АВЛИГАЧИД ТӨРИЙН ЖОЛООГ АТГАЛЦСААР БАЙГАА Ч “АРД ТҮМНИЙ САНАХ ОЙ НЭН СЭРГЭГ” ГЭДГИЙГ САНУУЛЬЯ !
Авлигачид төрийн жолоог атгалцсаар, хууль батлалцсаар байна... Хуулийн байгууллагад шалгуулж буй гишүүдийн нэг нь Ж.Эрдэнэбат. Түүний хэргийг прокуророос дахин хянаж байгаа.Учир нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр хоёр шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял оноосон боловч Дээд шүүхээс хэргийг нь прокурорт буцаачихсан учраас тэрээр батлан даалтаар шоронгоос гараад, төрийн ордондоо заларсан.Түүний хэргийг нь прокурор хэзээ хянаж дуусаад, хэзээ дахин шүүхэд шилжих эсэх нь тодорхойгүй ч түүнд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх хэрэгжээд эхэлсэн. УИХ-ын гишүүн Б.Бейсенг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн эмч нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт татан шалгаж эхэлсэн. Энэ хэрэг үүссэнээс жил гаруй болж байгаа ч хэрэг нь шийдэгдээгүй бөгөөд олон оролцогчтой хэрэг учраас Ховд аймгийн прокурорын газраас хүч татан хянаж байгаа бололтой. Нийт 59 хүнийг Эрүүгийн хуульд заасан хахууль авах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа бол Б.Бейсенд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа аж. С.Одонтуяаг авлига, албан тушаалын хэргээр шалгаж байгаа. Саяхан Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн Б.Төрбаяр нар хахуулийн хэргээр ял сонссон. Тэднийг Авлигын эсрэг болон Гаалийн тухай хууль зөрчиж, 2020 оны аравдугаар сард БНСУ-аас манай улсын хилээр импортлон оруулж ирсэн гурван чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан байцаагч нартаа нөлөөлж, татварыг хөнгөлүүлэн Б.Төрбаярт давуу байдал бий болгосон хэрэгт буруутгасан. Тэгвэл тус газрын орлогч даргаар ажиллаж байсан О.Цогтбаатарын утас руу УИХ-ын гишүүн С.Одонтуяа зурвас бичиж Эрдэнэчимэг гэх найзынхаа импортолсон хуучин хувцаснаас авах гаалийн татварыг хөнгөлүүлсэн төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ төлбөргүй тараасан гэх үйлдлийг тусгаарлан, АТГ-т шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж байгаа гэхдээ маш удаашралтайгаар.АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймагт очиж Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийсэн бөгөөд түүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Түүнчлэн хэрэгсэхгүй болгоод байсан ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, улсад 276 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг нь прокурорын хүсэлтийн дагуу сэргээн шалгаж эхэлжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгуулж байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд холбогдох ЖДҮДС-гаас зээл авсан асуудал хуулийн байгууллага шалгасаар байна. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутгасан.Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-аас хоёр тэрбум төгрөг авсан. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан нь жилийн хэдэн тэрбум төгрөгийн орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон аж. Тиймээс АТГ-аас Х.Болорчулууныг хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс гадна сангаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэргээр шалгаж байгаа. Ийнхүү намрын чуулган нээсэн энэ цаг үед хуулийн байгууллагаар шалгагдаж буй эрх мэдэлтэн албан тушаалтан их хурлын гишүүдийн мэдээллийг нэхэн санууллаа. Хариуцлага нэхэх шаардлагатай бөгөөд учир нь “Ард түмний санах ой нэн сэргэг”.