Антонио Гутерреш Монголд ирлээ

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын  Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.

 

Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр /2022.08.08/  Монголд ирлээ. Тэрбээр энэ сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.

Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өмнө нь захидал илгээхдээ НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ дэвшүүлсэн санаачилгуудыг сайшаан хүлээн авч байгаагаа онцолж, айлчлалын үеэр тэдгээр санал, санаачилгын талаар үргэлжлүүлэн ярилцана гэдгээ дурдсан байдаг.

Айлчлалынхаа хүрээнд, Монгол Улсад тулгарч буй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд 2030 он гэхэд нэг тэрбумаар тоологдох мод тарихаар зорьж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаалчилгын хүрээнд мод тарих арга хэмжээнд оролцоно. Мөн тэрбээр малчин айлд зочилж, нүүдэлчин ахуй соёлтой танилцах болно гэж НҮБ-ын ЕНБД-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн билээ.
Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоор зохион байгуулагдаж байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.