НҮХЭН ЖОРЛОНД НЭГ ЖИЛ ГАРУЙН ДАРАА ХҮНИЙ ЦОГЦОС БАЙГААГ ХАРСАН ГЭДЭГ НЬ ХАЧИРХАЛТАЙ АСУУДАЛ ЮМ

Өнгөрсөн зун 2020 оны долдугаар сарын 31-нийн оройн 22:35 цагт Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Мэлхий хадны ойролцоох “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс иргэн Б.О 25 настай эмэгтэй ор сураггүй алга болж цагдаа, онцгой байдлын олон алба хаагчид болон ард иргэд, гэр бүлийнхэн нь хамтарч Тэрэлж орчмыг бүтэн самнаж хайсан ч түүнийг олоогүй билээ.Тэгвэл бүсгүйн цогцос нэг жил гаруйн дараа буюу энэ аравдугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд нүхэн жорлонгоос олдсон байж магадгүй байна. 

Учир нь ЦЕГ-аас "Б.О бүсгүйн цогцос мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна" гэж мэдэгдсэн. Тодруулбал, цогцос олдсон гэх өдөр 17:30 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд “Налайх дүүргийн 6 дугаар хороо, Ээлтэй гэх газар цогцос байна” гэсэн дуудлага иржээ. Ингээд Налайх дүүргийн алба хаагчид болон мэргэшсэн шинжээч, прокурор зэргийг оролцуулан үзлэг хийж 4 метрийн гүнтэй модон жорлонг эвдэж цогцсыг гаргасан байна. Мөн хэргийн газраас эд мөрийн баримтаар, футволк, өмд цамц, дотуур хувцас тус бүр нэг ширхэг,оймс, гутал тус бүр нэг хосыг хураан авжээ. Хачирхалтай нь, цогцос “бясалгалын төв”-ийн хажуу хашааны айлын нүхэн жорлон биш тус төвийн жорлонгоос олджээ. Мөн нүхэн жорлон нь төв замын хажууханд юм байна. Б.О бүсгүй алга болсон өдрөө ээжтэйгээ утсаар ярьж, “Намайг ирж аваарай” гэж дуудсан байдаг. Ингээд 22:35 цагийн үед “ээж ирчих шиг боллоо” гэсээр гарч яваад, эргэж ирээгүй гэдэг. Харин 2020 оны наймдугаар сард 100 гаруй цагдаа, онцгой байдлын албан хаагч Тэрэлжийг самнаж, хил гаргасан, хүн авч явсан зэрэг олон таамгийг дэвшүүлж, байж болох бүхий л газрыг үзсэн гэсэн атал яагаад ойролцоох нүхэн жорлонд үзээгүй нь хачирхалтай. Эсвэл гадны нөлөөтэй ч байж болзошгүй юм.Тэгэхээр тус газар “хаяг”-аа авсан ч бясалгалын төв, цагаан хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй байгаа юм. Харин тус газрын нүхэн жорлонд нэг жил гаруйн дараа хүний цогцос байгааг харсан гэдэг нь бас л хачирхалтай байгаа юм. Учир нь тус нүхэнд хүн хөл алдаж унасан гэхэд маш жижиг, тойрог хэмжээтэй юм байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.