АВЛИГА, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ДАРГА НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАСААР БАЙНА
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хууль хяналтынхан Замын-Үүдийн боомтын дарга нарт хуулийн хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд хууль, хяналтынхан нэр бүхий албан тушаалтнуудын гар утас, компьютер зэрэг мэдээлэл холбооны хэрэгслийг нь чагнаж, өөрийнх нь болон хамаарал бүхий этгээдийнх нь дансны мэдээллийг цуглуулж гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Харин гүйцэтгэх ажиллагааны үр дүнд “БНХАУ-ын Эрээн хотоос Монголын хил рүү ачаа, бараа оруулдаг компани, хил, гаалийн нэр бүхий албан тушаалтнуудтай сүлбэлдэж авлига авдаг байсан байж болзошгүй” зөрчил илэрсэн байдаг. Улмаар хууль хяналтынхан “Хил дээрх төрийн үйлчилгээ, ачаа тээврийн хөдөлгөөний царцсан шалтгаан авлигачдаас үүдэлтэй болохыг гүйцэтгэх ажиллагааны явцад илрүүлсэн” гэдгээ Засгийн газарт танилцуулж байсан. Үүний хүрээнд хууль, хяналтынхан Замын-Үүдэд очиж төрийн байгууллагын нэр бүхий дарга нарыг баривчилж, орных нь хүмүүсийг тэр дор нь томилсон. Тодруулбал, ·Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог үүрэгт ажлаас нь чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг, ·Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, В.Намхайнямбууг, ·Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Сүхбаатарыг, ·Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг, ·Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, Х.Уранбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дээрх дарга нарыг томилсон байдаг. Харин сумын Засаг дарга Б.Анхбаярыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, нэр бүхий дарга нарын хамт 48 цаг саатуулж, хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн.Харин өдгөө авлига, албан тушаалаа урвуулан ашигласан дарга нарын хэрэг юу болсон талаар Улсын прокурорын ерөнхий газраас тодруулахад “Тэдэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа” хэмээн хэвлэлийхэнд хариулж ам таглаж аргацааж байгаа бололтой.