ

2006 онд Малайз улсад мафийнханы гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу мэдээлэл хийхдээ : “Миний гэнэхэн охин тэр үеийн залуустай адилхан амьдрах гэж мэддэг, чаддаг юмаараа зүтгэж явсан. Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй. Өнөөдөр би түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье. Та бүхэнд талархлаа. Ардчиллын сонгодог орон, азийн бар гэдэг Малайзын баруудтай би энэ хэргийн улмаас нүүр тулсан. Бодит байдал дээр бохир болгон асуудалтай тулсан.
Миний охин өвчтэй хүүхдээ эмчлүүлэх гэж явсан. Ярьж чаддаг ч явж чаддаггүй хүүхэд байсан. Тэгээд хүүгээ өдөр бүр эмчилгээнд авч явж, би хүүгээ жирийн хүүхдүүд шиг гүйдэг болгоно гээд үүнийгээ зорьж явсан. Би багш хүн, надад охиндоо өгөх мөнгө байгаагүй. Орчуулгын ажлын хөлс мөнгө бүх зүйлээ хуулийн дагуу хийсэн байсан. Миний охин Орос, Хятадад сурч байсан, орос, англи, хятад хэлтэй сэргэлэн хүүхэд. Баригдахаасаа өмнөх өдөр цагдаад очиж өөрөө компьютер дээр шивж өгсөн байдаг. “Миний амь нас аюултай байдалд байна. Хэрвээ ямар нэг эрсдэл учирвал Багиндатай холбоотой” гээд өөрөө бичиж өгсөн байдаг.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш ах дүү, шавь нар, танил тал, сэтгүүлч нар холбогдож баяр хүргэж байгаа нь ГАЙХШРАЛ төрүүлж байна.
Хэдхэн мөнгөн тоонд бүү анхаарлаа хандуулаарай. Би мөнгө авлаа гээд баярлахгүй байна.
Хүний амь түүнээс ч илүү үнэ цэнэтэй. Эцэг хүнд үр хүүхэд шиг нь үнэ цэнэтэй зүйл гэж үгүй” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.