2050 ОН ГЭХЭД ЭДИЙН ЗАСАГ 10 ДАХИН НЭМЭГДЭЖ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ТЭРГҮҮЛЭХ ҮЕД МОНГОЛ УЛС ОЛИМП ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖ ГАРНА

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дараах асуултыг тавив.

“2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар явж байсан спортын магадлан итгэмжлэгдсэн клубүүдээр үйлчлүүлбэл ЭМД-аас дэмжлэг, олговор олгох байсан заалт хасагдаж, 2021 оноос хэрэгжихгүй болсон. Эрүүл мэнддээ анхаарснаар эмнэлгээр үйлчлүүлэхгүй байж ЭМД-ын үр шимийг хүртэх хөшүүрэг болсон энэ заалт хасагдсан. Одоо суманд спорт заал, соёлын төв бариулах гэхээр сумын иргэдийн нийгмийн асуудал дараагийн асуудал, Улаанбаатарынх нэгдүгээр асуудал болоод байна.

Тиймээс ЭМД-ын сангаас иргэдэд спортоор хичээллэхэд нь дэмжих боломжгүй бол Эрүүл мэндийг дэмжих сангийн журамд өөрчлөлт оруулах боломж байна уу?” гэдгийг асуулаа.

ЭМДС-нд импортын болон дотоодын үйлдвэрлэлийн архи, тамхины татварын 1 хувийг төвлөрүүлж, жилд 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой бөгөөд төсөв батлахад ₮3 тэрбумыг хуваарилдаг талаар нэмж хэлсэн юм.

Түүний асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нар хариулав.

Ж.Ганбат: Сангийн яамны байр суурь бол иргэд энэ асуудлыг үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрсдөө даах

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулахдаа “ЭМДС-ийн зорилго өөр буюу эмчилгээ, үйлчилгээ авсныхаа төлөө даатгалаас авах зориулалттай. Даатгалаас ийм төрлийн үйлчилгээ үзүүлэх нь сангийн үйл ажиллагааны зарчимтай нийцэхгүй. Эрүүл мэндийг дэмжих сангаас ийм төрлийн арга хэмжээг санхүүжүүлэх нь зөв үү, буруу юу гэдэг асуудал яригдана. Сангийн зорилго нь хуульд бол халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх бөгөөд тус сангаас татаас, урамшуулал, тусламж олгохыг хориглоно гэсэн байгаа.

Сангийн яамны байр суурь бол иргэд өөрсдийн хариуцлагынхаа хүрээнд, үүрэг хариуцлагаа хүлээгээд өөрсдөө даах. Хоёрт, нийтийн биеийн тамирын арга хэмжээний хүрээнд зохицуулбал гэсэн байр суурьтай байгаа.

Харин энэ төрлийн үйл ажиллагааг Сангийн яам татварын талаас нь дэмжлэг үзүүлж байгаа” гэлээ.

Б.Бат-Эрдэнэ: Биеийн тамир, спорт чухал хүчин зүйл бөгөөд хөгжлийн суурийг бүрдүүлье гэж байгаа

ЭМД-аас эрүүл мэндээ хамгаалах, чийрэгжүүлэх хүрээнд фитнес клубүүдэд дэмжлэг үзүүлэх хуулийн зохицуулалт ороод үр дүнтэй байсан ч 2019 онд төсөв дагасан хуулиар ковидын нөхцөл байдлын улмаас гээд хүчингүй болгосон. Одоо сэргээх тухай ярихаар ЭМД болон ЭМДС-ийн зориулалт нь боломжгүй гэж үзэж байгаа.

Биеийн тамир төдийгүй соёл урлагийн байгууллагыг либералчлах хэрэгтэй. Бүгдийг улсын төсөв үүрэх боломжгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлээр газар, үл хөдлөх, зориулалтаар орж ирж байгаа тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх ч юм уу.

“Алсын хараа 2050” Засгийн газрын мөрийн хөтөлбөр биеийн тамир, спорт, урлаг соёлын салбараар нийгэмд эерэг хандлага бий болгоё гэж байгаа. Биеийн тамир, спорт чухал хүчин зүйл бөгөөд хөгжлийн суурийг бүрдүүлье гэж байгаа. 2050 он гэхэд эдийн засаг 10 дахин нэмэгдэж, Монгол Улс хүний хөгжлийн индексээр тэргүүлэх зэрэгт хүрнэ. Энэ үед Монгол Улс олимпыг зохион байгуулах боломж гарна” гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.