ПРОКУРОР Н.ТҮВШИНБАЯРТ 19 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООХ САНАЛ ГАРГАВ

Шүүх хуралдаан хэсэг завсарласны дараа прокуророос яллах дүгнэлтээ танилцууллаа. Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх санал гаргаж, хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хохирогчдын өмгөөлөгчдөөс санал гараагүй байна.  

Харин шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Тодорхой хэмжээнд хорих ял оноох нь ойлгомжтой. Нөгөө талаас эрүүгийн хууль, энэрэнгүй зарчмыг давхар харгалзах ёстой. Хорих ялаар шийтгэгдэж болох хамгийн дээд хэмжээ 20 жил байдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэснээ хамгийн дээд хэмжээнд тулгаж байна. Хэргийн бусад нөхцөл байдалтай тохироогүй санал гэж үзэж байна.  Мөн нээлттэй дэглэмд эдлүүлэх зэргээр бусад нөхцөл байдлыг харгалзаж үзэж шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна" гэв.


Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулсан үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр амь насаа алдсан.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдээд буй.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.