Я.Содбаатар: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд гаднын хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой хурал манай улсад болно

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 онд Монгол Улсад зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. 


Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "НҮБ-ын цөлжилттэй тэмцэх суурь конвенцод 196 орон нэгдэн ороод байна. Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон хуралд 189 орны 7,000 гаруй төлөөлөгч нар оролцсон. Уг конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар боллоо. Манай улсад болох уг хуралд үүнээс олон төлөөлөгч ирэх магадлалтай.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон орны төлөөлөгч, төр засгийн удирдлагууд ирж байр сууриа илэрхийлдэг томоохон хурлыг анх удаа эх орондоо хийхээр болоод байна. 

Энэ нь Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг гаргаж байгаа үйл ажиллагааны идэвх чармайлтыг өндрөөр үнэлж байна гэж бид үзэж байна.

Олон улсын тавцанд Монголчууд өөрсдийгөө сурталчлах, цөлжилттэй тэмцэж байгаа өнөөгийн нөхцөл байдлаа олон улсын түвшинд гаргаж тавьж, үнэн зөвөөр ойлгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр гаднын хөрөнгө оруулалтыг татах, техник технологийг нэвтрүүлэхэд уг хурлын гол ач холбогдол оршиж байгаа. Бэлтгэл ажил их чухал" гэлээ. 


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Тавдугаар сарын 9-20-ны хооронд явагдсан цөлжилтийн эсрэг конвенцод Монгол Улс албан ёсны гишүүн орныхоо хувьд оролцоод ирлээ. Сая 15 дугаар дээд хэмжээний уулзалт амжилттай болсон. 16 дугаар хурлын хувьд Саудын Араб улс зохион байгуулна. Амьдралын эх нь газар гэсэн уриатайгаар энэ удаагийн хурал амжилттай зохион байгуулагдсан. 

Цөлжилт хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болоод байгааг дэлхийн бүх орны төлөөлөгч нар илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний талаар бид ярилцсан. Энэ нь зөвхөн мод тарьж ургуулах тухай асуудал биш. Хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хийгдэж байгаа маш том агуулгатай ажил юм. 17 дугаар хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахын тулд хичээн ажиллах болно. Өнөөдрөөс ажлын хэсгээ байгуулж, COP17-г амжилттай зохион байгуулахын тулд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, хөрсний судалгаа, чийгшилтийн асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай" гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.