ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ХИЛЭЭР СААДГҮЙ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ ӨРГӨН БАРИХ НЬ ЗӨВ ҮҮ???

Удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дунд цэргийн зориулалттай техник хэрэгслийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар хэлэлцэх гэж байна.

Тухайлбал: Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зөвшөөрөл авахад олон хоног зарцуулдаг аж. Үүнээс болж буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвсэг техник, сум галт хэрэглэл, бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник вагон, онгоц, авто машин гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэд зогсож олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг гэж үзжээ. Гэтэл хүнс, гоо сайхан, бусад бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах нь тэдэнд хамаагүй бололтой улс эх орондоо галт зэвсэг саадгүй, татвар төлөхгүй хилээр нэвтрүүлэх гэж үзэж байгаа нь чухам ямар бодлого цаана нь нуугдаж байна вэ? Гэх хардлага төрүүлж байгаа юм. 

Тодруулбал: Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж байгаа бөгөөд тус Хуулийн төслийн агуулга нь цэргийн зориулалттай техник хэрэгслийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх тухай юм байна.

Сүүлийн жилүүдэд манай улс агаарын цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн техник, хэрэгслийг хүлээн авч байгаа ажээ. Удахгүй БНХАУ, ОХУ, БНЧУ-аас 40 орчим тэрбум төгрөгийн сум, галт хэрэглэл, техник хэрэгсэл авахаар болжээ. Түүнээс өмнө зэргийн зориулалттай техник хэрэгслийг хилээр нэвтрүүлэх процессыг хялбарчлах шаардлагатай гэж үзжээ.


Мөн манай улс олон улсын чанартай цэргийн хээрийн сургуулилт, дадлагыг сүүлийн 20 гаран жилийн хугацаанд нутагтаа тогтмол зохион байгуулжээ. Эдгээр хээрийн сургуулилт, дадлагад оролцохоор ирсэн улс орнуудын техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд хүндрэл үүсэж, хугацаа алддаг байна. “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна” гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхой мөнгөн дүнг байршуулах шаардлагатай болдог ажээ. Манай улсад зохион байгуулж буй цэргийн сургуулилтад оролцохоор ирсэн улс орнуудын техник хэрэгслийг хилээр нэвтрүүлээд буцаахын тулд Төрийн сангийн тусгай дансанд түр мөнгөн хөрөнгө байрлуулахыг шаарддаг гэсэн үг. Тухайлбал, 2021 онд зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ-ын хамтран зохион байгуулсан “Сэлэнгэ-2021” цэргийн хээрийн сургуульд оролцсон ОХУ-ын техник хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийн тулд Гаалийн тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд 600 сая төгрөгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулах шаардлагатай болжээ. Тиймээс хууль санаачлагчид Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж дээрх хүндрэлийг арилгах нь зүйтэй гэж үзжээ. Уг хуулийн төслийг удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Манай улсад цэргийн зориулалттай техник хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлдэг болох нь чухамдаа хэнд ямар ашигтай вэ? Үүнээс чухал тулгамдаад байгаа асуудлуудыг хэн, хэрхэн шийдэх вэ?

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.