БАЯНГОЛЧУУД #ЗӨӨЛНӨӨР_ХАРЬЦАЖ_ЗӨВӨӨР_ҮЛГЭРЛЭЕ! УРИАЛГАД НЭГДЛЭЭ
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээг нээж дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: “Хүүхдүүд зорилгодоо тууштай байх, аливаа асуудал бэрхшээлийг даван туулах өөрийн арга барилаа олох мөн төгсөх шалгалтаа амжилттай өгч сонгосон мэргэжилдээ хичээн суралцах талаар бие биедээ хуваалцах, үе тэнгийнхнээсээ суралцах боломжийг олгосон хүүхэд хүүхдийнхээ төлөө, сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн хүрээнд Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлж эерэгээр нөлөөлж төр, хувийн хэвшил, иргэд бүх талаас хамтарч ажиллахыг уриалъя. Бид эрх зөрчигдсөний дараа биш урьдчилан сэргийлж хамтдаа шийдэх боломжтой. Сургуулийн орчинд дарамт дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, таслан зогсоохын тулд эдгээр үйлдэгч хүүхдэд хийж байгаа үйлдэл нь хэвийн зүйл биш, хүчирхийллийн нэг хэлбэр цаашилбал гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг ойлгуулан таниулах шаардлагатай төдийгүй цахим орчин дахь дээрэлхэлт, бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд анхаарцгаая” гэдгийг онцлон уриаллаа. Тус аян нь хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчилах, тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний үеэр Хүүхдийн төлөө аяны хүрээнд сургууль, цэцэрлэгүүдээр аялах Бамбарыг 40-р сургуулийн захирал Б.Балганд хүлээлгэн өглөө. Хамтдаа: Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр хандах Хүүхдэдээ аливаа зүйлийн учир утгыг зааж тайлбарлах Хүүхдийнхээ юу бодож сэтгэж байгааг мэдэж ойлгох Тэдний бие даасан байдлыг хөхүүлэн дэмжих Хийж буй зүйлд нь хяналт тавьж зөвлөх зэрэг хүмүүжлийн эерэг аргыг хэрхэн оновчтой сонгож ашиглах тухай эцэг эхчүүдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлцгээе.